Монгол бол сансрын хоёрхон нисгэгчтэй. Тэдний нэг нь Майдаржавын Ганзориг. Монгол хүнийг сансарт нисгэх судалгааны багийнхан анх 1000 гаруй хүнийг шалгаруулж 30-ыг, дараа нь дөрөв, эцэст нь хоёр хүнийг сонгосон гэдэг. Одоогоос 30 жилийн өмнөх энэ баярт үйл явдлын гол баатрын нэг нь М.Ганзориг байв. Дулааны автоматикийн инженер мэргэжилтэй хэдий ч түүнийг тэр үеийн Зөвлөлт /ОХУ/-ийн мэргэжилтнүүд санамсаргүй сонгосон гэвэл худлаа. Мэдлэг чадвар, биеийн хөгжил, эрүүл мэнд гээд бүх зүйлээрээ “ОК” байсан хэрэг. Тунаж үлдсэн Монголын хоёр нисгэгчийн нэг нь л сансрын тойрог замаар аялах учиртай байв. Ж.Гүррагчаатай тэр 1977 онд анх танилцаж байжээ. “Шигшүүрт” үлдсэнээсээ хойш ч тэд бүх бэлтгэл, сургуулилтад үргэлж хамт байсан болохоор яах аргагүй анд болцгоосон гэдэг. Нислэг болохоос долоо хоногийн өмнө ЗХУ-ын Сансарын хотхонд очиж байрласан тэднээс эцсийн мөчид сансарт нисэх эрхийг Ж.Гүррагчаа өвөртөлсөн юм. Гэсэн ч андыгаа азтай, аюултай энэ үйл хэрэгт оролцох болсонд хамгийн их догдолж, дэргэд нь байсан нь С.Ганзориг билээ. Хэдийгээр сансарт нисэх хувь дутсан ч тэр бол Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийн сургуулийг дүүргэсэн, “Союз-39” хөлөг, Салют станцын сансрын нисгэгч хүн. Тийм ч учраас 30 гаруй жил Монголын сансар судлалын салбарт тасралтгүй хүчин зүтгэж байна. М.Ганзориг 1990 оноос одоог хүртэл Информатикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм. Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойн хүрээнд уржигдар түүний амжилтыг төрөөс үнэлж Хөдөлмөрийн баатар цол олгож,”Алтан соёомбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнав. Хаанаа ч алдаа гаргасан юм, “Улсын баатар” хэмээн шагналыг нь бяцхан андуурч зарласанд тэрбээр жаахан гоморхсоныг эс тооцвол маш их баярлаж байсан. Түүнд шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ М.Ганзориг бол шинжлэх ухаанд өөрийгөө зориулсан, гайхалтай даруу хүн” хэмээн онцолсон. Үнэхээр тэр бол өөрийнхөө нэрийг өөрчлөхөөс авахуулаад олон зүйлээ сансарт зориулсан “Сансрын хүн”. Арын сайхан хангай нутагт төрсөн тэрбээр уг нь Ганхуяг гэдэг нэртэй байж. Харин сансрын нислэгийн бэлтгэлийн үеэр оросууд нэрийг нь дуудахад хэцүү байсан учраас Ганзориг болгон өөрчилсөн гэдэг.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин