“Гол мөрний урсацыг хамгаалах бодлого алга”

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

“Гол мөрний урсацыг хамгаалах бодлого алга”

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Д.Ганхуяг гишүүн “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын усны нөөцийн 80 хувийг газрын гадаргын, 20 хувийг гүний ус эзэлж байна. Гэтэл эсрэгээрээ ашиглаж байгаа усны 80 хувь нь гүний ус байна. Гүний ус нөхөн сэргэдэггүй, эсвэл нөхөн сэргээхэд удаан жил зарцуулагддаг. Гэтэл усны нөөцийн 80 хувийг бүрдүүлдэг гол мөрний урсацыг хамгаалах бодлого Усны тухай хуульд алга. Монголд хэдхэн тооны гол мөрөн байдаг. Одоо тэгвэл Хатан Туулаа хар даа. Энэ нь зөвхөн ус ашиглахтай холбоотой эрх зүйн орчинтой явж ирсэний үр дүн.  Тиймээс Гол мөрний тухай хуулийн төслийг өргөн барихаас өөр гарц алга". Уг нь 2008 онд хот байгуулалтын тухай хуулийг батлахдаа Хатан Туулыг тусгай хамгаалалтанд авах хуулийн заалтыг УИХ баталсан. Гэтэл өнөөдөр Хатан Туулын тусгай хамгаалалтын захиргаа байгуулна гэж сууна. Энэ нь хэтэрхий удаан байна. Ашигт малтмал ч бай, газрын гүний усны нөөцийг эрж хайсан ч бай тэр компани нь баялгийн ашиглалтыг 100 хувь мэддэг цаг  өнгөрсөн зууны үед өнгөрсөн. Энэ талаар Усны хуульд яаж туссан бэ гэж асуухад хууль санаачлагч Засгийн газрын төлөөлөл “Яг ийм байдлаар хуульд суусан” гэж хариулав.

Тус байнгын хорооны хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүн өөрийн санаачилсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, хунсний аюулгуй байдлын тухай хуулийн төслүүдийг танилцууллаа.

“Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх, арга хэмжээг 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жил хэрэгжүүлж дуусгавар болгоно” гэснийг иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 жилд хэрэгжүүлж дуусгавар болгоно” гэж өөрчлөх агуулгыг энэ хуулийн төсөлд тусгасан юм.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж