Н.Энхбаяр ба Ц.Нямдорж

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр ба Ц.Нямдорж

ИЗНН дахиад л том тэнэгтэв. Ц.Нямдоржийг огцруулах асуудалд оролцохгүй буюу огцруулахгүй гэсэн намын дарга Д.Энхбатын байр суурь дээр С.Оюун, З.Алтай нар нэгдэж байгаагаа зарлалаа. Тэгээд байр сууриа илэрхийлж байгаа хэлбэр нь хүртэл их сонин л доо, чуулганы хуралдаанд оролцохгүй байх. Ер нь бол огцруулах огцруулахгүйдээ тулах юм бол ИЗНН шиг гурван гишүүнтэй намаас асуугаад ч байдаггүй юм. Тэртэй тэргүй УИХ дахь олонхи цөөнх хоёр асуудлаа шийдчихнэ. Тэр тусмаа өнгөрсөн сонгуулиар намын дарга нь ганц суудал чирж ирсэн, одоогийн дарга нь намаа тарааж орхиод өөр намын тогоонд толгой хоргодсон, гурав дахь бие даан нэр дэвшигчийн дүрээр орж ирсэн ч гэсэн долдугаар сарын 1-ний үймээнээс авахуулаад өнгөрсөн бүх үйл явдлууд дээр МАН-ын байр суурийг баримталж ирсэн гээд үхрийн бөөр шиг алаг цоог үзэлтэй гурван гишүүнтэй намыг удаан хугацааны холбоотноор сонгох улс төрийн нам хүчин бол бараг л байхгүй дээ.

Огцруулахгүй гээд байгаа үндэслэл нь бас их энгийн л дээ. Зүгээр л “Сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд Монголд олигарх бүлэглэлүүдийн дотоод зөрчил улам хурцдаж, хоорондын тооцоо бодох, өшөө авах ажиллагаа идэвхижлээ. Улс  орны өнөөгийн хямралт байдлын төлөө хамгийн их хариуцлага хүлээх учиртай эрх баригч МАН-ын УИХ дахь бүлгийн хэсэг гишүүд УИХ-ын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах санаачлага гаргаж, түүндээ улс төрийн бусад намуудыг татан оролцуулах оролдлого хийж байгаа нь энэ тэмцэл зөрчилдөөн туйлдаа хүрч буйн илэрхийлэл гэж ИЗНН үзэж байна. ИЗНН-ын УИХ дахь төлөөлөл нь эрх баригч намуудыг бүрдүүлж буй бүлэглэлүүдийн харилцан тооцоо бодож өс хонзонгоо тайлах, сонгуулийн өмнөх болон дараа үед нам дотроо бусдаасаа илүү байр суурь эзлэхийн төлөөх аливаа явуулгад татагдан орохгүй гэсэн байр сууриа илэрхийлж дээрх есөн гишүүний оруулж ирж буй үндэслэлээр сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудал хэлэлцэх чуулганы хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

ИЗНН-ын нөхдүүдэд бол Ц.Нямдорж сайд хууль зөрчинө үү байна уу, хариуцсан салбарынх нь ажил унана уу босно уу, Хууль зүй, дотоод хэргийн сайд иргэний ухаалаг үнэмлэхийг хэвлэнэ үү байна уу, хэвлэхгүй гэж хэрэлдэнэ үү зодолдоно уу огтоос падлийгүй болж байна л даа. Харин эрх баригч МАН-ын дотоодод бий болоод байгаа хагарал, хоорондын өс хонзонгийн тэмцэлд л их санаа зовж байгаа юм байна. Тэгээд энэ тэмцлийг дэмжихгүй гэдгээ ч хэллээ. МАН-ын дарга нар дотоод асуудалдаа санаа зовохгүй байхад ИЗНН-ын дарга нар гаднаас нь санаа зовоод байдаг нь хачирхалтай юм шүү. Тэгж их санаа зовоод байгаа бол одоо МАН, МАХН-ын хооронд “энхтайвны гүүр” болж, эвлэрүүлэн зуучлах ажлыг хийх хэрэгтэй л дээ. Сануулахад, шан харамжаа харин эртхэн тохирох хэрэгтэй дээ, сонгуулийн дүн яаж ч гараа билээ. Нөгөө “эх орны хишиг” шиг юм болбол хэцүү дээ, дахиад дөрвөн жил хүлээх хэрэг гарна.

Нөхдүүд цааш нь “Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон, ажлын хариуцлага алдсан хэн ч гэм зэмгүй өнгөрдөг байх ёсгүй. Гэхдээ энэ хариуцлагыг олигархи бүлэглэлүүдийн сонгууль угтсан тэмцлээр тогтооно гэвэл Монгол Улс эмх замбараагүй байдал, хямрал, шударга бус байдлаас салахгүй” гэжээ. Нэг үгээр хэлбэл Ц.Нямдорж сайдыг огцруулбал Монголд эмх замбараагүй байдал, хямрал, шударга бус байдлаас хэзээ ч салахгүй юм гэнэ. Нөгөө сайдын өөрийнх нь хэлдэг “Монголд надаас өөр хуульч байхгүй” гэдэг шиг юм болж байна. Монголд хямрал, эмх замараагүй байдлыг тогтоон барьж байгаа ганц хүн нь Ц.Нямдорж бололтой юм. Нээрээ ч Ц.Нямдорж сайдыг огцруулаад, цаадах нь шарандаа намынхныхаа “но”-г нэгбүрчлэн дэлгээд эхлэвэл улс төр хямрах нь байтугай бие биенээ цааш харуулж ч магадгүй нөхдүүд. Гэвч Монголын төрд хууль, шударга ёс, хариуцлага чухал уу, эсвэл нэг сайдын, нэг намын эрх ашиг илүү үнэтэй юу?

Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлаас болж намынхандаа шахагдаж, тойроггүй үлдсэн МАН-ын гишүүд МАХН-ыг бараадсан боловч “МАН, МАХН хоёр бидний тасарсан мах, үсэрсэн цус шүү” хэмээн ярьж байна. Энэ бол тэдний жинхэнэ үнэн. Тэднийг холбож байгаа ганц зүйл бол өнгөрсөн 20 жилд МАХН-ын дарга нарын Монголын улс төрд тарьж ургуулж, аалзны тор шиг бие биенээ хэрсэн авлига, хээл хахуулийн сүлжээ. Ийм том “эрх ашиг”-аар нэгдсэн нөхдүүдийн эв эвдэртлээ зай ч байны, лай ч байна. Харин ИЗНН хэний тасарсан мах, үсэрсэн цус билээ гэдгээ эргэж нэг харах ёстой байх.   

ИЗНН-аас гаргасан уг мэдэгдэлд харин нэг үг үнэний голтой сонсогдож байгаа нь “УИХ-ын гишүүний мандатыг сонгогчид бидэнд  улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудын шийдлийг тусгасан хууль, бусад шийдвэр боловсруулан батла хэмээн олгосон” гэдэг үг. Гэхдээ хэлэх нэг хэрэг, хийх өөр хэрэг. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хэлсэн нэг үг бий. Улс төрийн намыг хийх гэж байгаа зүйлээр нь бус, хийсэн зүйлээр нь бас үнэлж болдог юм гэж. Тэгвэл ИЗНН байгуулагдсанаас хойших арав, хорин жилийн түүхэндээ Монголын улс төр, нийгмийн амьдралд ямар нааштай өөрчлөлтийг авчирсан бэ, ядахдаа гурван гишүүн мандатынхаа дөрвөн жилийн хугацаанд энэ парламент дотор ямар эерэг өөрчлөлтийг эхлүүлсэн бэ гэдгээ эргэж харах ёстой. Хатуу болоод үнэн зүйл гэвэл энэ нам дангаараа парламентад ямар ч үүрэг рольгүй. Тиймээс улс төрийн хоёр том хүчний хэнийх нь талд нь зогсч, хэнээр дамжуулан өөрсдийн ямар бодлогыг шийдвэр гаргах түвшинд шахаж чадаж байна вэ гэдгээр энэ намын үйл ажиллагаа хэмжигдэнэ.

Ялангуяа Монголын төрийг 20 жил дампууруулсан эрх баригч намын дотоодод бий болж байгаа хагарал, зөрчилдөөнтэй байдал тус энэ намын хувьд өөрийн улс төрийн тоглолтыг хийх хамгийн том боломж. Ардчилсан намын ч хувьд ялгаагүй. Түүний оронд “Ц.Нямдоржийг огцруулах нь Н.Энхбаярыг авлигын хэргээс нь бултуулсан хэрэг болно” гэдэг байдлаар харж, энэ бол эрх барьж байгаа улс төрийн хүчний дотоодын, олигархиудын тэмцэл гэдэг байдлаар төөрөгдүүлэх юм бол нөгөө тэдний өмнөө барих дуртай хууль, шударга ёсны тухай яриа үнэ цэнээ алдана.

Учир нь Н.Энхбаярын АТГ-т шалгуулж байгаа үндэслэл болоод Ц.Нямдоржийг сайдаас нь огцруулах үндэслэл хоёр хоорондоо огтоос холбоогүй зүйл л дээ. Нэг нь албан тушаалаа ашиглаж, төрийн өмчид онц их хэмжээгээр шамшигдуулсан тухай, нөгөө нь албан үүргээ гүйцэтгээгүй тухай асуудал. Тэр тусмаа одоо сөрөг хүчний байр суурин дээр зогсч байгаа Ардчилсан нам, өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин гэж нэрлэсэн ИЗНН-ын хувьд аль аль нь эрх барьж байгаа нам, энэ Засгийн газрын алдаа болгоныг анаж, ёстой нөгөө “шилэн хүзүүн дээр нь исгэрч” зогсох ёстой. Энэ харин тэдний хийх ёстой ажил, сонгогчдоос тэдэнд мандатаар олгосон үүрэг даалгавар. 

Нэгэн үе улсын эзэн байсан Н.Энхбаярын хэргийг АТГ шалгаж эхэлсэн нь Монголын улстөрчийн зүрхэнд шар ус хуруулсан. Хэн ч гэсэн эхнэрийнхээ үсийг сэгсийлгэж, хүүхдүүдээ уйлуулаад, олны нүдэн дээр оймсоо гялалзуулаад ачигдахыг хүсээ гэж. Гэхдээ Н.Энхбаяр бол өнөөдөр жирийн л нэг иргэн, нам нь ч бас парламентад хүчгүй. Тэгэхээр иргэн Н.Энхбаярт үйлчилдэг энэ хууль эрх барьж байгаа намын лидерүүд, энэ Засгийн газарт үйлчлэх эсэхийг иргэд ч гэсэн анхааралтай харж байгаа.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж