Мэргэн буучид Сиднейд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид Сиднейд өрсөлдөж байна

Австралийн Сидней хотноо Олон улсын буудлага спортын холбооны “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний дасгалууд өнөөдөр өглөө эхэллээ. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу, 10 метрийн хийн гар буу, харин эрэгтэйчүүдийн 50 метрийн урт буу /гурван байрлалаас/ болон таваг буудлагын тэмцээн болж байна. Харин манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, З.Батхуяг нар, харин 10 метрийн хийн гар бууны төрөлд Ц.Мөнхзул, О.Гүндэгмаа, Ц.Хонгорзул нар онч мэргэнээ сорьж байгаа юм.

Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалын дүн гараад байна. Энэ төрөлд өрсөлдөн Ч.Нарантуяа урьдчилсан дасгалд 396 оноо авснаар 10 дугаар байрт бичигдэж, улмаар шигшээ буудлагад өрсөлдөх боломжгүй болсон бол О.Янжинлхам 394 оноогоор 23, З.Батхуяг 393 оноогоор 39 дүгээр байрт тус тус бичигджээ. Харин энэ төрөлд Хорватын мэргэн бууч Шнейзана Печич урьдчилсан дасгалд 399, шигшээ буудлагад 103,6 оноо авснаар нийлбэр 502,6 оноогоор түрүүлсэн байна. Удаахь байруудад Ираны Элахе Ахмади, Украйны Дария Тыхова нар шалгарчээ.

Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт Ц.Мөнхзул нарын өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгал яг одоо үргэлжилж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж