Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг батлав

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг батлав

Энэ онд Засгийн газар тэтгэврийг 2 үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгуулсан билээ. Эхний ээлжинд тэтгэврийг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 35 мянган төгрөгөөр нэмсэн. Тэтгэвэр нэмэгдүүлэх хоёрдах шатны арга хэмжээг тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор хэрэглэх цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох арга хэмжээтэй хамт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 Итгэлцүүрийг шинэчлэн батласнаар Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 145 мянга 200 төгрөг болж байна. Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Ингэснээр одоогийн 165 мянган төгрөгийн дундаж тэтгэвэр 222,9мянган төгрөгт хүрч байна. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувь, энэ оны 04 дүгээр сарын 01-ний байдалтай харьцуулахад 35 хувь, 2008 оныхтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж байгаа юм.  Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон. Эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 63 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,9 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж