Улаанбаатар хотоос 850 км зайд орших Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд өнгөрөгч долоо хоногт банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкны тооцооны төвийн нээлтийн ажиллагаа болж тус сумын ард иргэд банкны хамгийн шилдэг үйлчилгээг хүртэх боломжтой боллоо.
Уул уурхайн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхээс гадна алслагдсан аймаг орон нутгийн иргэдэд банк санхүүгийн үйлчилгээг хүргэхийн чухлыг тус банкны удирдлагууд нээлтийн арга хэмжээний үеэр онцолж байлаа.
Гурван Тэс сумын нутаг дэвсгэрт орших Овоот толгойн нүүрсний орд газарт олборлолт явуулж буй SouthGobi Sands компани Голомт банкны үнэ цэнэтэй харилцагчдын нэг бөгөөд дээрх хоёр байгууллага “Монголын Бизнес Инкубаторын Үндэсний Нэгдсэн Холбоо”-той хамтран тус сумын бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэхээр төлөвлөж буй хүмүүст зориулан “Бизнес эрхлэлт хамтдаа” сургалтыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм.
Салбар сүлжээнийхээ тоог өргөжүүлэн тэлсээр буй Голомт банк Гурван Тэс суманд шинэ тооцооны төвийнхөө үүд хаалгыг нээсний дараа Өмнөговь аймгийн Ханбогд суманд мөн салбар нэгжээ шинээр нээжээ.