Ерөнхийлөгч ЗГ-аа шууд удирддаг байвал нийцнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ЗГ-аа шууд удирддаг байвал нийцнэ

ҮШН-ын дарга Ц.Цолмонтой ярилцлаа.

-Парламентаас гадуурх намууд сүүлийн үед хамтарч шинэ хүчин, гурав дахь хүчний орон зай, байр суурийн талаар идэвхтэй ярилцаж байна.  Үүнийг улс төрийн хүчний харьцаанд  өөрчлөлт оруулж магадгүй алхам гэж судлаачид хэлэх болж. Үйл явдлуудаас харахад УИХ-аас гадуур нэлээд хүчтэй улс төрийн хүчний үндэс суурь тавигдаж байна гэж хэлж болох уу?

-Монголд улс төрийн хүчний дахин хуваарилалт яах аргагүй хүлээгдэж байгаа. Гэхдээ бидний нэгдэж хийж байгаа уулзалт, хэлэлцүүлэг зэргийг улс орон даяар, нийт улс төрийн хүрээнд авч үзвэл дахин хуваарилалт хийж байна гэж үзэхэд арай л хангалтгүй юм. Өнөөдөр парламентын гадна байгаа улс төрийн хүчнүүд хүчээ нэгтгэх шаардлагатайг ухаарч, тийм ажил эхэлж байна. Миний ойлгож байгаагаар цаашдаа нэг хэсэг нь гаднын онолоор явъя гэсэн, нөгөө нь үндэснийхээ уламжлал, онолыг дагая гэсэн хоёр хэсэгт одоогийн улс төрийн хүчнүүд хуваагдан задарч, нөгөө талаас байр суурийн ижил дөхүүгээр нэгдэх гэх зэргээр бүхэлдээ хуваарилагдах юм бол үүнийг улс орон даяарыг хамарсан улс төрийн хүчний дахин хуваарилалт гэж үзнэ. Ийм үзэгдэл эхэлчихээд явж байна. МАХН гэж том нам байсан. Гэтэл хуваагдчихлаа. Ардчилсан намд олон урсгал бий. Гэхдээ тэнд хуваарилалт болоогүй байна. Цаашдаа зах зээл, орчин үеийнхээ нөхцөл байдлыг ойлгохын хэрээр улс төрийн хүрээнд хүчний дахин хуваарилалт явах болно.

-УИХ-ын дараагийн сонгууль дөхөж байна. ҮШН-ын хувьд МАХН-тай хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа шүү дээ?

-Манай намын хувьд өнгөрсөн 20 жилийн турш явж ирсэн улс төрийн тогтолцоо бол шилжилтийн үеийн тогтолцоо юм гэсэн байр суурь баримталж байна. Одоо үүнийгээ шинэчилж жинхэнэ Монголын сэргэн мандалтыг хангах тийм улс төрийн тогтолцоо, өнөөгийн шаардлагад нийцсэн Үндсэн хуулийг бий болгох ёстой гэж үзэж байгаа. Энэ бол манай намын гол шугам. Үүнийгээ хэрэгжүүлэх, энэ чиглэлээр ахиц гаргах, урагшлах хөдөлгөөнд бидэнтэй хамтаръя гэсэн бүх улс төрийн хүчинтэй ҮШН хамтарч ажиллаж байгаа.
Бид ямар нэг улс төрийн хүчин, ямар нэг хүнийг гадуурхахгүй, голохгүй. Монголчууд бие биеэ гололгүйгээр цөмөөрөө хамтарч улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллах ёстой юм. Бид бие биеэ дор дороо голж, муу муухайгаар нь дуудаж байна.  Гэтэл гаднаас ирж байгаа хүмүүс дунд биднээс дутахгүй алдаа дутагдалтай, шуналтай нөхөд байж л байгаа. Тэгсэн атлаа гадныхантай хамтарч ажиллаад монголчуудаа болохоор энэ тэгэхэд нэг унасан, тэгэхэд нэг алдаж байсан нөхөр гээд өө дутагдлыг нь тоочиж бие биеэсээ хөндийрүүлж хүчээ тарамдуулдаг. Энэ хооронд Монголыг гаднын хүмүүс удирдах байдал бий болохыг үгүйсгэхгүй. Энэ бол бодит байдал юм гэж үзэж байгаа.

-Танай нам үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын асуудлыг сүүлийн үед нэлээд хөндөж ярих болсон. Нэлээд тулгамдсан асуудал болохоор тэгж тусгайлан үзэж байна уу?

-Хэдийгээр олны танил сэдэв боловч өнөөдөр цоо шинэ нөхцөл байдал үүсээд байна. Үндэсний эрх ашиг л гэхэд хуучин цагт манайх харьцангуй хаалттай, нэг системд хамаарсан улс орон байсан бол одоо дэлхийд нээлттэй, дэлхийн сонирхол төвлөрчихсөн ийм улс болжээ. Улс төр, эдийн засгийн сонирхлоор Монголд орж ирж байгаа хүчин их байна. Ийм нөхцөлд үндэснийхээ эх ашгийг шинээр томъёолж, шинээр харж үзэхгүй бол 10 жилийн өмнөх хуучин ойлголт өнөөдөр таарахаа больсон. Өнгөрсөн 20 жилийг харахад Монгол Улс хөгжөөд байгаа мөртлөө монгол хүн ядуураад байдаг тийм тогтолцоо яваад байна. Үндэсний эрх ашигт энэ таарахгүй. Үндэсний эрх ашгийн хамгийн гол зүйл бол монгол хүн юм. Монгол Улс ч хөгждөг, монгол хүн ч баяждаг, дэгждэг тогтолцоонд шилжихгүй бол гаднаас олз ашиг хайж ирсэн хүн илүү баяждаг, нутаг дээрээ байгаа монгол хүн ядуурдаг байж огт таарахгүй.

-Та бол 1992 онд МАХН-аас тасарч гарч Монголын сэргэн мандалын намыг байгуулж байсан хэсэг эрдэмтний нэг. Тэр үед зөв гэж дагаж гарч байсан ардчиллын онол өнөөдөр ямраар харагдаж байна вэ. Тухайлбал, танай намын хүндэт дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан эргээд харахад гажуудсан замаар явчихсан байна гэж ярьж байсан?

-Нэг танхимтай парламенттай, бүх асуудлыг 76 хүн шийддэг ийм нэг балансгүй улс төрийн тогтолцоо, тэнцвэржээгүй ардчиллыг бид шүүмжилж байгаа. Төрийн тогтолцоо нь ядаж хоёр танхимтай, нэг нь улс төрийн намуудаас сонгогддог, нөгөө нь нийт үндэсний шинж чанараар сонгогддог гишүүдтэй байвал байдал өөр болно. Бие биеэ шүүмжилдэг, өөр өөр аргаар сонгогддог парламенттай байж л нэг нэгээ хянахгүй бол зөв ч, буруу ч ганцхан тийш хошуураад явчихдаг юм байна гэдгийг ойлгосон.  Засгийн газрын гишүүд нь давхар парламентын гишүүн байхаар бүр ч болохоо байчихаж байгаа юм.

-ҮШН нэг хэсэг Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зохистой гэсэн байр суурь баримталдаг байсан. Энэ хэвээрээ юү?

-Ерөнхийлөгч Засгийн газраа шууд удирддаг, тэгэхдээ Ерөнхийлөгч хууль тогтоомж гаргадаггүй байвал зүйд нийцнэ. Хууль тогтоох эрх мэдэл хоёр танхимтай парламентад ногдох ёстой гэсэн хувилбар Монголын нөхцөлд арай илүү тохирно гэж үздэг. Тэгэхдээ Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог зарчим хэвээрээ байх нь зүйтэй. Гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч хоёр нийлж байж парламенттайгаа тэнцвэр барьж, бие биеэ хянадаг, засгийн эрх мэдлийн тэнцвэрийг хангадаг байдал үүсэх учиртай гэж үзэж байгаа.

-Өнөөгийн сөрөг хүчингүй парламентын үйл ажиллагааг УИХ-аас гадуурх намууд яаж ажигладаг вэ?

-Сонгууль луйвар болсон, саналыг бүхэл бүтэн хайрцгаар нь сольсон, нэр зөрүү, буруу уншсан. Үүнээс үүдээд сонгуулийг үр дүнг зөвшөөрхгүй гэж манай нам тухайн үед үзэж байсан. Нэгдэж ажиллаж байгаа бусад намууд ч өнөөгийн УИХ, Засгийн газар ихээхэн будилаантай гарч ирсэн тул хууль ёсны бус гэж үзэхэд хүрч байгаа. Чухал гэрээ хэлэлцээр хийчихээд хэсэг хугацааны дараа “Өө, уучлаарай. Бид андуурчихаж, засч залруулъя” гээд явж байгаа нь хувийн компани дээр гэхэд захирал нь огцрох ёстой ноцтой асуудал биз дээ.

-МАХН, ҮШН, МУНН тэргүүтэй шинэ хүчний төлөө бусад намууд УИХ-ын 2012 оны сонгуульд нэг фронт болж хамтарч орох боломжтой юу?

-Боломж бий. Эвсч нэгдэж орохын төлөө ажиллаж байна.

-Хамтарч ажиллаж байгаа энэ намууд сөрөг хүчний байр суурь эзлэх боломж хэр байна?

-Сөрөг хүчин гэдэг парламентад суудалтай намд хамаатай ойлголт. Бид бол ард түмний төлөөлөл гэж өөрсдийгөө үзэж байгаа.

-Ард түмний төлөөлөл юм бол ард түмэнд хандсан үйл ажиллагаа явуулах уу?

-Ноднин жил Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнтэй хамтарч зарлаад одоо бэлтгэл ажлыг нь хангаж байгаа нийт ард түмний Их хуралдай байна. Түүнийг ирэх сарын сүүлээр хийнэ. Тэндээс олон нийтэд хандсан тодорхой шийдвэр, уриалга, хамтын ажиллагааны хэлбэрүүдээ тодорхойлж зарлана. Дүүрэг болгоноос, сум бүрээс үүнд төлөөлөгч сонгож оролцуулна. Их хуралдайгаар тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж өнөөгийн төр, засгийн байдалд үнэлэлт өгнө.

-Танай намын ойрын үеийн зорилт юу вэ?

-Улс төрийн тогтолцоог шинэчлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх, шударга хуваарилалтыг бий болгож , монгол хүний үнэ цэнийг дээшлүүлэх чиглэлээр алхмууд хийнэ. Ойрын үед бусад улс төрийн хүчнүүдтэй нэгдэж эдийн засгийн хөтөлбөрөө гаргаж тавина. Үр дүнд нь монгол хүн бүр ажилтай, амьжиргаатай байх хөтөлбөр дэвшүүлнэ.

-Түүнийг ҮШН-ын 2012 оны сонгуулийн хөтөлбөрийн үндэс гэж үзэж болох уу?

-Тэгж хэлж болно.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж