АНУ-ын конгресс Б.Обамагаас тайлбар шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын конгресс Б.Обамагаас тайлбар шаардлаа

“Арабын ертөнцөд хөл тавих хоёр шалтгаан бий. Тэд өнгөн дээрээ эрх чөлөө, хүний эрх, терроризмын эсрэг тэмцэнэ гэх мэт зүйлсийг ярьдаг. Гэвч энэ бүхэн худал зүйл” хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байна. Иракт энхийг сахиулах ажиллагаа явуулах АНУ-ын зорилго нь терроризмыг үр үндсээр нь устгахад оршино хэмээн АНУ-ын эрх баригчид дэлхий нийтэд итгүүлж байсныг зарим орны улстөрчид  цохон тэмдэглэж байсан. Ливийн удирдагч М.Каддафи  “Зэвсэгт этгээдүүд бүгд Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой. Бид энэ бүхнийг зохицуулчихна. Үүнд гадны ямар ч оролцоо хэрэггүй” гэсэн нь  Ливи рүү чиглэсэн АНУ-ын эрх ашгийг жинхэнэ утгаар нь харуулж байсан бололтой. Тиймдээ ч М.Каддафи Б.Обамад “Бидний хүү эрхэм Обама” гэсэн эхлэлтэй захидал илгээсэн. Б.Обама ч Ливи рүү агаарын цохилт өгсөн билээ.

Тэгвэл АНУ-ын цаад зорилго нь юу вэ. Энэ талаар Америкийн сенатчид  Б.Обамагаас асууж, тодорхой тайлбар шаардсан юм. Тэд Ливи дахь байлдааны ажиллагаа эцсийн дүнд ямар зорилготой болох, мөн байлдааны төлөвлөгөө мэдээ, мэдээллийн талаар  асуужээ. Бүгд найрамдах намынхан Б.Обамагаас тайлбар шаардав. Ардчилсан намын гишүүд хүртэл Обамаг Конгресст хүрэлцэн ирж хурцдаад байгаа асуудлын учрыг тайлбарлах ёстой хэмээн мэдэгдсэн аж. АНУ-ын нэрийн өмнөөс Ливи улсын дотоодод болж буй үймээн самуунд оролцох эрхийг өөрөө өөртөө олгосон хэрэг үү хэмээн гайхширч байснаа ч тэд нуусангүй.
Б.Обама Ливи дэх цэргийн тодорхой хязгаар бүхий үйл ажиллагаагаар дамжуулан  АНУ-ын нэрийн өмнөөс Ливийн ард түмнийг хамгаалах нэрийн дор чухам юу хийгээд байна вэ хэмээн шүүмжлэгчид онцолсон. АНУ-ын Ардчилсан намаас дайныг эсэргүүцэгч гишүүд “Конгрессоор хэлэлцээгүй байхад цэрэг ар­мийн үйл ажиллагаа явуулахыг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн  сануулж байгаа. Дайнд оролцсон туршлага Америкийг өдий зэрэгтэй авч яваа гэдгийг ч бас анхаарууллаа. Өөрсдөөрөө хэтэрхий бардамнаж, олон улсын шүүмжлэлд олонтаа өртөх нь ямар байдалд оруулдгийг Иракт болсон дайн Америкчуудад мэдрүүлсэн билээ. Дюк их сургуулийн олон улсын  улс төр судлаач Кристофер Гэлп “Обамагийн энэхүү үйлдэл нь түүний нэр хүндийг олон улсад унагааж байна. Олон улсын шүүмжлэгчид бол  отолтод орсон цэрэг гэсэн үг. Тэд Обамаг хэзээ алдаа гаргахийг хүлээж байдаг нь нууц биш ” гэжээ.

Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуулиар нэр дэвших гэж байгаа Сара Палин болон Нювт Генрих нар олон нийтийн өмнө Обамагаас цэргийн ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар асуусан юм. Бүгд найрамдах намын гадаад хэрэг хариуцсан сенат Лугар “М.Каддафийн дэглэмийг унагалаа гэж бодоход дараа нь яах вэ. Танд ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу” хэмээн асуусан нь олны анхаарлыг ихэд татлаа. Тэрбээр Ливид дайн заралсан тухай асуухдаа Конгрессоос цэргийн ажиллагааг хэн удирдах талаар асууж байсан билээ. Харин АНУ ямар ашиг сонирхлын үүднээс Ливид дайн хийх гэж байгаа талаар тодорхой мэдээлээгүй байж Обама эрх мэдлээ хэтрүүлж шийдвэр гаргасан хэмээн Флорида муждахь Бүгд найрамдах намын төлөөлөгч Рос Латинэн мэдэгдсэн аж. Тэрбээр Ливид төрийн эргэлт болно л  биз. Үүнд АНУ ямар хамаатай болоод “Айлын тогоо руу өндийнө вэ” гэсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан.

Дээрх шүүмжлэлүүдээс болж Б.Обама Латин Америк дахь төрийн айлчлалаа Чили улсад хийснээр дуусгаж магадгүй. Учир нь  Барак Обамаг Конгресс дуудсан юм.

Олон улсын ажиглагчид Ливид явуулж буй цэргийн ажиллагаа нь  зөвхөн түүний шийдвэр байгаагүй хэмээн тайлбарлажээ. Тэд Их Британи, Франц зэрэг орны шахалтаар Ливи рүү агаараас дайралт өгч байгаа хэмээн дүгнэсэн юм. Энэ нь ч ортой байж мэднэ. Учир нь НҮБ-ын зүгээс  дорвитой арга хэмжээ авах талаар мэдэгдээгүй. Харин эдгээр улс Газар дундын  тэнгис болон Ливийн эрэг орчимд  байлдааны хэд хэдэн усан онгоц байрлуулжээ. ОХУ энэ асуудалд  өөрийн байр сууриа илэрхийлж “Ливи улс  манай холбоотон учраас бид тусалж дэмжих болно” гэсэн нь 1947-1991 оны хооронд үргэлжилсэн хүйтэн дайны нэг хэсэг хэмээн улс төр судлаачид дүгнэхэд хүргэлээ. Ливи рүү хандсан АНУ-ын цэргийн ажиллагаа үргэлжлэх эсэхийг Б.Обама болон АНУ-ын Конгресс шийдэх бололтой. Гэвч юуны төлөө гэсэн асуултад дэлхий нийт “Газрын тос” хэмээн хариулах биз.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж