”Динозавр” сэтгэлгээ хөгжилд саад болж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

”Динозавр” сэтгэлгээ хөгжилд саад болж байна

Газар нутгийнхаа баял­гийг бус, тэнд бүтээн байгуулалтын ажил эхэлж буй хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээг “ухаж” амьдардаг хэсэг хүмүүс байх юм. Тэд хаврын хаварт энэ гэрээний талаар ухаж, төнхөн муулахдаа ихээхэн таашаалтай байгаа нь анзаарагдах боллоо. Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг гуйвуулан тайлбарлаж байгаатай холбогдуулан бо­дит байдлын талаар зарим зүй­лийг сануулах нь зүйтэй болов уу.

Монголын Засгийн газ­рын эзэмшлийн 34 хувийг 6-7 хувь хүртэл буурсан хэмээн түгших болсон нь хариуцлагатай зарим албан ту­шаалтны хийсэн улстөржсөн хийрхүү мэдээллээс улбаатай. Хүс­сэн хүн бүр хаанаас ч олж үзэж болох Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д “Төр нь хөрөнгө оруулагчдын энгийн хувьцааны 34 хувийг өмчилнө” гэсэн заалт бий. Энэ хувь, хэмжээ төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд үл өөрчлөгдөх, харин ч Монголын тал эзэмшлийн хувиа цаашид нэмэгдүүлэх эрхтэй хэмээн тэнд бичсэн байдаг. Уг нь энэ тухай хангалттай тайлбарласан ч итгэхийг хүсэхгүй байгаа хэсэг нь өөрсдийн үзэл бодлыг бусдад тулгах нь хэрээс хэтэрлээ.

Монголд урьд хожид ийм ашиг, олз байгаагүй байж болно. Энэ шокоосоо гарахын оронд цэрвэн айж, хардаж, сэрдэх “динозавр” сэтгэлгээнээсээ салах цаг нэгэнт болжээ. Чухам энэ л манай улсын хөгжил дэвшилд саад болоод байна.

Юу ч хийхгүй байснаараа буюу эс үйлдлээрээ тусалж болдог, бас гэмт хэрэг хийж болдог. Харин энэ удаад нэмэр болохгүй ч гэсэн саад болохгүй байгаасай. Юу хийхийг нь хар, дараа нь шүүмжлэх цаг олдоно гэж сануулмаар байна. Мэдээж “Ухаад гараад явчихсан хойно нь уу” гэх байх л даа. Ухаад гарч явдаг тэр хүмүүс өөр, дэлхийн жишигт нийцсэн, маш сайн гэрээ байгуулаад, олон улсын өмнө түүнийгээ нотлохын тулд ажиллаж буй хөрөнгө оруулагчид бүр ч өөр гэдгийг цаг хугацаа л харуулна.

Оюутолгой төсөлд нэмэлт хөрөнгө шаардлагатай гэхээр л “Бидний халааснаас гарах нь” гэж хашгираад, хөрөнгө оруулалтын хувь хэмжээг нэмэхээр 34 хувь багасах нь гээд халаглаад байх юм. Монголын тал яг хэдэн төгрөг гаргаад өгчихсөн юм бэ. Хувь, хэмжээ нь яаж багасчихаад байна вэ. Өнөөх гэрээгээ ухаж, унш л даа. “Хөрөнгө оруулалтын явцад нэмэлт хөрөнгө шаардлагатай болбол түүнийг гадаадын хөрөнгө оруулагчид дангаараа хариуцна. Монгол Улсын Засгийн газрын хувь оролцооны хөрөнгийг “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компаниуд  санхүүжүүлж байгаа учраас Монголын талаас бэлэн мөнгө гаргах шаардлагагүй. Энэ нь Засгийн газрын эзэмших хувь хэмжээг бууруулахгүй байх баталгаа болно” гэсэн тайлбарыг гэрээ байгуулсан талууд удаа дараа өгч байсан.
Энэ гэрээ хэрхэн хэрэгжихийг дэлхий нийт, уул уурхайн томоохон гигантууд, хөрөнгө оруулагчид харж байгаа. Юуны өмнө дэлхийд данстай дээрх хоёр компани ямар хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлж, бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, Монголын ард түмний аж, амьдралыг дээшлүүлэн, хөгжлийг нь өөд татах нь вэ гэдгийг харна. Нөгөө талаас монголчууд гадны хөрөнгө оруулагчдыг хэрхэн хүлээн авч, итгэл хүлээлгэн, ажлаа хийлгэж чаддаг юм бэ. Хөрөнгө оруулах орчин нөхцөл, улс төр, олон нийтийн үзэл бодол, чиг хандлага нь хэр таатай вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Дээрх хоёр компани нэр төрдөө хайртай байгаагаас илүү монголчууд ч нэр хүндээ хайрлах ёстой юм биш үү.

Аливаа ажлын үр дүнг харж байж, дараагийн амжилтыг гаргах нь зүйн хэрэг. Хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 15 сарын хугацаа өнгөрчээ. Бүтээн байгуулалтын талбарт 4000 орчим монгол хүн ажиллаж байна. Уул уурхайн болон бусад салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд 100 гаруй тэрбум төгрөг төлөвлөн зарцуулчихаж. Монголын 3000 гаруй компани Оюутолгой төслийнхөнтэй хамтран ажиллаж, ашиг орлогоо эрс нэмэгдүүлсэн. Монголын компаниудаас нийт 400 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн худалдан авсан нь үүнд нөлөөлсөн байж таарна. Энэ бүхнийг нэг дор бүхлээр нь харах боломгүй бол ядаж Өмнөговийн иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарсан, орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлснийг нүдээр үзчих хэрэгтэй.

Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн цогц үнэлгээний судалгаанд “Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр ирэх 10 жилд Монголын эдийн засаг жилийн 10 хувийн өсөлттэй байна” хэмээжээ. Тодруулбал, 2020 он гэхэд эдийн засаг хоёр дахин өснө гэсэн үг. Цалин хөлсний хэмжээ бодитой өсч, валютын ханш тогтворжих дүр зураг харагдаж байна. Энэ боломжийг үгүйсгэх, буцаах эрх хэнд ч байхгүй. Учир нь бидний ирээдүй, хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлага, эр зоригийн асуудал энэ гэрээнээс уяатай байгааг мартаж болохгүй.
Оюутолгойн гэрээний цаана стратегийн бусад ордын олон гэрээ хүлээж буй. Тэр бүхнийг гуйвуулан доромжлоод байвал хэн бидэнд хөрөнгө оруулж, юу бүтээн байгуулж, ямар аргаар улсаа хөгжүүлэх болж байна аа.

Төрийн зүгээс Оюутолгой төсөлтэй холбоотой буруу ойлголтыг цэгцлэх, гэрээг баталгаатай гэдгийг ард түмэнд ойлгуулах зорилгоор зарим шийдвэртэй алхмыг хийж эхэллээ. Тухайлбал энэ сарын 16-нд Засгийн газрын  хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед”  компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцтай танилцсан. Энэ үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  “Гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцлийг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэх та­лаар тус компанийн ТУЗ,  хувь  ний­лүүлэгчдийн хурал болон бу­сад яриа хэлэлцээний үеэр удаа дараа хэлэлцсэн. Үүний үр дүнд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцоонд хүрсэн” гэсэн тайлбар өгсөн юм. Энэхүү тохиролцооноос Монголын тал дандаа л хөрөнгө гаргаагүй гээд зээл аваад суух бус хүссэн үедээ  хөрөнгийн өөрт ногдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэйг онцолсон. Мөн “Тархи угаагчдын” гол арга хэрэгсэл болж толгой эргүүлээд байсан “Давуу эрхийн хувьцаа”-тай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар болжээ. Үүний оронд зээлийн эрхийн бичгээр санхүүжүүлье гэдэг дээр ч талууд тохиролцсон байна. Энэ талаар болон бусад тохиролцооны талаар танилцуулъя. 

1. Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ:
Яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9 хувь нэмэх нь АНУ-ын инфляцийн өсөлттэй холбоотой бөгөөд Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувиар тооцохоор хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцлоо. Санхүүжилт болон зээлийн шинээр тохиролцсон хувь, хэмжээ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчийн оролцоот  аж  ахуйн нэгжүүдэд ол­годог санхүүжилтийн урт хугацааны зээлийн хувь, хэмжээтэй дүйцэхүйц одоогийн санхүүжилтийн нөхцөлөөс манай талд илүү үр өгөөжтэй юм. Энэ тохиролцоог 2011 оны нэгдүгээр сарын 31-ий өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ.

2. Монголын талын санхүүжилт хийх эрх:  Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ногдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй байхаар тохиролцсон байна. Мөн манай талын санхүүжилт хийх нөхцлийг бүрдүүлэх үүднээс компани нь жил бүр үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батлахдаа ирэх арванхоёрдугаар сарын хугацаанд шаардлагатай мөнгөн хөрөнгийн хэрэгцээ шаардлагын төлөвлөгөө, танилцуулгыг Төлөөлөн Удирдах Зөвлөл болон болон хувь нийлүүлэгч талуудад танилцуулахаар боллоо.

3. Санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбар: /Funding hedging options/: Төслийн нийт санхүүжилт болон зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6, 5 хувь байна. Хэрвээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан Лондонгийн банк хоорондох зээлийн хүүнь компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбаруудыг судалж, шаардлагатай арга хэмжээг авна. Мөн Хөрөнгө оруулагч талтай долоон жил тутамд санхүүжилт болон зээлийн хүүгээ дахин судалж хэлэлцэхээр болжээ.

4.Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилт: Компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглана. Төсөлд зориулан хувь нийлүүлэгч талууд гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтийг компанид санал болгохдоо уг санхүүжилтийн өртөг зардалд аливаа хураамж ногдуулах, нэмэлт ашиг хийхгүй байхаар тохиролцов. 

5. Монголын талын эзэмшлийн 34 буурахгүй байх: Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байхаар өмнө нь гэрээнд тусгасан байсан.  Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран Монголын талын хувь эзэмшил (34 хувь)-ийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байхыг баталгаажууллаа.

6. Давуу эрхийн хувьцаа: Хувь нийлүүлэгчдийн гэрээний арваннэгдүгээр бүлэгт өмнө нь тусгагдсан байсан давуу эрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар болжээ. Үүний оронд зээлийн эрхийн бичгээр санхүүжүүлэх юм. 

7.Бусад асуудал: “Айвенхоу Майнз Лимитед”болон “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”компани гэрээний дагуу “Оюутолгой” ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл “Оюутолгой” ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж, бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцов. Ийнхүү хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээний талууд тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулахаар болжээ.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж