100 тэрбум төгрөгийг хаанаас гаргах вэ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

100 тэрбум төгрөгийг хаанаас гаргах вэ

Ноос, ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдээ бэлтгэх цаг удахгүй эхэлнэ. Уг нь энэ салбарынхан бүтээгдэхүүн хийх түүхий эдээ гуравдугаар сарын 20-ноос хойш бэлтгэж эхэлнэ хэмээж байсан юм. Гэсэн ч одоогийн байдлаар түүхий эд бэлтгэлийн ажлыг идэвхжүүлээгүй байгаа ажээ. Энэ нь Монгол Улсын нийт нутгаар цаг агаар дулаарахгүй, хүйтэн байгаатай холбоотой.  Гэхдээ тун удахгүй малчид ямаагаа самнаж, ноолуурын түүхий эд бэлтгэх ажил эхэлнэ гэдгийг үйлдвэрлэгчид онцолсон. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт түүхий ноолуурын ханш 43-70 мянган төгрөг байгаа аж. Гэхдээ ихэнх аймагт 55-60 мянган төгрөгт хүрээд байгаа гэдгийг онцолъё. Харин Улаанбаатар хотын “Эмээлт” түүхий эдийн зах дээр өчигдөр түүхий ноолуурыг 60 мянган төгрөгөөр авч байлаа. 

Монголын ноос ноолуурын холбооныхны хэлж буйгаар үндэсний үйлдвэрүүдийн санхүүгийн чадавхи жилээс жилд суларч, энэ жил ямар нэгэн дэмжлэг туслалцаа авахгүй бол эргэн сэргэхгүйгээр уналтад ороход хүрчээ. Түүнчлэн энэ онд хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан ноолуур бэлтгэлийн хэмжээ хоёр дахин буурах хандлагатай байгаа юм байна. Учир нь хятад ченжүүд санхүүгийн хүндрэлд орсон үйлдвэрлэгчдийн авч чадахгүй байгаа ноолуурыг өндөр үнээр авчихдаг аж. Өнгөрсөн жил л гэхэд хятадын нэг үйлдвэр дангаараа 3000 гаруй тонн ноолуур бэлтгэсэн аж. Малчид, бэлтгэн нийлүүлэгчид бэлтгэсэн ноолуурынхаа 5-20 хүрэхгүй хувийг  үйлдвэрлэгчдэд өгдөг байна. Тиймээс ноолуурын салбарын үйлдвэрлэгчид  Засгийн газар, холбогдох яамдад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хүсэлт гаргасан билээ. Энэхүү саналыг Засгийн газар хүлээн авсан. “Ноолуур бэлтгэлийн үе  эхлэх үе буюу энэ сарын 20-ноос өмнө санхүүжилтийг ямар нэгэн аргаар шийдэж өгнө” хэмээн Сангийн яамны  Санхүү,  эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр онцолж байсан билээ.

Ноолуурын түүхий эд бэлтгэх ажил эхлэх гэж байгаа энэ үед Засгийн газар үйлдвэрлэгчдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаа шийдсэн эсэхийг тодрууллаа.

Засгийн газраас үүрэг болгосны дагуу Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг гаргах хэд, хэдэн боломжийг судалж байгаа ажээ. Гэхдээ боломжит хувилбар гэхээсээ илүүтэйгээр дэвшүүлсэн таван хувилбарын ихэнх нь боломжгүй хувилбар ажээ. Монголбанкнаас зээл олгох гэхээр ноос, ноолуурын салбарынханд зээл авах эрх нь хаалттай байдаг гэнэ.  Засгийн газрын тусгай зориулалтын сангуудаас зээл олгох нь одоогийн байдлаар мөн л  боломжгүй.  Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслийн жагсаалтыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан байх ёстой. Үүнийг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхлэхээр хэлэлцэх хэрэгтэй болно. Засгийн газрын бонд гаргахын тулд энэ оны төсвийн тодотголд тодорхой хэмжээний тодотгол нэмж хийх шаардлагатай болно. Мөн Хөгжлийн банкаар баталгаа гарган арилжааны банкуудаас зээл олгох боломж байгаа юм байна.  Гэсэн ч тус яамныхан хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаа эцэслэн шийдээгүй байгаа гэсэн хариултыг өглөө. Уг ажлыг хариуцаж буй  Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр өчигдөр  эзгүй байлаа. Тэрбээр албан томилолтоор гадаад явсан аж. Хэлтсийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж магадгүй бөгөөд одоогоор судалж байгаа юм байна. Гэхдээ уг мөнгийг ямар нэг аргаар өглөө гэж бодоход үйлдвэр болгонд хуваарилах боломжгүй гэнэ. Тиймээс Сангийн яамнаас ноос, ноолуурын салбарынхныг нэгдсэн зохион байгуулалтад орохыг даалгажээ.

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс дараах асуултад хариулт авлаа.

-Ноолуур бэлтгэлийн үе эхлэх гэж байна. Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих 100 тэрбум төгрөгийг хэзээ,  ямар эх үүсвэрээс гаргаж өгөх вэ гэдгийг хэлсэн үү?

-Одоогоор тодорхой хариу өгөөгүй байна. Гэхдээ шийдэж өгөх байх. Үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад орох хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьсан.

-Тэгвэл энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Үндэсний үйлдвэрүүд нэгдэж “Монгол ноолуур” консерциум байгуулна. Гэхдээ одоо энэ ажлыг дөнгөж л эхэлж байна.

-Энэ жил ноолуурын ханш өмнөх жилүүдийнхээс харьцангуй өндөр байх шиг байна?

-Тийм ээ. Бид ноолуурын бэлтгэлийн үе эхлэх үед ханш 55 орчим мянган төгрөг байх болов уу гэсэн тооцоог гаргаж байсан. Гэтэл одоо тооцоолж байснаас өндөр үнээр зарж байна.  Энэ янзаараа өсөөд байвал ноолуурын үнэ 70 мянган төгрөгт хүрч магадгүй. Тиймээс шаардлагатай санхүүжилтийг яаралтай баталж өгөх  хэрэгтэй байна.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж