
Үндсэндээ зөвлөх компаниудын сонгон шалгаруулалтын үнэлгээ дуусч, шалгарсан компаниудтай гэрээ байгуулах ажил эхлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан талууд санхүүжилтийн хэлэлцээрт орно. Хэлэлцээрийн явцад тохиролцоонд хүрэхгүй бол удаах оноо авсан зөвлөх компанитай хэлэлцээр хийж, тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу ирэх бямба гарагаас өмнө зөвлөхүүдийг дахин сонгон шалгаруулах юм. Одоогоор хэлэлцээрийн явц болон үр дүн ямар байгаа талаар холбогдох албаныхан тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Гэхдээ зарим эх сурвалж “Нэгэнт сонгосон хуулийн болон ерөнхий зөвлөх компаниудыг дахиж өөрчлөх шаардлага гараагүй. Харин сонгон шалгаруулалтад аман хүзүүдсэн багуудад боломж олгох замаар төслийн ажлын зарим хэсгийн хуваарилан даалгаж магадгүй” гэсэн мэдээлэл өгч байгаа юм.
Энэ бүхнээс “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн явц удаашрахгүй, харин боломжийн хурдтай урагшлах нь гэж дүгнэж болохоор байна. Мөн нэгэнт бүтээн байгуулалтын том төсөлд оролцохоор саналаа ирүүлсэн олон улсын томоохон компаниудыг түс тас шилж, сонгоод заримыг нь хоосон буцаалгүй, аль болох бүгдтэй нь хамтран ажиллах бодлого барьж байгаа нь нэг талаар зөв байж болох юм. Ямартай ч зөвлөх үйлчилгээний компаниудаа энэ долоо хоногийн сүүлч гэхэд тодорхой болгох нь ойлгомжтой боллоо. Харин үүний дараа жинхэнэ бүтээн байгуулалтын гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулах ажил эхлэх юм.
Зарим улстөрч, эдийн засагчид “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийг санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй, ажиллах боловсон хүчин байхгүй гэх мэтээр бараан талаас нь шүүмжилж байгаа. Гэвч УИХ, Засгийн газар нэгэнт гаргасан шийдвэрээ бодит ажил хэрэг болгохын төлөө бас ч гэж чамгүй хурдтай ажиллаж байна. Санхүүгийн хувьд төслийн нийт зардалд 14 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн барагцаа тоо бий. Хэдийгээр энэ нь их мөнгө ч сүүлийн жилүүдэд Монгол Улс руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт болон уул уурхайн орлого эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүнээс гадна санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх олон хувилбар бий. Мөн дээрх аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах үндсэн шалтгаан болсон Оюутолгой, Тавантолгой ордуудын эдийн засгийн үр өгөөж ойрын жилүүдэд эрс нэмэгдэх юм. Энэ бүх орлогыг нийгмийн халамж мэтэд үр ашиггүй зарцуулахын оронд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажилд зориулбал богино хугацаанд үр дүн нь гарна гэсэн тооцоог ч эдийн засагч, судлаачид аль хэдийнэ хийчихээд байгаа. Жишээ нь, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг ашиглалтад оруулснаар 2010-2021 онд ДНБ-ий өсөлт 45 хувь буюу 41 сая ам.долларт хүрч, шууд ажлын байр 76 мянга, шууд бус ажлын байр 152 болно гэсэн хийсэн урьдчилсан тооцоог хийжээ. Түүнчлэн боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 14 хувьд хүрнэ гэж тооцсон байдаг. Харин өнөөдөр энэ үзүүлэлт ердөө зургаан хувь хүрэхтэй үгүйтэй байгаа билээ.
Өдгөө тендерт шалгарсан компани нь төслийн мастер төлөвлөгөө, төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ, үйлдвэр байгуулах гэрээний хувилбар, санхүүжилтийн бүтэц, төлөвлөгөө зэргийг гэрээ байгуулснаас хойш зургаан сарын дотор боловсруулж, гарсан дүгнэлт, шийдвэрүүдийг ажлын хэсэг болон зөвлөлд танилцуулах учиртай.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин