Нэн даруй мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

Нэн даруй мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх хэрэгтэй гэв

Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог тэргүүтэй МАХН-ын гишүүд, дэмжигчид намын төв байранд хэдэн хормын өмнө мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр баасан гаригийн өглөө /2012.05.04-ний өдөр/ 07.00 цагаас эхлэн хуурай өлсгөлөн зарласан бөгөөд түүний биеийн байдлыг тодорхойлохоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг экс-ерөнхийлөгчид үзлэг, шинжилгээ хийсэн юм. Улмаар үзлэг, шинжилгээний хариуг тавдугаар сарын 5-нд буюу бямба гаригийн 18.30 цагт танилцуулсан байна. Үзлэгээр МАХН-ын даргын биеийн байдал хүндэрснийг мэдэгдсэн юм. Гэхдээ Н.Энхбаярыг хуурай өлсгөлөн зарласнаас хойш 24 цагийн дараа эмч нар очиж, биеийн байдалтай нь танилцсан, гэтэл одоо өлсгөлөн зарлаад 50 гаруй цаг болж байгаа тул биеийн байдал улам хүндэрсэн тухай МАХН-ын гишүүд хэлж байлаа. Тэдний хэлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хүндэрч, ухаангүй байгаан дээр цусан дахь билирубины хэмжээ ихэсч, үхэлд хүргэж болзошгүй хэмжээнд хүрсэн гэнэ. Цусан дахь билирубины хэмжээ 0-17 мкмоль/л байхад хэвийн гэж үздэг аж. Гэтэл МАХН-ын дарга хуурай өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш 24 цагийн дараах эмчийн үзлэгээр цусан дахь билирубины хэмжээ 35 мкмоль/л болсон байсан, харин одоогийн байдлаар 51 мкмоль/л болсон байгаа нь үхэлд хүргэх аюултай гэнэ. Тиймээс МАХН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс Н.Энхбаярыг мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий нэгдсэн эмнэлэгт нэн даруй шилжүүлэхийг шаардаж буйгаа илэрхийллээ.

Ш.ЧИМЭГ
Гэрэл зургийг CHUHAL.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж