-АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарт шүүх 2-2,4 жил ял оноолоо. АТГ-ын даргыг УИХ-аас томилдог. АТГ одоо удирдлагагүй байна. УИХ энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Шүүхийн шийдвэр одоогийн байдлаар УИХ-д ирээгүй байна. Тэгэхээр одоогоор УИХ-аас ямар нэг байр суурь илэрхийлэх болоогүй гэсэн үг.
-УИХ-ын дарга өнөөдөр /өчигдөр/ АТГ-ынхныг хүлээж авч уулзсан шүү дээ. Тэр үед энэ асуудал яригдаагүй юу?
-УИХ-ын дарга АТГ-ын дөрвөн хэлтсийн даргыг хүлээж авч уулзсан. Уулзахдаа тус газрын дарга нар шүүхээр эрхээ хасуулснаас шалтгаалан ажил цалгардуулахгүй байх, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, авлигатай хийх тэмцлээ цалгардуулахгүй байх талаар зөвлөмж өгсөн. Өөр зүйл яриагүй.
-АТГ-ын дарга, дэд дарга нар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон юм чинь оронд нь үүрэг гүйцэтгэгч томилох ч юм уу, ямар нэг байдлаар шуурхай арга хэмжээ авах ёстой биш үү?
-УИХ-ын даргад тийм эрх үүрэг байхгүй шүү дээ. Энэ асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой.
-Шүүхийн шийдвэр гарсан юм чинь АТГ-ын дараагийн дарга, дэд дарга нарыг томилох ажлыг УИХ яаралтай шийдвэрлэх ёстой биш үү?
-Өмгөөлөгчдийнх нь ярьж байгаагаар бол Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нар давж заалдах юм байна гэж ойлгосон. Тэгэхээр шүүхийн эцсийн шийдвэрийг УИХ хүлээх ёстой байх.
-Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатанд хэвээр батлагдвал УИХ тэр хүмүүсийн ажлыг шууд авах уу? Хуулийн ямар процедураар явах ёстой вэ?
-Шүүхийн эцсийн шийдвэрийг урьдчилан таах боломжгүй шүү дээ. Тиймээс эцсийн шийдвэр гарсны дараа л энэ асуудлыг ярина.
-Өмнө нь Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос тавихад УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаалттай хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэдэг шийдвэр гаргаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр энэ хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн нь үнэн байна гэж үзээд ял оноочихлоо. Хууль зүйн байнгын хорооны өмнөх шийдвэр зөв байсан гэж та үзэж байна уу? Эсвэл танай намын бүлгийн шийдвэрээс үүдсэн “улс төрийн хамгаалалт” байв уу?
-Би тэр үед Хууль зүйн байнгын хорооны дарга байгаагүй, байнгын хорооны гишүүний хувиар хуралдаанд оролцсон. Байнгын хорооны шийдвэрийг олонхиороо гаргасан учраас зөв, буруу гэдэг дээр би тайлбар хийхгүй.