Компанийн засаглалын V форум болно

Хуучирсан мэдээ: 2012.05.05-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалын V форум болно

Компанийн засаглалын V форум тавдугаар сарын 9-нд “Кемпински” зочид буудалд болох гэж байна. Форумыг Олон улсын санхүүжилтийн корпораци, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулах ба энэ асуудлаар гадаадын болон дотоодын бодлого шийдвэр гаргадаг, гүйцэтгэх шатны байгууллагуудын төлөөлөл оролцох юм.  Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, ОУСК-ийн Ахлах мэргэжилтэн Хуан Карлос, Токиогийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх Ясуки Конума нар оролцож, “Хувийн болон гэр бүлийн компанийн засаглал”, Компанийн засаглалын шинэчлэлийн үйл явц, шинэ хуулийн үр нөлөө зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.

Сүүлийн жилүүдэд Компанийн засаглалын асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг болсон. Энэ талаарх эрх зүйн орчин анх 1997 онд бий болсон буюу Компанийн тухай хууль батлагдаж байсан. Түүнээс хойш нийгэм, улс төр өөрчлөгдөхийн хэрээр аливаа компанийн дотоод бүтэц зохион байгуулалт, үнэт цаасны холбогдолт хууль дүрмийг өөрчлөх шаардлагатай болсоноос 2011 онд хуулийг шинэчлэн баталсан юм. Хуулийн ач холбогдол өдрөөс өдөрт нэмэгдэх учиртай хэмээн албаныхан онцолж байгаа. Учир нь компанийн дотоод зохион байгуулалт сайжрах нь зөвхөн дотоод бүтцэд нөлөөлөх бус ашиг орлого нь нэмэгдэж, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмэр оруулж чадна гэж үзэж байгаа ажээ. Тиймээс Компанийн засаглалын тавдугаар форум нь  энэ асуудлыг нэг мөр болгох эрх зүйн орчин, зохицуулалтаас гадна хэрэгцээт бодлого, дүгнэлтэнд хүрэхэд ахиц болох учиртай гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж