Д.Тэрбишдагва МАХН-ын дэд дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва МАХН-ын дэд дарга боллоо

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар өнөөдөр үдээс хойш МАН-аас гарч буйгаа мэдэгдсэнийхээ дараа МАХН-ын
төв байранд хүрэлцэн очиж, МАХН-ын гишүүнчлэлээ албан ёсоор сэргээсэн
билээ. Өнөөдөр хуралдаж буй МАХН-ын Бага чуулганы хуралдаанаар дөнгөж сая дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Тодруулбал, МАХН-ын дэд даргаар Д.Тэрбишдагва, нарийн бичгийн даргаар Ч.Улаан, О.Чулуунбат нар сонгогдсон байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Улаан зүүн бүсийг, О.Чулуунбат төвийн бүсийг хариуцан ажиллахаар болжээ. Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчлагдсан өдрөөс хойш МАН-аас гарах дуулиан дэгдээгээд байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар өнөөдөр МАХН-д элсээд байна.

Харин эдгээр гишүүдтэй нэгдээд байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-ын бүлгээс гарах шийдвэр гаргасан ч МАХН-д элсэхээ албан ёсоор мэдэгдээгүй юм. Тэрбээр өнөөдөр үдээс хойш хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Бүлгээс гарах шийдлийг гаргасан нь зөвхөн Хууль зүйн сайдыг
огцруулахтай холбоотой юм биш. Уул уурхай болон бусад асуудлын хүрээнд
тодорхой шийдвэр гаргахыг Ерөнхий сайдад хандан асуудал тавьсан ч өнөөг
хүртэл алхам хийгээгүй. Гэтэл чоно борооноор гэгчээр сонгуулиар
далимдуулж орд газруудыг захаас нь зарж эхэлж байна. Ийм асуудлыг
зохицуулах ёстой УИХ дахь гол бүтэц маань намын бүлэг. Харамсалтай нь,
ард түмний төлөөлөл болж байгаа гишүүний тавьсан асуудалд улс төрийн
дэмжлэг үзүүлж шийдэхгүй байгаа учраас миний хувьд намын бүлэгт
ажилласны хэрэг гарахгүй байна гэж үзсэн. Гэхдээ намын бүлгээс гарч
байна гэдэг нь намаасаа гарч байна гэсэн үг биш. Энэ бол тусдаа асуудал" гэсэн юм. 

                                    Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж