Нутгийнхаа хөгжилд гар бие оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Нутгийнхаа хөгжилд гар бие оролцоно

Энэ залууг Даваасүхийн Зоригтбаатар гэдэг. Архитектор мэргэжилтэй. Манай улсын мянга мянган залуусын нэгэн адил холыг мөрөөдөж, сайхан ажиллаж, амьдрахыг хүсдэг. Түүний хүсэл зорилгын нэгээхэн хэсэг саяхан биелж, цааснаас  бодит амьдралд хэрэгжиж эхлээд байгаа юм. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө  толилуулья.

 – Аливаа улс, хот, аймаг, төв суурин газрын нүүр царай үүд хаалганаасаа мэдэгддэг гэж хэлж болно. Миний мэдэхээс манай аймгийн төвийн үүд хаалга болох Сүхбаатар самбар сүүлийн 20-иод жилд лав шинэчлэгдээгүй.Одоо чиний зураг төслөөр шинэчлэгдэх ажил хийгдэж  байгаа  юм  байна. Өөрийнхөө тухай яриач?

   -Намайг Зоригтбаатар гэдэг. 2006 онд ШУТИС-ын БИАС-ын архитектурын ангийг дүүргэсэн. Аймгийн ерөнхий архитекторын  хувьд  энэ бол  миний  хийх ёстой  ажлын нэг  хэсэг юм. Залуу хүнийхээ хувьд аймгийнхаа хөгжилд гар бие оролцох ёстой гэж  бодож  явдаг. Би оюутан  байхаас ажлаа  хийж эхэлсэн. Анх 3-р курсэд байхад Төв аймгийн Хөшигтийн хөндийд барих нисэх буудлын хотын  ерөнхий төлөвлөгөөний ажилд оролцож байсан. Улаанбаатар хотын төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Чойрын ЭЗЧБ-ийн мастер төлөвлөгөө, Хөвсгөл нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг томоохон ажлуудад гар бие оролцож явлаа. Мөн орон сууц, оффиссын, эмнэлгийн зэрэг хэд хэдэн барилгын ажлын зургийг хийж гүйцэтгэсэн. Одоо бол аймагтаа баригдаж байгаа барилга байгууламжид мэргэжлийн талаас хяналт тавьж, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

-Хотод хэдэн жил ажилласан юм байна. Сэлэнгэд  ирж ажиллаад нэг жил болох гэж байгаа гэлүү? Залуучууд хот руу шуураад л харин чи наашаа …

Би Сэлэнгийн унаган хүүхэд. Энд арван жилээ төгссөн. Дээд сургуулиа төгсөөд барилгын зураг төслийн “Проект-Икс”, “ЭЗТ”, “Мон-Инж-Экон” ХХК зэрэг компаниудад ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа их зүйлийг сурч авсан. Багахан ч гэсэн туршлагатай болчихоод нутагтаа ирж мэргэжлээрээ ажиллах юмсан, бүтээн байгуулалтанд гар бие оролцох юмсан гэж боддог байлаа. Ингээд  л аймагтаа өөрт байгаа  мэдлэг чадвараа зориулая гэсэн бодолтой ирсэн. Ер нь хөдөө амьдрах тэр тусмаа төрсөн нутагтаа ажиллаж, амьдрах сайхан  байлгүй яахав.

 – Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

Хүүхэд байхаас л зураг, хөдөлмөрийн хичээлд дуртай байлаа. Ахлах ангид шугам зургийн хичээлд дурлаж, ер нь л зураг зурж, цаас хайчилж нааж  суудаг хүүхэд  байсан. Арван жилээ төгсөөд мөн л зураг зурж  шалгалт өгч, дээд сургуульд орсон. Манай ШУТИС-ын БИАС-ын архитектурын тэнхимийн Оргил, Гомбо, Гончигбат, Дагшигдорж, Эрдэнэбат, Пүрэв, Мандах, Пүрэв-Эрдэнэ, Болормаа, Өэлүн гээд сайн сайн багш нар зөндөө бий. Сургалтын чанар сайн, дээрээс нь оюутан өөрөө хичээвэл  бүүр л сайн.

-Хийсэн  зураг төслийн  ажлынхаа  талаар сонирхуулаач?

-Сүхбаатар самбарын хувьд аймгийн төвийн үүд хаалга гэдэг нэг утга санаа, дээрээс нь Сэлэнгэ аймаг маань Монгол улсын хойморт нь байрлалттай, үүх түүхээрээ бол гурван Мэргэдийн нутаг гэсэн санаануудыг агуулсан байгаа. Хуучин байсан самбарыг аймгийнхаа 80 жилийн ойг угтан шинэчилж байгаа юм. Барилга угсралтын ажлыг 11 сарын эхээр дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Гэрэлт” цогцолборын хувьд гэвэл мөн л ойгоо угтаж хийж байгаа ажлуудын нэг. Ард иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, бас аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой цогцолбор болох юм. Байгууламжийн гол талбайд Мэргэдүүдийн охин болох Чингис хааны бага хатан Хулан хатны хөшөөг босгохоор төлөвлөсөн. Дээрх ажлуудыг мэдээж аймгийн Засаг даргын санал, санаачлагаар  хийж гүйцэтгэж байгаа.

Ийн бид хоёр ярилцлаа. Арван жилд байхын хүүхдүүдийн шугам зургийн дэвтрийг тэврээд харьдаг байсан жаахан хүү өдгөө том эр болжээ. Тэрээр хөдөө амьдарч байгаа хүн хөгжлөөс хоцорно гэж байхгүй болсон. Ялангуяа манай Сэлэнгэ аймагт. Мэдээллийг бүхий л сувгаар  цаг алдалгүй авч, мэргэжлээ шинэ мэдээллээр баяжуулж, хөгжлөөс  хоцрохгүй явах боломж дүүрэн байна  гэж ярьсан. Бас аймагтаа хүүхэд, залуучуудад зориулсан парк байгуулах юмсан гэж бодож явдаг гэсэн. Түүнд   хийхийн  их  хүсэл, тэмүүлэл дүүрэн байна.
                                                                      

                                                                                                       Р.Бумдарь     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж