“Сухой супержет” хад мөргөжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Сухой супержет” хад мөргөжээ

Индонезид өчигдөр алга болсон Оросын “Сухой супержет” онгоц өндөр ууланд хад мөргөж осолдсоныг хиймэл дагуулаас авсан зургаар тогтоосон байна. Онгоц юу ч үгүй болтлоо сүйдсэн нь нисдэг тэрэгнээс авсан зурагнаас харагдаж байжээ.  Ослын газарт эрлийн багийнхан ажиллаж байгаа боловч онгоцонд байсан зорчигчид болон хөлгийн багийнхан амьд үлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. “Сухой супержет” онгоц Салак хэмээх галт уулын хадан цохиог мөргөж сүйдсэн талаар Индонезийн албаны хүн телевизээр мэдээлжээ. Онгоцонд 47 зорчигч сууж явсан, дээр нь нисгэгчдийн баг нь найман гишүүнтэй, нисэх багийнхан бүгд орос хүмүүс байжээ. Тэдгээрийн дунд техникч, Индонезийн иргэний агаарын тээврийн компанийн төлөөлөгчид, сэтгүүлч нар байсан гэнэ. Онгоцноос сураг тасарсны дараа эрлийн баг гаргасан боловч хүчтэй салхи, өтгөн манан татсан нь эрлийн ажилд саад учруулсан юм.

Индонезийн албаны хүн ослын талаар албан ёсоор мэдээлсний дараа онгоцонд зорчиж явсан хүмүүсийн ар гэрийнхнийг цуглуулж, ДНК-ийн шинжилгээ авч эхэлжээ.

“Сухой супержет” өчигдөр орон нутгийн цагаар 14:00 үед Жакарта хотын Халим Перданакусума нисэх онгоцны буудлаас хөөрчээ. Гэвч онгоц хөөрснөөс хойш 50 минутын дараа радарын дэлгэцэнд харагдахаа больж, сураг тасарсан байна. Энэ өдөр “Сухой” онгоцны үйлдвэр иргэний агаарын тээвэр улам хүрээгээ тэлж буй Индонезид 100 зорчигч тээвэрлэх 42 ширхэг агаарын тээврийн онгоц худалдахаар туршилтын нислэг үйлдэж байжээ. Хүн амын тоогоор дэлхийн дөрөвдүгээрт бичигдэж буй Индонезид сүүлийн жилүүдэд дундаж давхарга нэмэгдсэнээс иргэний агаарын тээврийн зах зээл өргөжих болсон гэдэг.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж