Боловсруулах үйлдвэр хэрэгцээг бүрэн хангана

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Боловсруулах үйлдвэр хэрэгцээг бүрэн хангана

Монгол Улс газрын тос боловс­руулах үйлдвэр барих талаар ид яригдаж байгаа энэ үед мэргэжлийн хүмүүс, судлаачдын байр суурийг хүргэх үүднээс “Монголын газрын тосыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, загварчлах нь” сэдвээр ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн Их Сургууль-Уул уурхайн академид сущдалгааны ажил хийж байгаа докторант Д.Алтанцэцэгийн манай сонинд ирүүлсэн нийтлэлийг хүргэж байна.  

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад юуг харгалзан үзэх ёстой вэ?

Газрын тос боловсруулах үйл­двэрийн төлөвлөлтийг хийхдээ юун түрүүнд тухайн түүхий эдийн шинж чанар, газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний бүтэц ба чанарын шаардлагыг харгалзан дэд бүтэц, байгаль экологийн асуудал, хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоотой уялдуулан техник технологийг сонгох шаардлагатай болдог. 

Аливаа улс орон газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ бэлэн бүтээгдэхүүнийг гадаадаас оруулах, импортоор оруулж ирсэн түүхий тосыг дотооддоо боловсруулах, өөрийн орны газрын тосыг дотооддоо боловсруулах гэсэн үндсэн гурван арга замаар хангадаг. Эдгээрээс эдийн засгийн тооцоонд үндэслэн аль үр ашигтайг нь сонгож болох боловч Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний асуудалд үндэсний аюулгүй байдал, эдийн засагт шууд нөлөөлөх “стратегийн чухал бүтээгдэхүүн” болохыг харгалзан үзэж шийдвэр гаргах нь зүйтэй болов уу. Импортын түүхий тосыг дотооддоо боловсруулах нь газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаас гарах боломжийг бүрдүүлэх боловч нөгөө талаас түүхий тосны хамааралд орох сөрөг талтай. Харин өөрийн орны газрын тосыг дотооддоо боловс­руу­лах нь импортын түүхий эд болон бүтээг­дэхүүний нийлүүлэлтээс хамаа­рал­гүй болох, түүнчлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн савал­гаа­­наас хамгаалагддаг болохыг зарим орны жишээ харуулж байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний хан­гам­жийн найдвартай байдал бий болж, зохицуулалт хийх, хэрэглээний өөрчлөлтөд уян хатан бодлого явуулах боломж бүрдэнэ. Газрын тос боловс­руулах үйлдвэр байгуулснаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэх, цаашид салбарлан хөг­жүүлж болж болох бусад аж үйл­д­вэрийн (нефть-химийн, химийн үйлд­вэр) суурийг тавих нөхцөл нь бий болдог.

Монгол Улсын тухайд

Монгол улс 2010 онд 866 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 700 орчим сая ам.доллараар худалдан авсан бол 2011 онд нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 1,16 тэрбум ам.доллараар импортолжээ. Сүүлийн жилүүд дэх түлш шатахууны эрэлт хэрэгцээний байнгын өсөлт нь юун түрүүнд авто тээврийн хэрэгслийн тоо огцом өссөнтэй холбоотой. Түүнээс гадна уул уурхай ба хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаатай холбогдон түлш шатахуун тэр дундаа дизель түлшний хэрэглээ огцом нэмэгдэж байна. Ингэхээр газрын тосны боловсруулах үйлдвэрийг төлөвлөхдөө гарах бүтээгдэхүүний томоохон хувь нь дизель түлшинд ногдох байдлаар зах зээлийн ирээдүйн хэрэгцээнд тохируулах нь зохимжтой. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ цаашид жилд 10 хувийн өсөлттэй байх, түүнчлэн боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40 жилийн хугацаанд ажиллана гэж үзвэл үйлдвэрийн хүчин чадлын доод хэмжээ жилд 2,5 сая тонн байх тооцоо гарч байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад түүхийн эдийн найдвартай эх үүсвэртэй байх нь нэн чухал. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 30 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулж байна. Эдгээрээс Зүүнбаян, Цагаан-Элс, Тосон-Уул, Тамсагийн ордуудын нөөц тогтоогдож, 15 талбайд хайгуулын үйл ажиллагаа явагдаж байна. Газрын тосны газраас гаргасан мэдээллээс харахад одоогийн байдлаар газрын тосны баталгаат, магадтай, боломжит нөөцийн хэмжээ 870 гаруй сая тонн, үүнээс баталгаат нөөцийн хэмжээ 2012 оны I улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 332,6 сая тонноор тогтоогдоод байна. Үүнд, Тосон-Уул XIX 179,6 сая тонн, Тамсаг-XXI 127 сая тонн, 1997БХГ 26 сая тонн тус тус болно. Эдгээр талбайн нөөцийн хэмжээ цаашид ч нэмэгдэх боломжтой. Түүнчлэн Матад-XX, Галба-XI, Тариач-XV талбайнуудад одоо байгаа мэдээллээр газрын тосны илрэл тогтоогдож, туршилт, үнэлгээний ажил хийгдэж байна. 2015 онд Тосон уул XIX, 1997БХГ талбайнуудаас нийт 1,5 сая тонн тос олборлохоор харагдаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад түүхий эдийн физик, хими, технологийн шинж чанаруудыг судалж тогтоох шаардлагатай байдаг. Өнөөг хүртэл Монголын газрын тосонд хийсэн шинжилгээнүүдийн үр дүнгээс харахад Тамсагийн орд газрын хувьд хүхэр багатай, парафинлаг, хөнгөвтөр тостой болох нь тогтоогдсон. Технологийн шинж чанар, бүтээгдэхүүний гарцын хувьд Монголын газрын тос нь дэлхийд түгээмэл ашиглагдаж буй газрын тосны бусад төрлүүдтэй дүйцэхүйц гэж зарим судалгаанд дурьдсан байдаг. Түүхий тосны үнэд нөлөөлдөг гол хүчийн зүйлийн нэг нь хүхрийн агуулга юм. Хүхэр ихтэй тосны боловсруулалт нь илүү төвөгтэй, зардал өндөртэйд тооцогддог. Харин Монголын газрын тосны хувьд түүний найрлага дахь хүхрийн хэмжээ нь өндөр зэрэглэлийн бусад тосоос ч бага байгаагаараа онцлог юм.

Сүүлийн үеийн хандлага юу байна вэ?

Түүхий тосноос чанарын болон зах зээлийн шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүнийг олон тооны технологийн процессоор дамжуулан үйлдвэрлэдэг. Боловсруулах үйлдвэ­рийн хамгийн энгийн төрөл нь энгийн боловсруулалттай буюу гидроскимминг үйлдвэр юм. Ийм үйлдвэрт зөвхөн тодорхой шинж чанар бүхий түүхий тосыг боловсруулж, цөөн төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг. Энэ нь цэвэр түлш-шатахууны үйлдвэр бөгөөд зөвхөн бензин, дизель, зуухны түлш, мазут зэргийг л үйлдвэрлэдэг. Гарах бүтээгдэхүүний хэмжээ нь ихэнхдээ түүхий тосны найрлагаас хамаарах ба өөрөөр хэлбэл, нүүрс устөрөгчийн хүнд нэгдлийг хөнгөн нэгдлээс салгадаг процесс л явагдана гэсэн үг. Гидроскимминг үйлдвэрүүдийг сүүлийн жилүүдэд бүрмөсөн хааж байгаа, ХБНГУ-д гэхэд өнөөдөр нэг ч ийм төрлийн үйлдвэр байхгүй болжээ. Харин зарим оронд ийм төрлийн үйлдвэрүүдэд нүүрс устөрөгчийн молекулыг задлах, хувиргах зэрэг хоёрдогч процессуудын технологийг нэмж суурилуулан гүн боловсруулалттай үйлдвэр болгон хувиргаж байна. Гүн боловсруулалттай үйлдвэрт бүх төрлийн түүхий тосноос түлш-шатахуун, шингэрүүлсэн хий, онгоцны түлш, тослох материал, парафин, битум, нефть-химийн түүхий эд (этилен, пропилен, бутилен, бензол, толуол, ксилол г.м.) зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

Харин гүн боловсруулах техноло­гийг жижиг оврын боловсруулах үйлдвэрт ашиглах боломж хомс бөгөөд жилийн хоёр сая тонноос доошгүй хүчин чадалтай үйлдвэрт л эдийн засгийн хувьд үр ашигтай гэж эрдэмтэд үздэг. Энэ талаар профессор доктор Ц. Багмид 2011 онд гаргасан “Газрын тосыг түлшний чиглэлээр боловсруулах орчин үеийн процесс, технологи” номондоо: ”…Манайд олборлож байгаа газрын тосны анхны нэрлэгээс гарах тунгалаг бүтээгдэхүүний гарц бага учир мазутыг задлан гарцыг нэмэгдүүлэх технологи нэвтрүүлэх шаардлагатай. Ингэхэд шаардагдах хоёрдогч процессуудыг ашиглах боломж харин бага хүчин чадалтай үйлдвэрт хязгаарлагдмал” гэжээ. Мөн “Газрын тосны үйл ажиллагааны 1991-2002 оны нэгдсэн тайлан”-ийн боловсруулах үйлдвэрийн техник, технологийн талаар авч үзсэн хэсэгт: “…Технологийн хуучрал ихтэй тул, өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, байгаль орчинд сөрөг нөлөө ихээхэн үзүүлдэг учраас дэлхий дахинд 100 мянган тонн болон түүнээс доош, харин БНХАУ-д жилд нэг сая тонноос доош хүчин чадлын үйлдвэрүүдийг хааж байна.” гэжээ.

Газрын тосыг хоолойгоор дамжуулах эдийн засгийн үр ашигтай

Газрын тос боловсруулах үйлд­вэ­рийн дэд бүтэц нэн ялангуяа ус, эрчим хүчний хангамж, тээвэрлэлтийн асуудал нь тухайн үйлдвэрийг хаана барьж байгуулахаас шалтгаална. Боловсруулах үйлдвэрийг түүхий эдийн эх үүсвэрийн ойролцоо байгуулах уу эсхүл хэрэглэгчийн төвлөрлийн ойролцоо байгуулах нь зүйтэй юу гэсэн асуулт гардаг.

Боловсруулах үйлдвэрийг төлөв­лөхөд түүхий эдийн эх үүсвэрийн ойролцоо байгуулахад түүхий тосыг тээвэрлэхэд хялбар байх боловч үйлдвэрээс гарах олон тооны бүтээг­дэхүүнийг хэрэглэгчийн төвлөрөл рүү нижгээд тооны, төрөл бүрийн тусгай тээврийн хэрэгслүүдээр хол замыг туулан хүргэх шаардлага гарна. Ингэснээр зам, тээвэрлэлтийн асуудал давхар хүндэрч, маш өндөр зардал гарна. Харин боловсруулах үйлдвэрийг гол зах зээлд ойролцоо байгуулахад түүхий тосыг хол зайд тээвэрлэх шаардлагатай болох хэдий ч үйлдвэрээс гарах олон төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хялбар болно. Их хэмжээний түүхий тосыг хамгийн бага зардлаар ер нь л дамжуулах хоолой болон усан онгоцоор тээвэрлэдэг.

Манай орны хувьд одоогоор газрын тосны түүхий эдийн хамгийн ирээдүй бүхий ордууд нутгийн зүүн бүсэд буюу гол зах зээл болох Улаанбаатар хотоос нилээд зайдуу оршиж байгаа нь хүндрэлтэй асуудал мөн боловч гол хэрэглэгчийн ойролцоо боловсруулах үйлдвэрийг барих тохиолдолд түүхий тосыг дамжуулах хоолой ашиглан тээвэрлэх нь боломжтой байж болох юм. Иймд дамжуулах хоолойн тээвэрлэлтийн давуу талын тухай товч дурдъя. 

Эрдэмтэд, судлаачид усан онгоц, төмөр зам, автозам болон дамжуулах хоолойн тээвэрлэлтийг эдийн засгийн ач холбогдол, хангамжийн болоод тээвэрлэлтийн аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд нь харьцуулан судалж, түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хол зайд бөөнөөр тээвэрлэхэд хамгийн тохиромжтой нь дамжуулах хоолой болохыг тогтоожээ. Дамжуулах хоолойн хувьд зөвхөн цахилгаан эрчим хүчийг л ашигладгаараа энерги зарцуулалтын хувьд хамгийн бага зардалтай, зөвхөн шингэний өөрийн урсах чадварыг ашигладаг, түүнчлэн тээвэрлэх сав, тээврийн хэрэгсэл, тээврийн замын үүргийг нэг дор гүйцэтгэдэгээрээ онцлог юм.

Төмөр зам болон автозамын тээвэр­тэй харьцуулахад дамжуулах хоолой нь зам тээврийн хүндрэл, цаг агаарын нөлөөллөөс хамааралгүй. Түүнийг ерөн­хийдөө газар доогуур барьж байгуулдаг тул хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд үзүүүлэх сөрөг нөлөөлөл бараг үгүй, бусад тээврийн адил хоосон сав буцааж тээвэрлэдэггүй. Өнөө үед технологийн шаардлага улам нарийн болж, хоолойн шугам сүлжээг бүхэлд нь процесс удирдах автомат системээр хяна­даг болсон бөгөөд гэмтэл гарах, тос алдах зэрэг явдал бараг үгүй болсон байна.

Өнөөдөр дэлхийд гурван сая км урт өндөр даралтын дамжуулах хоолойн тусламжтайгаар асар их хэмжээний тос, хий орд газруудаас боомтууд болон боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэгдэж байна. Зарим хоолой 2000 метрийн далайн гүнд эсвэл, өндөр уул нуруудын дундуур тавигдсан байдаг. “Transalpine” дамжуулах хоолой гэхэд жишээ нь Триест боомтоос Ингольштадт хот хүртэл 464 км замыг туулахдаа 30 томоохон гол мөрөн (Дунай, Изар, Инн, Исонзо гэх мэт), 136 горхи шанд, 154 зам, 26 төмөр замын доогуур явж өнгөрдөг.

Дамжуулах хоолойг бүтээн босгох өртөг зардал өндөр боловч нэг удаад оруулсан хөрөнгө оруулалтаа борлуулж буй бүтээгдэхүүний хирээр харьцангуй богино хугацаанд нөхөх боломжтой.

Түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх боломжийг шинээр бий болгоход зөвхөн төмөр замыг бариад зогсохгүй олон тооны тусгай тоноглол бүхий вагон цистернийг худалдаж авах, үйлдвэрлэх буюу түрээслэх шаардлага гардаг. TOTAL концернийн ХБНГУ дахь боловсруулах үйлдвэр нь жилд 12 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд хоногт ойролцоогоор 3000 тн түүхий тос боловсруулдаг байна. Энэ нь 600 вагон цистерн гэсэн үг юм. Үүнээс үзэхэд манай улсын хэрэглээнд нийцэхүйц хоёр сая орчим тоннын хүчин чадалтай боловсруулах үйлдвэр барих тохиолдолд өдөрт 100 вагон цистерн тос тээвэрлэх шаардлага гарах юм. Ийм хэмжээний тосыг жишээ нь ОХУ-аас импортоор оруулж боловсруулахад манай улсын төмөр замын ачаалалд нилээд хүндрэлтэй тусах болов уу.

Газрын тосны салбарт баримтлах бодлогын өөр нэг чухал асуудал нь тухайн салбар дахь төрийн оролцооны хувь хэмжээг шийдвэрлэх явдал юм. Гадаад орнуудын хувьд сүүлийн жилүүдэд эрчим хүч болон энергийн түүхий эдийн салбарт төрийн мэдлийн буюу төрийн оролцооны давуу байдлын шинэ давалгааны эрин үе эхлээд байна. 1972 оны үед газрын тос олборлогч найман том аж ахуйн нэгжийн хоёр нь л улсын компани (British Petroleum, BP болон Compagnie Franзaise de Pйtrole, CFP) байсан бол 2010 онд эхний 10 томоохон олборлогч компанийн найм нь улсын компани болсон байна. Газрын тосны салбарын үйл ажиллагаанд төрийн оролцооны давуу байдлыг бий болгох нь улс орны эдийн засгийн хараат бус байдал, улсын хөрөнгө, санхүүгийн өсөлтөд эергээр нөлөөлж, цаашилбал үндэсний баялгаа өөрсдөө захиран зар­цуулах боломжийг бий болгодог байна.

Монгол Улс газрын тосны хэрэглээгээ дотооддоо боловсруулах үйлдвэр барих замаар хангах нь эдийн засгийн үр ашигтай хэлбэр байж болох юм. Жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихад л манай улсын хэрэгцээг бүрэн хангаж, импортын шатахуунаас хамааралтай байдаг явдал үгүй болох юм. Гагцхүү төлөвлөтийг зөв хийх шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд эрчимжсэн газрын тосны хайгуулын үр дүнд Монгол Улс газрын тос олборлогч орон болсон. Өнөө үеийн хамгийн чухал анхдагч энергийн түүхий эд болох газрын тосны нөөц нь цаашид жилээс жилд нэмэгдэх, олборлолт ч ихсэх төлөвтэй болсон манай орны хувьд юун түрүүн газрын тосоо боловсруулж зах зээлийн хэрэгцээгээ хангах, харин нүүрс, шатдаг занар мэтийн боловсруулалтын өртөг өндөртэй бусад энергийн эх үүсвэрийг дараа нь ашиглах нь зүйтэй болов уу.

Дашдаваагийн Алтанцэцэг
цахим хаяг: altantse@mailserver.tu-freiberg.de
d_agi@yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж