29 настай сэтгүүлч залууд амьдрал бэлэглэцгээе

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

29 настай сэтгүүлч залууд амьдрал бэлэглэцгээе

Сэтгүүлзүйн гал тогоонд бидэнтэй мөр зэрэгцэн эгнэн жагсч явсан Батхүүгийн Сумхүү цэл залуухан насандаа хүнд өвчний өмнө хүчин мөхөстөж яваа тухай мэдээ алс баруун хязгаараас ирлээ. Анхныхаа үрийн зулайг үнэрлэж, аз жаргалдаа умбаж явтал хоёр нүд нь юм харахаа байжээ. Хорвоод дөнгөж мэндэлсэн нялх үрээ гуравхан хоног хараад л аюулт өвчин хүнд үедээ орсныг мэдсэн байна. Эмч нар түүнд бөөрний дутагдал нь хүндэрч бусад эрхтэндээ нөлөөлснөөс болоод хоёр нүд нь юм харахаа больсон гэсэн онош тавьжээ. Хэрэв бөөрөө яаралтай солиулахгүй бол амь насанд халтай гэдгийг ч хэлсэн байна. Монголд эрхтний донорын харилцааг зохицуулсан хууль байхгүй учраас өмнөд хөршид бөөр солиулах мэс засал хийлгэхэд дор хаяж 40 сая төгрөг шаардлагатай ажээ. Ийм хэмжээний мөнгийг халааснаасаа гаргаад төлчих гэр бүл Монголд хэд байгаа билээ. Хоног хугацаа өнгөрөх тусам Б.Сумхүүгийн биеийн байдал улам дордож байгаа учраас ар гэрийнхэнд нь ямар хэцүү байгааг үгээр илэрхийлэхийн арга байхгүй. Монголчууд бол зовох цагт нөхрийн чанарыг таниулж чаддаг ард түмэн. Гуравхан сартай нялх үрдээ “аав” гэж дуудуулж үзээгүй, гучин насны босго алхаж амжаагүй энэ залууд халуун сэтгэлийн өгөөмөр хандив өргөж, амьдрал бэлэглэхийг халуун сэтгэлт хүн бүрээс хичээнгүйлэн хүсч байна. Үзэг нэгт нөхөртөө тусламжийн гараа сунгахыг сэтгүүлч нөхдөдөө уриалъя. Б.Сумхүү 1982 онд Ховд аймагт төрсөн, 2000-2004 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж сэтгүүлзүйн гал тогоонд анхлан хөл тавьжээ. 2006-2008 онд SBN телевизид сэтгүүлч, мэдээний сурвалжлагчаар ажиллаж байгаад 2008 оноос” ХоТВ”  телевизид сэтгүүлчээр ажилласан байна. 2010 онд “Ховдын Долгио” сониныг үүсгэн байгуулжээ. Түүнд халуун сэтгэлийн тусламж үзүүлэхийг хүсвэл 99439618, 99999943 тоот утсанд хандаж болно. Хандивыг Хаан банкны 5845439348 тоот дансаар хүлээн авах юм байна.

Б.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж