ШЕЗ-ийн шүүгчийг УИХ-аас санал болгоё гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн шүүгчийг УИХ-аас санал болгоё гэжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан дуусч, бүлгийн дэд дарга Су.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг багц хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Ингэхдээ хэд, хэдэн асуудлыг тусгаж өгөх ёстой гэжээ. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход  дан ганц Монгол Улсын Ерөнхийлөгч санал  болгож байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс нэмж УИХ, Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийг санал болгодог байхаар зохицуулалт тусгах ёстой гэж үзсэн байна.

Мөн бүлгээр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нараас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд чуулган өндөрлөхөөс урьтаад УИХ-аар асуудлыг оруулж “Хэлэлцэх эсэхийг нь дэмжих ёстой” гэж үзсэн аж. Эл хуулийн төслийг жилийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, дэмжсэн юм байна. Нөгөөтэйгүүр, хэзээ эл хууль батлагдах бол хэмээн олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн. Тийм учраас хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэчихсэн байхад дараагийн парламент цааш нь хэлэлцүүлгийг нь үргэлжлүүлээд явах бололцоотой гэж үзжээ.  Гурав дахь нь иргэний үнэмлэхгүй иргэдийг яаж сонгууль оролцуулах вэ гэдэг асуудал багтсан байна. Одоогоор 40 мянга орчим иргэн үнэмлэхээ гээсэн үрэгдүүлсэн гэж мэдэгджээ. Бүлгийн хувьд сонгууль болохоос өмнө буюу үлдэж байгаа нэг сарын хугацаанд иргэнээ үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэдэд түүнийг нь хэвлэж олгох чиглэлээр Засгийн газар шийдвэрээ гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шуурхай ажиллах ёстой гэж үзсэн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж