Хоёр танхимтай парламентын тогтолцоог санал болгов

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Хоёр танхимтай парламентын тогтолцоог санал болгов

“Парламентын шинэчлэлд улс төрийн намуудын үүрэг оролцоо” сэдэвт уулзалт өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд  уулзалтын үеэр “Монголын улс төрд өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг болжээ. Миний хувьд үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын дархлаа, улс төрийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн зөвшилцлийг бий болгож чадах хууль тогтоох байгууллага бол хоёр танхимтай парламент байж болох юм гэсэн саналыг дэвшүүлж байна” хэмээсэн юм. Энэ уулзалтад Ардчилсан нам, БНН, Ногоон нам, ИЗН, МУНН, ҮШН, Социал демократ нам болон УИХ дахь намын бүлгүүдийн дарга, УИХ-ын зарим гишүүн оролцлоо. Тэдний ярилцсан гол сэдэв бол парламентын шинэчлэл буюу хоёр танхимтай парламент, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, улстөрчид болон иргэний ёс суртахуун зэрэг асуудал байлаа. ҮШН-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Энхсайхан “Нэг танхимтай парламентын давуу тал нь хуулийг хурдан баталж, хариуцлага тооцоход амархан байдаг. Хариуцлага тооцож байна гээд хэчнээн Засгийн газрын “амь”-ийг нь авав, цаашид хэдийнх нь “амь”-ийг авах бол. Харин хоёр танхимтай парламентад давуу талууд бий. Бүс нутаг, нийгмийн анги давхарга, яс үндэстний төлөөллийг илүү оруулж өгдгөөрөө онцлогтой. Мөн хууль, үндэсний эрх ашгийг дээдлэх ёсыг тэнцвэржүүлэх болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг ерөнхийлөн хянах бололцоог олгодог. Ямартай ч хоёр танхимтай парламент бидэнд хэрэгтэй. Хамгийн гол нь эрх баригч намуудад үүнийг хийх улс төрийн зориг, хүсэл байна уу гэдэгт л асуудал байна. Хэрэв та бүхэнд улс төрийн эр зориг дутвал Монголыг юу угтаж байгааг Африкийн орны жишээнээс харж болно” хэмээн эрх баригч намуудын удирдлагаас асуулаа. Харин МУНН-ын дарга Б.Батболд “Монголын улс төрд олонхийн дарангуйлал тогтчихлоо. Өнөөдөр 76 Чингис хаантай болчихож. Одоогийн парламентад мэдэхгүй ч юм алга, бас мэдэх ч юм алга. Нэгэнт шинэчлэлт, өөрчлөлт хийхээр зориглосон бол МАНАН-д ашигтай бус Монголд ашигтай байх ёстой гэдгийг анхаараарай” гэв. Түүний дараа БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг ярихаасаа илүү хувь хүний ёс суртахууны тухай ярих хэрэгтэй юм. Бид хоёр танхимтай болъё гэж ярьж л байна. Тэнд ч гэсэн хүн л орж сууна шүү дээ. Ер нь намуудын төлөвшил гэж байна уу, юун түрүүнд намуудын дотоод хариуцлагын асуудлыг ярих шаардлага байна. Намууд хандив, авлига авдаг юм бол тэр мөнгөөрөө боловсон хүчнээ сайтар бэлтгэх хэрэгтэй. Д.Энхбат, С.Оюун нар парламентад үгээ хэлэхгүй, яагаад энд хэлээд сууж байгаа юм. Өлсгөлөн зарлаад ч хамаагүй хэлэх хэрэгтэй шүү дээ. Бид цуглаж, улс төрийн шинэчлэлийн талаар ярьж байна. Үүнээс илүү сонгуулийг ядаж л шударга явуулдаг болъё л доо. Сонгууль ямар болдгийг бүгд л мэдэж байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй” хэмээлээ.

Уулзалт, ярилцлагын үеэр намын дарга нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулах санал гарсан юм. Улс төрийн шинэчлэлт, өөрчлөлтийг энэ удаагийн хурлаар хязгаарлахгүй, ажлын хэсэг цаашид тулгамдаж байгаа асуудлаар санал солилцох хэрэгтэй гэдгийг намын дарга нар дэмжиж байлаа. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Парламентын шинэчлэлийг ярьж байгаа бол Сонгуулийн тухай хуулийг ярих хэрэгтэй болно. Одоо сонгуулийн тогтолцоон дээр асуудал үүсээд байна. Үндэстэн, ястны төлөөлөл сонгуульд оролцох саналаа эхнээсээ ирүүлээд байгаа. Хамгийн түрүүнд Урианхай, Тувагийн төлөөлөгчид орж ирнэ гэдгээ илэрхийлчихсэн. Улстөрчид Сонгуулийн тухай хуулиа судалж, унших хэрэгтэй. Мөн “Бөөс ч гэсэн бөөр, зүрхтэй” гэдэг шиг жижиг улс орнууд ч гэсэн хоёр танхимтай парламенттай байна. Иймээс бид шинэчлэлийг хийж эхлэх нь зүйтэй. Миний хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүсэл зориг төрөхгүй байгаа” гэв. Энэ үеэр Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэлэхдээ “Үндсэн хуулийнхаа тодорхой зүйлд өөрчлөлт оруулж, “гар хүрэх” цаг иржээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөвхөн Ардын нам, Ардчилсан намд хамаарах хэрэг биш. Нийтээрээ хэлэлцүүлж, саналаа оруулах ёстой. Мөн Төрийн тэргүүнд нэр дэвших хүний насыг 55-аас дээш гэж тогтоох хэрэгтэй. Ингэхгүй бол хэцүү байна. Төрийн өндөр албан тушаалаас буусныхаа дараа тайван сууж чаддаггүй, улс төрийг бужигнуулаад эхэлдэг. Харин 55 настай хүн Төрийн тэргүүнээр сонгогдоод найман жил боллоо гэхэд 63 насандаа албанаасаа бууна. Нас өндөр болсон хүн номоо бичээд намбайгаад суухаас өөр юу хийх билээ” хэмээн байр сууриа илэрхийллээ. Түүнийг үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Өнгөрсөн 20 жилийг улстөрчид туршилт хийж өнгөрөөсөн. Харин ирэх 20 жилээр бас туршилт хийх вий. Ирж яваа цагаасаа асуугаарай” гэдгийг онцоллоо. Түүний үгийг Ардын намын дарга С.Батболд эсэргүүцсэн юм. Тэрбээр энд залуу, хөгшний тухай ярих ёсгүй. Бид дунд үеийнхэн гэв. Мөн Ардын нам дотооддоо ямар ч асуудалгүй болсон. Иймээс улс төрийн шинэчлэл хийхийн тулд бусад намуудтай ажлын хэсэг байгуулаад ажиллахыг дэмжиж байна. Ямартай ч энэ удаагийн уулзалт зорилгодоо хүрлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг дараагийн уулзалтыг зохион байгуулна гэдгээ хэлсэн. Улс төрийн намууд биднээс улс төрийн эр зориг шаардсан, хийрхээд яахав хамтдаа ажиллая хэмээв.

 Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж