ИЗНН санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

ИЗНН санамж бичиг байгууллаа

Иргэний зориг-Ногоон нам, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран ажиллахаар болсонтой холбогдуулан өнөөдөр 11.00 цагт санамж бичигт гарын үсэг зурлаа.  Санамж бичигт ИЗНН-ыг төлөөлж тус намын дарга Д.Энхбат болон Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболд нар Монгол Улсын үндсэн хууль, Улсын их хурлын тухай хууль, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг үндэс болгон ийнхүү гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр ИЗНН-ын дарга Д.Энхбаттай ярилцлаа.

-Санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид ямар ажлуудыг хэрэгжүүлэх вэ?

-Уран хайх олборлох, баяжуулах болон цөмийн энерги ашиглах талаар “Ард түмний” санал асуулга явуулах, атомын цахилгаан станц байгуулахаас татгалзах, цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөх, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, байгаль орчны төрийн хяналт болон газрын нэгдсэн менежментийн бодлогыг байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагад төвлөрүүлэх тал дээр хамтран ажиллана. Түүнчлэн Байгаль орчны ТББ-уудын саналуудыг тусгасан хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд МБОИЗ Иргэний нийгмийн байгууллагуудыг манлайлан Иргэний зориг-Ногоон Намыг дэмжиж хамтарч ажиллах юм.

-Парламентийн нам иргэний нийгмийн төлөөлөл хамтрахдаа ямар зохион байгуулалтад орох бол?

-Бид бол пкарламентийн нам, тиймдээ ч энэ талаасаа ажиллана. Харин Байгаль орчныг хамгаалах иргэний зөвлөл газар дээрээс нь судалгаа шинжилгээ хийж, тодорхой ажлуудыг хийх, хэрэгжүүлэх талаас нь ажиллана.

-Танай нам хоёр хоногийн өмнө хуралдаж, Намын мөрийн хөтөлбөрөө баталсэн. Гол дэвшүүлсэн асуудал нь юу байсан бэ?

-Бид мөрийн хөтөлбөрөө ИЗНН-ын Үндэсний хороогоор хэлэлцээд, хүлээлгэн өглөө. ИЗНН “Амьдрал” гэдэг нэртэй, ногоон хөгжлийн бодлого, Монгол  хүний эрх чөлөөтэй амьдрах зорилготой мөрийн хөтөлбөрийг баталсан байгаа. Тэдэн тонн нүүрс олборлоно, тийм хэмжээгээр цалин нэмнэ гэж амлахаас илүүтэйгээр хувь хүний амьдрал яаж өөрчлөгдөх юм бэ гэдэгт анхаарч байна. Ерөнхийдөө улс орны хөгжлийг хувь хүний нүдээр харж гаргаж байгаа юм. Хамгийн чухал зүйл нь өнөөдрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг бөгөөд үүний тулд улс орны хөгжилд хүн бүрийг оролцуулах хэрэгтэйг уриалж байна. Таны амьдралыг бид сайжруулна гэж амлахгүй, харин та л өөрөө сайжруулна шүү дээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж