
1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж байх үеийн дэлхий ертөнц, хүний нийгэм, хөгжлийн тухай бидний ойлголт мэдлэг тун нимгэн хүний инээд хүргэм байсанд хэргийн хамаг учир оршино. Мөн 1960-1992 оны хооронд Монгол Улсад хууль боловсруулах, хууль зүйн боловсрол олгох, эрх зүйн судалгаа шинжилгээ хийх бүхий л үйл ажиллагаа 1960 оны Үндсэн хуулийн нөлөөнд хийгдсэн ба 1992 оны Үндсэн хуулийг боловсруулан хэлэлцэж батлалцсан хүмүүс нь ч дээрх хуулийн хүрээ хязгаараас халиагүй билээ. Хэдийгээр 1992 оны Үндсэн хуулийг батлахад гадаад улсын байгууллага, төслөөс ямар нэг хэмжээгээр мэдээллийн дэмжлэг үзүүлж байсан боловч дээрхи хүмүүс шийдвэрлэх рольтой оролцсон нь тодорхой. Тэд хуучин цагийн “бүтээгдэхүүн”-ий хувьд шинэ мэдээллийг буруу өнцгөөр авсан байх магадлалтай. Үндсэн хуулийг хөндсөн яриа гармагц л түүний сайн муугийн тухай маргаан болгож аваад явчихдаг нэгэн өрөөсгөл хандлагыг ч орхих цаг нь болжээ. Хэргийн гол нь үндсэн хууль сайн муу болсон тухайд мэтгэлцэхдээ биш харин цаг хугацаа улиран өнгөрөх хэрээр нийгэм урагшлан хөгжиж бид ч өөрсдөө өөрчлөгдөж байгаад оршино. Зөвхөн бид ч биш манай гариг дэлхий, хүн төрөлхтөн өөрчлөгдөн хөгжиж байна.
Үндсэн хууль бол юуны өмнө системийн хууль юм. Латин хэлний “constitution” гэдэг нь монгол хэлэнд “ерөнхий төлөв байдал” гэж орчуулагдна. Ямар ч улс “нийгэм, эдийн засаг, улс төр”-ийн чухам яг ямар системд оршин хөгжих гээд байгаагаа үндсэн хуулиараа тодорхойлдог гэж хэлж болно. Үндсэн хуулиараа тодорхойлон тогтоодог үндсэн гурван систем бий. Үндсэн хуулийн систем гэж нэрлэгдэх энэ төлөв байдлыг нөгөө талаас нь хөгжлийн загвар ч гэж нэрлэх явдал бий.
Эхнийх нь бидний сайн мэдэх улс орон маань 70 орчим жил замнасан социалист систем юм. Фашист, националист, фундаменталист дэг журмуудын хамт социалист дэг журам нь коллективизм буюу коллективист системийг бүрдүүлнэ. Бүхнийг нийтийн ашиг сонирхол хүсэл эрмэлзэлд захируулах зорилгод үйлчилдэг, хувь хүний бие даасан эрх чөлөөт байдлыг үгүйсгэсэн, үнэт зүйлсийг чиг баримжаа болгодог системийг коллектив систем гэж нэрлэдэг. Энэ системийн онцлог нь засаглалын хэт төвлөрөл, нийгмийг бүхэлд нь засаг төрийн нэрийн өмнөөс ноёрхогч бүлгийн хэмжээ хязгааргүй хяналтад байлгах эрмэлзлэл, хувь хүний эрх чөлөө, бие даасан байдлыг боломжит хамгийн доод төвшинд хүртэл хязгаарлах, нийгмийн баялагийг дахин хуваарилах төвлөрсөн систем бий болгох явдал юм.
Хамгийн товчоор тодорхойлбол:
- Удирдагч, удирдагч бүлэг, удирдагч улс төрийн байгууллагын хэмжээ хязгааргүй эрх, засаглах эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн тоталитар засаг төр,
- Хувь хүний бие даасан хараат бус байдлыг бүрэн үгүйсгэж тодорхой идеологийн дангаар ноёрхох ноёрхол, нийгэм, нийгмийн гишүүд нь ноёрхогч идеологи, ноёрхогч анги бүлэг үнэнч лояль байгаа эсэхийг хянах үндсэн үүрэг бүхий тоталитар хяналттай хаалттай нийгэм,
- Өмч, нийгмийн баялаг, баялгийн үйлдвэрлэл, хуваарлалтад ноёрхогч анги, ноёрхогч улс төрийн хүчнээс тавих бүрэн хяналт буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг зэрэг болно. Нэг үгээр хэлбэл 1990 оноос өмнө Монголд ноёрхож байсан социалист систем.
Удаахь нь бидний одоо амьдарч байгаа энэ төлөв байдал. Орчин үеийн улс төр судлалын ухаанд индивидуализм хэмээн нэрлэдэг. Чадалтай нь амьдарч, чадалгүй нь мөхөх ёстой балар ширэнгийн капитализм. Нийтийн баялаг, нийтийн ашиг сонирхол, бүх нийтийн хангалуун байдал гэх мэт ойлголтуудыг бүрэн үгүйсгэдэг, хувь хүний бие даасан эрх чөлөөт байдал, эрх ашиг, ашиг сонирхолоос өөр ямар ч асуудал чухал биш гэж үздэг, манайхны орчин үеийн хэллэгээр “чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээх зарчимыг мөрдлөг болгосон нийгмийн дэг журам. Барууны ертөнцийн хөгжлийн эхэн үеийн загвар болох энэ систем хүн төрөлхтнийг гал усны гашуун зовлон дэлхийг хамарсан хоёр их дайнд хүргэсэн юм.
Маш энгийнээр тодорхойлбол:
- Өнгөн дээрээ бүхнийг зохицуулах гэж буй дүр эсгэх боловч юунд ч гар хүрэхээс зайлсхийсэн, зөвхөн бизнесийн ашиг сонирхолд захирагдсан “шөнийн манаач”, засаг төр
- Хувь хүний бие даасан, юунаас ч хараат бус, чөлөөт байдлыг л чухалчилсан, ямар нэг идеологиос ангид, зохицуулалтгүй нийгмийн дэг журам,
- Адам Смитийн сургаалийн дагуу зах зээлийн үл үзэгдэх гарт бүхнийг даатгасан чөлөөт зах зээлийн эдийн засаг гэсэн гурван халим дээр тогтох нийгмийн дэг журам гэж хэлж болно. Энэ дэг журам яагаад болохгүй, бүтэхгүй байгаа тухай нуршин дурдах нь илүүц биз. Социологийн ямар ч судалгааг аваад үзсэн өнөөгийн нийгмийн энэ төлөв байдалд дуртай энэ орчинд аз жаргалтай байгаа хүний тоо нийт хүн амын 5-6 хувь нь л болж байна.
Хамгийн сүүлчийн буюу гурав дахь систем нь одоо баруун Европын орнуудад хөгжиж байгаа загвар юм.
Коллективист ба индивидуалист загваруудын аль алиных нь хүнлэг биш харгис шинж чанар, хамгийн гол нь хөгжлийг эрт орой хэзээ нэгэн цагт гарцаагүй мухардалд оруулдаг “нийгэм, эдийн засаг, улс төр”-ийн системийг тогтолцооны хямрал руу заавал ч үгүй хөтөлдөг дотоод мөн чанар зэрэг нь хөгжлийн гурав дахь загварын эрэл хайгуулын үндэс болсон гэж хэлж болно. Хөгжлийн ийм гуравдагч зам мөр загвар байж болох тухай онолын гаргалгаанууд нь аль ХVII, XVIII зуунуудад боловсруулагдаж эхэлсэн юм. Энэ загварыг орчин үеийн улс төр судлалд персонализм буюу хувь хүний эрх чөлөөт бие даасан байдал ба нийтийн сайн сайхны хосолсон загвар хэмээн нэрлэдэг.
Хамгийн товч байдлаар тодорхойлбол:
- ардчилсан хязгаарлалтад захирагдсан, нийгэм, улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, бүх нийтийн хангалуун амьдрал ба экологийн тэнцвэрт байдалд чиглэсэн идэвхитэй зохицуулалтыг хийх үндсэн үүрэг бүхий засаг, эрх зүйт ёс,
- хувь хүний эрх чөлөөт бие даасан байдал ба нийтийн эрх ашиг, ашиг сонирхолыг тэнцвэржүүлсэн нийгмийн нээлттэй ардчилсан дэг журам, иргэний нийгэм,
- нийгмийн болон байгаль экологийн тэнцвэрт, тогтвортой байдлыг хангах зорилгод нийцсэн төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засаг гэсэн үндсэн гурван зарчмыг баримталсан нийгмийн дэг журам. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Герман, Швед, Швейцарь зэрэг орнуудад хэрэгжиж давуу талуудаа бүрэн харуулсан систем юм.
Бас системийн задралын үед ажиглагддаг нэгэн өвөрмөц үзэгдэл бол дүүжингийн эффект юм. Аливаа тогтсон төлөв байдал эвдрэн нэг системээс нөгөөд шилжихдээ өөрийн энерцийг дийлэлгүй зохист төлөв байдлаас хэтрэн нөгөө эсрэг хязгаар руу тэмүүлэх үзэгдлийг чингэж нэрлэдэг. Цагийн дүүжин шиг. 1990 онд бид коллективизмаас татгалзахдаа зүй нь персонал үнэт зүйлсийн систем рүү шилжин орох ёстой байсан боловч шилжилтийн хурд ба далайцаа хэтрүүлэн шууд л индивидуалист тогтолцоонд харайн орсоныг дүүжингийн эффект гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй. Хүн бүр хар амиа бодсон нийтийн гэхээр юм юу ч байхгүй юм шиг өнөөгийн энэ төлөв байдлаас залхахдаа бид дахиад л хэт нэг тийш туйлшран гэдрэг савах юм бол түүн шиг эмгэнэлт тэнэг хэрэг гэж байхгүй биз. Тийм үзэл бодол яриа хөөрөө энд тэндгүй гарч байгааг анзаарахгүй байх арга алга.
Тэгэхлээр бид яг одоо байгаа байдлаа, ирээдүйгээ эрүүл ухаанаар нухацтай шүүн тунгааж нийтээрээ зөв шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Энэ бол Үндсэн хуулийн шинэчлэл. “Шинэ” Үндсэн хууль гүйцэтгэх ёстой үүрэг даалгавраа нэгэнт гүйцэтгэжээ. Одоогийн энэ төлөв байдлыг засаж залруулахгүй өөрийнх нь урсгалаар орхих юм бол ямар ч эмгэнэлт үр дагаварт хүрч болно. Дашрамд дурьдахад Жон Локк: “Засаглал нь амьдрах эрх, эрх чөлөө, шудрага ёс тогтоох болон өмчийн эрх”-ийг хамгаалах үүрэгтэй бөгөөд нийгмийн хэлцэлийн Үндсэн хууль дагуу бий болох учиртай. Засаглал нь олон түмнээс эх үүсвэртэй, тэдгээрийн сайн сайхны төлөө зорьж үйл ажиллагаа явуулах учиртай бөгөөд энэ үүргээсээ гажих тохиолдол олон түмэн түүнийг түлхэн унагах бүрэн эрхтэй” гэж үзэж байсныг сануулах нь зүйтэй болов уу. Шинэчлэнэ гэж ярих нэг хэрэг харин чухам яаж шинэчлэх вэ гэдэг бол огт өөр асуудал юм. Үндсэн хуулийн систем буюу хөгжлийн гурав дахь загварын хамгийн гол давуу тал нь улс орон урт удаан хугацааны туршид нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд оршин хөгжих нөхцөлийг бүрдүүлж өгдөгт байдаг. Хийж бүтээх олз ашиг олохоос гадна олсоноо, хийж бүтээснээ хадгалж чадсан улс үндэстэн л хөгжил цэцэглэлд хүрдэг. Оросууд хэрвээ янз бүрийн хувьсгал, иргэний дайн, харгислал дундуур туучин хийсэн бүтээснээ сүйтгэдэггүй байсансан бол өнөөдөр магадгүй Америкаас илүү хүчирхэг гүрэн болчихсон байх ч байсан юм бил үү хэн мэдлээ.
Асуудлын гол нь хувь хүний бие даасан эрх чөлөөт байдлыг нийтийн сайн сайхан байдалтай хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэгт л байгаа юм. Ардчилал бол дан ганц эрх чөлөө биш ээ. Хүмүүсийн дийлэнх нь хоосон хонохгүй байх тухай л боддог, өөр зүйлд цаг зав зарцуулах боломжгүй байгаа нөхцөлд ардчилсан систем оршин тогтнох, хөгжин бэхжих үндэс байдаггүй. Хүн зөвхөн өөрийгөө л боддог, хувийн эрх ашиг сонирхол л эцсийн эцэст нийгэм эдийн засгийн хөгжлийн түлхүүр нь болдог хэдий ч нийтийн юм гэж бас байдаг, түүнгүйгээр ямар ч систем тогтвортой байдлаа хадгалах бололцоогүй болдогийг бид ухамсарлах цаг нэгэнт болжээ.
Эрх мэдлийг төвлөрүүлэх биш, дан ганц өөрийн ашиг сонирхолд хөтлөгдөх биш харин эрх мэдлийн төвлөрлийг сааруулж хувийн эрх ашиг ба нийтийн сайн сайхан хэмээх ойлголтыг тэнцвэржүүлэх явдал хамгаас чухал байна.
Бидний сайн танил Карл Марксын хэлсэн нэгэн цэцэн үг бий. Тэрээр капиталистуудад хандан “Эрхэмсэг ноёд оо! Ажилчид та нараас “малгайгаа өг” хэмээн шаардвал өгөгтүн. Өгөхгүй бол тэд толгойтой чинь хамт авна шүү!” хэмээн анхааруулсан байдаг. Үндсэн хуулийн зарчим, шинэчлэлийн тодорхой асуудлаар цаашид задлаж ярилцах бололцоо олдоно гэдэгт найдаж байна.