П.Өнөрбат: Олимпод зодоглохыг мөрөөдсөөр өдий хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

П.Өнөрбат: Олимпод зодоглохыг мөрөөдсөөр өдий хүрлээ

Блиц:

Овог, нэр: Пүрэвжавын Өнөрбат
Төрсөн он: 1988 он, Хөвсгөл аймгийн Мөрөн сум
Төгссөн сургууль: Дархан-Уул аймгийн “Жигүүр” цогцолбор
Харъяа байгууллага: “Хасу Мегаватт” клуб, Үндэсний шигшээ баг
Цол, зэрэг: 2005 онд спортын мастер, 2008 онд олон улсын хэмжээний мастер
Амжилт: Монголын хүүхдийн биеийн, тамир спортын наадмын алт, өсвөрийн гурав, залуучуудын дөрөв, насанд хүрэгчдийн хоёр удаагийн улсын аварга Залуучуудын ДАШТ-ий хүрэл, ААШТ-ий өсвөрийн аварга, Залуучуудын ДАШТ-нд хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд алт, залуучууд болон насанд хүрэгчдийн тэмцээний мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн. ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн хошой хүрэл, Б.Будаевийн нэрэмжит олон улсын тэмцээнд 2007 онд хүрэл медаль, 2010 онд ОХУ-ын Красноярск хотод болдог Д.Миндиашвилийн Бөхийн академийн нэрэмжит олон улсын тэмцээнд мөнгөн медаль, 2012 онд “Mongolia Open-2012” олон улсын тэмцээнд хүрэл медаль, БНХАУ-ын Тайюань хотод болсон олимпийн эрх олгох сонгон шалгаруулах олон улсын тэмцээнд алтан медаль хүртсэн.

Казахстаны тэмцээнээс ганзага хоосон ирж, спорт сонирхогчдоос багагүй зэмлэл хүртсэн чөлөөтийнхөн БНХАУ-ын Тайюань хотод болсон “Лондон-2012” олимпийн III шатны сонгон шалгаруулалтаас дөрвөн эрхтэй ирж байгаа. Эмэгтэйчүүд анх удаа олимпод бүтэн багаараа оролцох бол эрэгтэйчүүдээс хоёр дахь эрхийг нь 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат авсан билээ. Ингээд ч  зогсохгүй төрийнхөө дууллыг эгшиглүүлж, алтан медалиар олимпийн эрхээ мялаасан. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Алтан медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрх авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл маш их хөдөлж байна. Би чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн цагаас л олимп хэмээх спортын агуу том баярт оролцохыг мөрөөдсөөр өдийг хүргэлээ. Миний хувьд олимпод барилдана гэдэг нэр төрийн хэрэг. Мөрөөдөл минь одоо л биелэх болж байна. Сэтгэл үнэхээр хангалуун байна. Намайг энэ спортоор хичээллэхэд дэмжсэн аав ээждээ, мөн Ц.Баярсайхан болон бусад багш нартаа, “Хасу-Мегаватт” компанийн хамт олондоо, захирал Ж.Түмэн-Аюуш ахдаа, хамт хичээллэдэг тамирчдадаа, холбоондоо, БТСГ-ын хороондоо, “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, дарханчууддаа их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ бүх хүн намайг мөрөөдлөө биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

-Таны хувьд өнгөрсөн жил Туркийн Стамбулд болсон ДАШТ-д оролцож байсан. Тэр тэмцээнээс энэ удаагийнх юугаараа ялгаатай байв?

-Тийм ээ. ДАШТ-д олимпийн эрх авах зорилго өвөртөлж оролцсон. Гэвч харамсалтай нь эхний тойрогт дэлхийн аварга Д.Царгуштай таарч барилдаад ялагдсан. Тэгээд олимпийн эрхгүй хоцорч байсан юм. Харин энэ удаа холбооны удирдлагууд надад дахин боломж олгосон учраас бүх хүчээ гаргана гэж бодсон. Олимп эрх авахын тулд маш их хичээсэн юм шүү. Одоо бол олон хүний итгэлийг даасандаа баяртай байна.

-Ингэхэд чөлөөт бөхөөр хичээллээд хэр удаж байна вэ?

-Анх 10 настайдаа чөлөөт бөхийн спортод анх хөл тавьж, Ц.Баярсайхан багшийн шавь болж байлаа. Гэтэл нэг мэдэхэд 12 жил өнгөрсөн байна.

-Алтан медалийн төлөө ДАШТ-ий медальт бөхтэй барилдах ямар байв?

-Би нийтдээ дөрвөн барилдаан хийж, олимпийн эрх авсан. Энэ тэмцээнд оролцсон хүн бүр олимпийн эрхийн төлөө ирсэн болохоор барилдаан болгон маш хүнд, өрсөлдөөнтэй байлаа. Тэдний дундаас Туркийн бөхтэй хийсэн барилдаан хамгийн хэцүү нь. Гурван үе барилдаж байж ялсан шүү. Миний хувьд энэ тэмцээнд олимпийн эрх авлаа гээд тайвшааргүй. Эрхээ авсны дараа ДАШТ-ий хүрэл медальт, Унгарын бөхийг ялж төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүссэн. Тиймээс ялалтын төлөө л бүх хүчээ гаргасан. Ер нь том, жижиг ямар ч тэмцээнд сул өрсөлдөгч гэж байдаггүй шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн амжилт мэдэгдэхүйц буурч байгаа. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ. Ер нь чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид амжилтаа ахиулахын тулд ямар алхам хийх ёстой юм бол?

-Үнэнийг хэлэхэд энэ талаар сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ эрэгтэйчүүд маань удахгүй сэргэлт авна гэдэгт итгэлтэй байна.

-Олимпийн бэлтгэлээ хаана базаах вэ. Наана нь тэмцээн уралдаанд оролцох уу?

-Мэдээж хэрэг олимпийн бэлтгэл маш чухал. Холбооны удирдлага, шигшээ багийнхаа дасгалжуулагч нарын гаргасан төлөвлөгөөний дагуу л бэлтгэл сургуулилтаа хийнэ.

-Бөхийн спортоор хичээллэж буй хүн бүр өөрсдийн гэх дархан мэхтэй байдаг. Таны хувьд?

-Би голдуу хоёр хөлд ээлжлэн ордог мэх хийдэг. Үүнийгээ төгс болгож олон хувилбараар хөл авдаг болохын төлөө багштайгаа хамт мэрийж байна.

-Эрхээ авч эхний даваагаа давлаа. Одоо?

-Бэлтгэлээ сайн хийж байгаад олимпод амжилт гаргахын төлөө л хичээнэ дээ. Эрхээ авсан юм чинь олимпоос медаль зүүхийг хүсч байна. Тэгээд ч Лондоны олимпийн медалийг Монголын газар нутгаас олборлосон баялгаар хийж байгаа шүү дээ. Тийм болохоор энгэртээ монгол медаль гялалзуулахыг хүсч байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бэлтгэл сургуулилтаа чамбай хийнэ. Өрсөлдөгч нараа ч нэлээд сайн судална.

 Б.МӨНХЗУЛ

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж