
Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ЮНИДО-гоос үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Ерөнхий сайд С.Батболд товч мэдээлэл өглөө. Монгол Улсын эдийн засаг хурдтай, эрчимтэй хөгжлийн замд орж байна. Эдийн засаг өнгөрсөн онд 17,3 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний олборлолт эрчимтэй өсөж, экспортын хэмжээ нэмэгдсэн нь энэ өсөлтөд нөлөөлсөн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд уул уурхайн салбарын хөгжлийн зэрэгцээ эдийн засгаа төрөлжүүлэн орлогын эх үүсвэртэй болох, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, дэд бүтэц, банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгаа гэдгийг дурьдлаа.
Монгол хүн бүрийг ажлын байртай болгох, үүний тулд шинэ аж үйлдвэржилтийн бодлого явуулах зорилт тавиад байгаагаа хэлээд энэ зорилтыг хэрэгжүүжлэхэд ЮНИДО-гийн дэмжэг туслалцаа чухал болохыг Засгийн газрын тэргүүн С.Батболд чухалчилж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг цаг зав гарган уулзсанд ЮНИДО-гийн ерөнхий захирал, ноён К.Юмкелла талархаад энэ айлчлалынхаа үеэр Гадаад харилцаа, Хүнс, хөдөө аж ахуй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай уулзах хөтөлбөртэй гэдгээ хэллээ. Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж байгаа Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.