Аав аа, амьд эргэж ирээрэй

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Аав аа, амьд эргэж ирээрэй

“Аав аа, амьд эргэж ирээрэй!” хэмээн бяцхан япон охин тэсгэл алдан хашгирчээ. Түүний горьдлого тээсэн энэ үгийг дэлхий нийт сонслоо. Гэвч Фукушимагийн атомын цахилгаан станцын дэргэд ажил­лаж, цацраг идэвхт бо­дисын аюултай нүүр тулан тэм­цэж яваа аав нь харин дуул­сан болов уу. Магадгүй тэр чихээрээ сонсоогүй ч сэтгэл зүр­хээрээ мэдэрсэн байх. Японд бяцхан охины аав шиг олон зуун хүн энх цагийн га­лын шугаман дээр зогсч байна. Тэд ар гэр, хайртай дот­ны хүмүүсийнхээ зүрхийг шимш­рүүлж, тэдэнд хагацал гуни­гийн харуулсыг мэдрүүлэн байж эх орон, ард түмэн, цааш­лаад хүн төрөлхтний амар ам­галангийн төлөө эр зориг гар­ган тэмцсээр.

Японы Фукушима мужийн Дайчи цөмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг бүрэн зог­соохын тулд нэн даруй хөргөх шаардлагатай болоод байгаа.

Аюултай нөхцөл байдал үүссэн бүс нутагт Японы сайн дурын аврах багийнхан ажиллаж, цацраг идэвхт бодисын түвшин хэр хэмжээнд хүрч байгаа талаар цаг алдалгүй мэдээлж байна. Ойролцоогоор 300 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн сайн дурынхан атомын цахилгаан станцуудад дэлбэрэлт гарахаас сэргийлж, бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Тэдний дунд цөмийн үйлдвэрийн ажилчид ч багтжээ.

Анх Японы зүүн, хойд эргийн хотуудад цунами нүүрлэж, хүчтэй газар хөдлөлт болох үед тэнд байдаг атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоож, ажилчдын дийлэнх нь аюултай бүсээс нэн даруй гарцгаасан билээ. Гэвч хүнд нөхцөл байдал дунд цөмийн реакторуудыг хөргөх ажлыг гардан хийхээр 200 орчим хүн сайн дураараар үлджээ. Тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Токио электрик” компаниас хараахан өгөөгүй байгаа юм. Фукушима мужид байрладаг Дайчи I, II, III атомын станцууд нь Японы “Токио электрик” компанид харъяалагддаг. Тиймээс яг ямар хүмүүс сайн дурын аврах багт орж, ажиллаж буй талаарх мэдээлэл цацагдаагүй байгаа. Харин хожим цөмийн үйлдвэрийн ажилчидтай сайн дурын 100 орчим хүн нэгджээ.

Цөмийн реакторууд, агуулах үйлдвэрүүдийн нөхцөл байдал одоогоор хяналтаас гарчихаагүй байгаа талаар Японы эрх баригчид мэдээлэх болсон. Тэр ч байтугай ойр орчим дахь цацраг идэвхт бодисын түвшин буурч, станцуудыг хөргөж эхэлсэн талаар онцолж байна. Харин энэ ажилд мөнөөх л сайн дурын аврах багийнхнаас дайчилж, нисдэг тэргээр далайн ус зөөж, цөмийн реакторуудын дээрээс асгаж эхэлсэн юм.

Хэрэв тэд нөхцөл байдлыг хяналтандаа байлгаагүй бол цөмийн реакторууд эхнээсээ хэдийнэ дэлбэрч эхлэх байсан. Ганцхан байгууламж бүрэн хэмжээгээр дэлбэрвэл ойр орчимд нь тэсэхийн аргагүй халуун болж, их хэмжээний цацраг идэвхт туяа агаар мандалд цацагдах юм. Цөмийн байгууламжуудаас 100 миллийн орчимд хорт бодисын тархалт нэгдүгээр түвшинд хүрч, байгаль орчин, ард иргэдийн амьдралд хүчтэй нөлөөлж эхэлнэ. Мөн салхины аяс  хаашаа эргэхээс хамаарч Японы арлын бусад хэсэгт богино хугацаанд тархан, цөмийн үүлнүүд үүснэ. Аюул ингээд дуусахгүй. Харин одоо нөхцөл байдал намжих төлөв ажиглагдаж байгаа. Гэхдээ энэ нь сайн дурынхны хувьд аюулгүй гэсэн үг биш. Хэдийгээр тэд хамгаалалтын хувцастай ажиллаж байгаа ч цацраг идэвхт бодисын түвшин ердийн үеийнхээс 20 мянган дахин өсчихөөд байгаа энэ үед сайн дурынхны цөөнгүй хэсэгт хэдийнэ хордлогын шинж тэмдэг илэрчээ.

Японы Ерөнхий сайд Наото Кан саяхан гаргасан мэдэгдэлдээ сайн дурынхны талаар онцолжээ. Тэрбээр “Аюултай бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн ачаар цөмийн станцуудыг хөргөх ажил бүтэмжтэй явагдаж байна. Тэд яг энэ мөчид үхлийн аюултай нүүр тулж байгаагаа анзаарах сөхөөгүй тэмцэж байна” гэжээ. Японы ард түмэн сайн дурынхныг үндэсний баатрууд хэмээн өргөмжилж байна.

Хаана аюулын харанга дэлдэнэ, тэнд баатрууд “хэзээд бэлхэн” зогсч байдаг. Чернобылын атомын цахилгаан станц 1986 онд дэлбэрч, хүн төрөлхтөн цацраг идэвхт бодисын хор хөнөөлийн өмнө хүчин мөхөсдөж байх үед өнөөх баатрууд л амиа үл хайрлан тэмцэж байлаа. Тухайн үед сайн дурын 600 гаруй ажилчин атомын цахилгаан станцын орчимд ажиллаж байв. Хожим нь тэднээс 134 нь цацраг идэвхт бодист хордож, 28 нь дөрөвхөн сарын дотор нас барчээ. Үлдсэн хэсэг нь эрүүл мэндээрээ хохирч, бүх л насаараа өвчинтэй тэмцэж, цаг бусаар амиа алдацгаасаар байна.

АНУ-ын ихэр цамхаг халдлагад өртөх үед тэнд байгаа хэдэн мянган хүний амийг аврахын төлөө аюулыг сөрөн алхсан сайн дурынхны эгнээнд мөн л олон хүн нэгдэж байв. Тэд баатарлаг үйл хийснийхээ шанд эрүүл мэнд, эд эрхтнээрээ хохирч, сэтгэл зүйн асар их дарамтад оржээ. Магадгүй төр засгаас нь тэднийг бүрэн хангамжид оруулж, ард иргэдийнхээ төлөө хийсэн үйлдлийг нь шагнасан байх. Гэхдээ эрүүл саруул сайхан амьдралаа золиослож, амь насаа эрсдэлд оруулан байж бусдын төлөө тэмцэж байгаа тэдний эр зоригийг юугаар ч үнэлж баршгүй, юутай ч зүйрлэж боломгүй мэт. Тэд бол энх цагийн баатрууд.

Тэд дээд тушаалтны даалгавраар энэ бүгдийг хийгээгүй. Тэд сайн дурынхан. Тэд өөрсдийн хүсэл зоригоороо баатар болох замыг сонгосон. Тэдэнд буцах зам байхгүй. Гэхдээ тэд  харамсаагүй. Магадгүй итгэл найдварын сүүлчийн очоо унтраахгүйн тулд чадлаараа залбирч байгаа япон охины аав эргэж ирэхгүй байж мэдэх юм. Гэхдээ охин нь том болоод ааваараа бахарна гэдгийг тэр мэдэж байгаа. Магадгүй тэр бяцхан үрийнхээ ирээдүйг хорт бодисын аюул заналхийлэлгүй, гэрэл гэгээтэй, сайн сайхан болгохын төлөө тэмцэж яваа биз. Үгүй ээ, охины аав заавал эргэж ирнэ. Фукушимагийн аюултай бүсэд ажиллаж байгаа зоригт баатруудын төлөө дэлхий нийт, хүн төрөлхтөн алга хавсран залбирна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж