“Хүрэл тулга” наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“Хүрэл тулга” наадам боллоо

Монголын хүүхдийн ордон, Утга зохиолын ажилтны дээд сургууль, Монголын зохиолчдын эвлэл, Монголын үндэсний телевиз хамтран хоёр жилд нэг удаа өсвөрийн яруу найрагч шалгаруулах “Хүрэл тулга” улсын наадмыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадам болж шилдгүүдээ тодрууллаа. Тус наадмыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд Монголын хүүдийн ордонд болж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Наадамд аймаг, нийслэлийн 50 хүүхэд дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд өрсөлдсөн байна. Наадмын шүүгчээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Д.Давааням, зохиолч, яруу найрагч О.Сундуй, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, Ш.Лхамноржмаа нар ажилласан юм. Наадмын дунд шатанд 25 хүүхэд өрсөлдсөнөөс шилдгийн шилдгээр нийслэлийн Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч Г.Ану, тэргүүн байр буюу алтан медалийг Төв аймгийн Алтанбулаг сумын сургуулийн есдүгээр ангийн сурагч Х.Жадамбаа, мөнгөн медалийг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын есдүгээр ангийн сурагч М.Анхбаатар, хүрэл медалийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сурагч А.Лхамдулам нар хүртлээ. Ахлах насны ангилалд шилдгийн шилдгээр нийслэлийн 97 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Бэгнүүтэй, алтан медалийг Хөвсгөл аймгийн 10 дугаар ангийн сурагч М.Алтаншагай, мөнгөн медалийг Архангай аймгийн Чулуут сумын есдүгээр ангийн сурагч Г.Буяннэмэх, хүрэл медалийг Төв аймгийн Бүрэн сумын есдүгээр ангийн сурагч Ж.Саранзаяа нар тус, тус хүртсэн байна. Энэ удаагийн наадамд хүүхдийн зохиолч Д.Даваанямын өвөг эцэг болох Өндөр Гонгорын нэрэмжит “Өндөр өвөө” шагналыг бий болгож, шилдэг өсвөрийн яруу найрагчид гардууллаа. “Өндөр өвөө” шагналын анхны эзнээр Хэнтий аймгийн есдүгээр ангийн сурагч Б.Алтанхуяг тодорлоо.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж