Авлигачдыг халж, эмэгтэйчүүдийг дэмжье

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Авлигачдыг халж, эмэгтэйчүүдийг дэмжье

Архины үйлдвэртэй, хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хүний УИХ-д нэр дэвших эрхийг хасах тухай тодорхой санал санаачилга гарч, иргэдийн дэмжлэгийг хүлээж байсан билээ. Тэгвэл энэ дэвшилтэт үзэл санааны тулганд нэгэн цучил болгож, авлигын хэрэгт нэр холбогдож байсан хүний УИХ-д нэр дэвших эрхийг хасах, сонгохгүй байх уриалгыг гаргаж байна. Ингэх олон шалтгаан байгаа юм.

УИХ гэмт хэрэгтнүүдийн хоргодох газар биш   

Яг одоогийн байдлаар УИХ-ыг “шоронд суух нь гарцаагүй болсон авлигачдын сүүлчийн хоргодох газар” гэж харж болохоор байна. УИХ-ын 76 гишүүний дөрөв нь өнгөрсөн дөрвөн жилд энэ асуудлаар шүүхийн хаалга татаж, АТГ-т шалгагдсан гишүүдийн тоо ч цадигаа алдлаа. “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн өмч хувьчлалын луйвар хийсэн, авлига авч, өгсөн 40 гаруй гишүүдийг баримттайгаар АТГ-т мэдүүлж шалгуулах хүсэлт гаргасан тул гишүүдийн олонх нь АТГ-т шалгагдаж байгаа гэсэн үг.   

Намууд сонгуульд нэр дэвшүүлэх боловсон хүчнийхээ нэрсийг зарлах болоогүй ч үнэн байх өндөр магадлалтай гэх нэрсийн жагсаалт олон нийтэд ил болоод байгаа. Авлигатай нэр холбогдож байсан бизнесмэн, УИХ-ын гишүүд энэ жагсаалтын дийлэнхийг бүрдүүлжээ. Хамгийн эхний тойргоосоо эхлээд л “но”-той нөхөд байна. Товчхондоо парламентын дээвэр дор хоргодохгүй л бол “дээлээ нөмрөх” улстөрч нэртэй авлигачид хэт олон болжээ. Зүй нь, тэдний парламентад сонгогдох эрхийг нь хасч байгаад сайтар шалгах хэрэгтэй. Ард түмний эрх ашиг үүнийг хүсч байгаа юм. Тэгээд ч энэ сараас Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуульд “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн зүйл бий. Хэрвээ иргэд энэ удаагийн сонгуульд урьд өмнөх шигээ хариуцлагагүй хандаж, одоогийн эрх баригчдыг энэ хэвээр нь сонговол хууль хэрэгжих боломжгүй болно. Сайнаар бодоод хууль хэрэгжлээ гэхэд УИХ гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсээр байгаад бүрэн эрхийн хугацаагаа дуусгах магадлал өндөр. Тиймээс хуульд заасанчлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн олон хүн парламентад орж ирвэл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх ч боломжгүй болох магадлал бий.  
  
Тэгээд хэнийг сонгох вэ?

Тойрог болгонд 2-3 авлигач нэр дэвшээд байхад бид чинь хэнийгээ дэмжих вэ гэж уншигч та гайхаж магадгүй. Тэгвэл үүнд тохирох хариулт байна. Эмэгтэйчүүдээ л дэмжицгээе. Эмэгтэй улстөрч авлига, хээл хахуулийн хэрэгт орооцолдож байсан түүх Монголд байхгүй. Тэгсэн атлаа өнөөдөр эрх барих дээд байгууллагад эмэгтэйчүүд хэт цөөн байна. Улс орны эдийн засаг өсч байгаа хэдий ч ард түмэн ядуурсаар байгаагийн гол шалтгаан чухам энэ ч байж магадгүй. Төрийн захиргааны бүх шатанд шийдвэрлэх эрх мэдлийг атган суугаа эрчүүд, тэр тусмаа УИХ-ын эрхэм гишүүд хүүхдээ өнчрүүлж, учир мэдэхгүй залуу бүсгүйчүүдээр зугаагаа гаргаж байгаа гэсэн мэдээлэл өдөр болгон шахам олон нийтэд цацагдаж байна. Өөрийн хамгийн эрхэм нандин өмч болох үр хүүхдээ өнчрүүлж байгаа хүмүүс ард түмний эрх ашгийг хамгаалж чадах уу.

“Төр бол эцэг, ард түмэн бол хүүхдүүд” гэсэн зүйрлэл бий. Тэгвэл Монгол Улс өнөөдөр эхгүй хагас өнчин өрөвдөлтэй хүүхэд болж хувирчээ. Үр хүүхдээ өлсгөлөн орхиж, архи дарс, найр цэнгэл эргүүлээд явдаг эцэг олон бий. Яг одоо ийм байдал Монголын төрд харагдаж байна. Харин эх хүн үхтлээ үр хүүхдийнхээ төлөө зүтгэсээр дуусдаг. Энэ бол эмэгтэй хүн бүрт байгалиас заяасан төрөлх чанар. Гэхдээ эхгүй юм уу, эцэггүй аль, аль тохиолдолд үр хүүхэд бүтэн жаргаж чадахгүй. Эцэг, эхтэй байж л элэг бүтэн жаргана. Бас нэг энгийн зүйрлэл. Гэр бүл бол төрийн үндэс, нийгмийн байгууллын анхан шатны нэгж гэсэн үг бий. Энэ үг үнэн бол гэр бүлийн мөн чанар төрийн дээд шатны байгууллагад ямар нэг хэмжээнд хадгалагдах ёстой. Парламент, Засгийн газар болон бусад төрийн эрх барих дээд төвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоог эрчүүдийнхтэй зэрэгцүүлж байж л энэ зорилтыг хангах юм. Өөрөөр хэлбэл, парламентад 30-аас доошгүй эмэгтэй гишүүд орж ирэх ёстой. Тэгсэн цагт Монголын төр бохир улстөрчдөөсөө сална, ард түмэн элэг бүтэн болно. Чухам энэ бүх эерэг талуудыг урьдчилан харсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би эмэгтэйчүүдэд итгэнэ” гэж дуу алдсан биз.

Эмэгтэйчүүдийн үүрэг Монгол болоод дэлхий нийтэд…

Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхлээд нэгэн зууныг элээжээ. Одоогоос 101 жилийн өмнө эмэгтэйчүүд эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө эрчүүдэд эд бараа мэт худалдагдаж, дарлагдан зовсон ч энэ тухайгаа илэрхийлэх эрхгүй байв. Харин зориг гарган дуу хоолойгоо илэрхийлж, тэмцэж эхэлснээс хойш тэд бага багаар амжилт олсоор өнөөдрийг хүрчээ. Эрчүүдтэй хийсэн энэ урт удаан хугацааны тэмцэлд хадан дээрээс түлхүүлэх, үй олноороо торны цаана суух, тэр ч бүү хэл амьдаараа шатаалгах зэргээр зовсон ч эрх мэдлээ тодорхой хэмжээгээр ахиулж чадсан байна. Тэд 100 жилийн өмнө сонгуульд ч оролцох эрхгүй байсан бол өдгөө зарим нэг оронд парламентын гишүүдийн дийлэнхийг эзлэн суух болжээ.

Харин манай улсад хүйсийн тэгш эрхийн талаархи ойлголт харьцангуй хожуу орж ирсэн ч богино хугацаанд амжилт олжээ. Гэвч сүүлийн 20 жилийн дотор хүрсэн өндөрлөгөөсөө огцом уруудсаар ялагдах хэмжээнд хүрээд байгаа юм. Өнөөдөр орон нутгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нарын 16.2, төлөөлөгчдийн 30.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын 71.7, улс төрийн албан хаагчдын 22 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл үргэлж буурсаар ирлээ. Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх  хувийн жин 1992 онд 3.9, 2000 онд 12, 2004 онд 6.6, 2008 онд 3.9 хувьтай байж, сүүлийн 10 жилд тогтмол буурчээ. Ардчилал шинэчлэлийн үйл явц эхлэхээс өмнөх үед эмэгтэйчүүдийн төрийн байгууллага дахь удирдлагын оролцоо 23-25 хувь байсантай нь харьцуулбал ухралт болсон гэдгийг дээрх үзүүлэлтүүд харуулна. Дэлхийн 187 орны хууль тогтоох байгууллагыг хамруулсан судалгаанаас харахад, дэлхийн улс орны парламент дахь эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлт 17,9 хувь байдаг аж.

Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ямар төвшинд байдаг талаар Европын холбоо нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Норвеги улсын тэргүүлэх компаниудын 40 орчим хувийг эмэгтэйчүүд атгаж байгаа нь энэ салбарт хамгийн их амжилт олсон үзүүлэлт болжээ.  Европ тивийг бүхэлд нь авч үзвэл томоохон 10 компани тутмын нэг нь эмэгтэй захиралтай байгаа аж. Гэхдээ энэ тоо цаашид өсөх бүрэн боломжтой. Учир нь энэ чиглэлээр их дээд сургуульд суралцагч, 2010-2011 онд элсэн суралцагчдын тоо эрчүүдээс хамаагүй их буюу 60:40 гэсэн харьцаатай байна. Энэ үзүүлэлт манай өмнөд хөршид хамгийн их буюу бүх элсэгч, суралцагчдын 63 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй зүүн Европын Румын, ОХУ, Украин зэрэг оронд 50-иас дээш хувьтай гарчээ.

Харин парламентын төвшинд аваад үзвэл Руанда, Швед, Өмнөд Африк, Аргентин, Германы эмэгтэйчүүд амжилтад хүрсэн байна. Эдгээр орны парламентад эмэгтэйчүүдийн оролцоо 100 жилийн хугацаанд 30-аас дээш хувь болтлоо нэмэгдсэн аж. Үүний гол нууц нь “цахилгаан товчны зарчим” гэгчид оршдог байна. Эдгээр улсууд бүгд өндөр хөгжилтэй улсууд бөгөөд эндээс “эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлсэн улс хөгждөг” гэсэн дүгнэлт ч хийж болох юм.

“Цахилгаан товчны зарчим”

Сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлдэг улс орнууд парламентад суух гишүүдийнхээ нэрсийг жагсаахдаа эрэгтэй-эмэгтэй-эрэгтэй-эмэгтэй гэсэн байдлаар жагсаахыг “цахилгаан товчны зарчим” гэдэг аж. Монголын улс төрийн намууд энэ зарчмыг хэрэгжүүлбэл зөвхөн пропорциональ хувилбараар УИХ-д 14 эмэгтэй гишүүн орж ирэх магадлал байгаа юм. Гэтэл намуудын удирдлагууд эрэгтэй-эрэгтэй-эрэгтэй-эмэгтэй буюу 3:1 гэсэн зарчмаар жагсааж байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувь өмнөхөөс дээрдэхгүй гэдэг нь тодорхой. 1:1 биш юм аа гэхэд, ядаж 2:1-ийн зарчмыг хэрэгжүүлж байж л байдал арай сайжрах төлөв харагдаж байгаа юм. 

Руандачуудын аргыг хэрэглэе

Руанда улсын одоогийн парламентын гишүүдийн 57 хувь нь эмэгтэй. Ингэснээр энэ салбарт эрчүүдийг ялсан анхны улс Руанда болсон юм. Ийм амжилтад хүрсэн арга нь ч амархан. Ердөө л сонгууль өгөхдөө монголчуудын дунд байдаг “Эр хүн эр хүндээ хайртай” гэдэг ойлголтыг “Эм хүн эм хүндээ хайртай” болгож өөрчилсөн хэрэг. Манай улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Насанд хүрсэн иргэдийн дунд энэ хувь бүр ч өндөр. Тиймээс яг сонгууль өгөхдөө хүйсийн байдлаа харгалзаад эмэгтэй нэр дэвшигчийг дугуйлчихад л болно гэсэн үг юм. Хэрвээ ингэж чадвал сонгууль луйвардсан шударга болсон эсэхийг мэдэхэд ч хялбар болно.  
 

Х.БАТСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж