Бөө, Орифлейм хоёр нэг угшилтай юу

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Бөө, Орифлейм хоёр нэг угшилтай юу

Онгод тэнгэртэй хүний ажил үйлс сэтгэлчлэн бүтэж, элбэг хангалуун амьдардаг гэсэн яриа бий. Өөр дээрээ үзэж мэдээгүй учраас ингэж хэлэв. Уг нь тэнгэр, онгод гэдэг тэр болгон хүнд буугаад байдаггүй эд гэдэг. Монголын хүн болгон шахуу ядуу амьдарч байгаа нь үүний жишээ. Ядуу улсуудад цэцэглэн хөгждөг “Орифлейм”, “Хербалайф” зэрэг “сүлжээний” гэгдэх бизнес газар авсан нь нотолгоо. Гэтэл сүлжээний бизнес, бөөгийн шашин хоёрын “газар авах” арга нь нэг гэж санагдах болов. Чадалтай зайран, удган насан хутгийг олоход онго тэнгэр нь удмын балчруудынх нь хэн нэгэнд шилжин очдог гэдэг. Харин өнөө үед онго удмын балчрууддаа биш, хөрөнгө мөнгөтэй хүмүүст буух нь элбэгшжээ. Сүлжээний бизнес ихэвчлэн гэр бүл, танилын хүрээнд явагддагтай адил бөө болох явдал мөн танилын хүрээнд явагддаг болсон байна. Орифлеймд орсон хүн танилуудаа өөртэйгөө ижил болохыг шаардан зовоодог шиг бөө болсон хүмүүс танилынхаа хүрээнээс мөнгөтэй нэгнийг хайдаг болж. Урлагийнхны гал тогоонд энэ үзэгдэл эдүгээ эрчээ авч байгаа юм байна. Хэнгэрэг ч бил үү, цан ч билүү хамтлагийн ахлагч нөхөр бөө болоод хошин урлагийн жүжигчин, голын нэртэй нэгэн эрхмийг ятгаж, амжилтад бараг хүрсэн гэнэ лээ. Хүн мэддэггүй л болохоос урлагийнхан бараг бүгдээрээ болсон гэсэн яриа үнэн гэдгийг энэ яриа батлав. Яагаад гэвэл урлаг гэдэг энэ арын хаалга байхгүй салбарт нэг орсон хүн ямар ч үнээр хамаагүй амжилтад хүрэхийг хичээдэг. Яг л ядуу хүн мөнгөнд шунан дурладаг шиг. Тийм ч учраас онго тэнгэртэй болох явдал урлагийнхны дунд, “Орифлейм”-ийн бизнест хүчээ үзэх явдал ядуусын дунд хүчээ авдаг байна.  Зөвхөн урлагийнхнаас гэхэд л “Нэг хүү” хамтлагийн ахлагч, “Гэр хорооллын” гэгдэг рэппер залуу, хошин урлагийн хамгийн туранхай нь болох “богино, шулуун” үстэй жүжигчин гээд нэрлээд байвал дуусахгүй. Орифлеймийн хувьд гэвэл орсноос нь илүү ороогүйг нь тоолоход амархан болсон цаг. Энэ янзаараа байвал мөдхөн онго тэнгэргүй хүн байхгүй болох дог шүү.

Би өөрөө урлагийн хүн биш, дээр нь баяжихыг хүсдэггүй номын мөр хөөсөн “донгио” амьтан болохоороо энэ зүй тогтлыг нь олоод харчихсан байж магадгүй. Тиймээс “Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд хотыг эргэн гэтэгч чоно хоёрын ахуй дүр өөр боловч алан идэхийг хүсэх агаар нэгэн буй” гэсэн шүлгийг Орифлеймд орох, бөө болох эсэхээ шийдэж ядаж байгаа “гэнэн хонгор”-уудад уншаад өгчихье. Гэхдээ айхгүй ч гэсэн арзайна гэдэг. Жинэхэнэ чадалтай бөө, удгануудад миний энэ үг хамаагүй шүү… 

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж