
Төвөгшөөхгүй бол жаахан нуршъя. Улстөрчид хэдхэн салбарыг голчлон анхаарч, түүнийгээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх салбар учраас тэр хэмээн тодотгож буйг бид өөр өөрсдийн дэлдэнгээрээ олонтаа сонсчээ.
Ерөнхий сайдын танхим өнгөрсөн намар ийм маягаар Монголын “тулгуур” салбарт төсвөөс мөнгө олгосон. Үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох ноолуурын салбарыг /ноолууран хувцас үйлдвэрлэдэг үйлдвэрүүд/ дэмжихэд 100 тэрбум төгрөг олгож байв. Энгийнээр харахад энэ нь үнэхээр нүдээ олсон үйлдэл мэт. Гэвч… Тэдгээр хүүгүй зээл олгох арван ноолуурын компанийн дунд Ерөнхий сайдын “Алтай кашмер” байсныг санаж байгаа байх. Магадгүй түүний компани энэ салбарт тэргүүлэх зэрэглэлийн үүрэгтэй байж болно.
Гэхдээ Ерөнхий сайдын бизнесийг дэмжих бодлогыг Монголын төр баримталж байгаагаас өөр зүйл биш гэж үү. Хэдийгээр үүнийг тэрээр өөрөө санаачлагаагүй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан байсан ч ийм шийдвэр гаргах нь утгагүй. Тиймээс Ерөнхий сайд оролцоогүй ч гэлээ түүний хамсаатнууд оролцсон. Тэр ч утгаараа энэ санаачлага дэмжигдэж татвар төлөгчдийн мөнгөнөөс 100 тэрбумыг нь хүүгүй, удаан хугацааны туршид зээлсэн билээ. Гэхдээ өнөөдрөөс ийм зүйл үгүй болох боломжтой. Улс төргүй бизнес, бизнесгүй улстөрч. Монгол ийм тогтолцоонд өнөөдрөөс шилжиж байна.
…Шатахууны үнэ гэнэт өсөв. Үүнийг дагаад нийт монголчуудын амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхлэв. Гол нь машиныхаа шатахууныг авч дийлэхгүй, нийтийн тээврээр зорчихдоо бус нийт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж, иргэд бор хоногийнхоо хоолыг хүчрэххгүй болсон болохоор тэр. Энэ бас л учиртай. Үүнийг зохиомол үнийн хөөрөгдөл гэдгийг тогтоож, шатахуун импортлогчдод 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Харамсалтай нь энэ шийдвэрийг дараагийн дарга нь хүчингүй болгов. Шалтгаан нь ердөө л “Шатахуун импорлогчдын ард улстөрчид байсантай” холбоотой гээд шууд хардчихая. АТГ-т жил бүр өгдөг хөрөнгө орлогын мэдүүлгийг хараарай. “Жаст” группын ар талд УИХ-ын гишүүн С.Баяраас эхлээд олон гишүүн бий. Нэг ёсны хувьцаа эзэмшдэг гэсэн үг.
МАХН-ын бага хурлын төлөөлөгч О.Содбилэг гэхэд л “Петровис” компаниар овоглодог. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч, “Өргөө” театрын эзэн Ц.Анандбазарын хамгийн том бизнес нь “Сод Монгол” гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ. “Магнай трейд” ч ялгаагүй. Цаашаа тоочвол бүгдээрээ ардаа эзэнтэй, буух нэртэй. Хамгийн гол нь шатахуунаа дэлхийд байхгүй өндөр үнээр худалдан авдгийн учир нь ердөө л улстөрчид бизнестэй хутгалдсан явдал. Ердөө л энэ. Тэд улс төрийн лобби бүлэглэл үүсгэж, улстөрчдийг ивээн тэтгэх, зарим нь улстөрд өөрийн биеэр орж тодорхой бизнесээ хөгжүүлдэг явдал энэ. Оюутолгойн гэрээг баталдаг жил тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын орлого 20 дахин өссөн байсныг манай уншигчид санаж байгаа болов уу. Авлигатай тэмцэх хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд зөвхөн хөрөнгөө мэдүүлэх л үүрэгтэй, харин АТГ үүнийг нь хуулийн хугацаанд нь хураан аваад бидэнд мэдээлэх л үүрэгтэй. Шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулиар үүнийг шалгах шалгах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Харин өмнө нь зөвхөн иргэн гомдол гаргасан тохиолдолд л АТГ шалгадаг байсан билээ. Мэдээж түүнийг авлига авсан эсвэл сонирхлын зөрчлөөр хууль баталж, бодлого хэрэгжүүлснээр ашиг орлого нь нэмэгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй ч хэрэг явдал асуудалгүй өнгөрүүлсэн.
Уучлаарай, дахиад ингэнэ гэвэл боломжгүй. Улс төргүй бизнес, бизнесгүй улстөрч. Монгол ийм тогтолцоонд өнөөдрөөс шилжиж байна.
Жаахан гүнзгийрүүлээд дахин нэг эрхмийг жишээ татъя. “УБ зочид буудал” ХК, “Говь” ХК, “Зоос гоёл” ХК, “Авто импекс” ХК, “Женко тур бюро” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Зоос банк”, “Хүнсний технологийн коллеж”… Энэ бүгдийн хувьцааны тодорхой хэсгийн өнөөгийн Шадар сайд М.Энхболд эзэмшдэг. Тэрээр өнгөрсөн хугацаанд дан ганц төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн нь түүнийг ийм хувьцаа эзэмшихэд хүргэжээ. Өөр олны дунд алдаршсан хоч, нэрийг нь энэ удаад дурдахгүй. Гэхдээ цалингаасаа өөр орлогогүй байсан эрхэм яагаад ийм их хувьцаа эзэмшдэг болчихоо вэ.
Энэ мэтээр иргэдийн дунд өнө мөнхийн оршдог хариултгүй асуултуудад энэ хууль хариулт өгнө. Албан тушаалтнуудын хүнд суртал өнөөдрөөс хойш хязгаарлагдаж байна. Өмнө нь зөвхөн төрд ажилладаг хийгээд төрийн өндөр тушаалтны хамсаатны бизнес цэцэглэж, өөр хэн боловч өршөөлгүйгээр дампуурдаг ёс бус зүй тогтол устах хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Хамгийн товчхондоо төрийн албанаас тэрбумтанууд гарах үндэсгүй боллоо, хэрвээ хуулийг хэрэгжүүлбэл шүү дээ.
Хамгийн сүүлд буюу өчигдөр гэхэд л “Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая долларыг зарцуулахаар болсон. Эрүүл мэндийн салбар 22 тэрбумаа авчихсан тул Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор бүх багш нарыг зөөврийн комьютерээр хангахаар болж энэ ажлыг БСШУЯ-нд даалгажээ. Ингээд эмгэнэлт инээдмийн жүжиг эхлэх нь тэр. БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төсөлдөө “Шинэ зууны боловсрол” гэдэг гоё нэр өгч өнгөрөгч хоёрдугаар сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлажээ. Уг тендерт Хятадын “ZTE”, “Haier” болон АНУ-ын “Интел” “Майкрософт” компанийн консерциум оролцсон аж. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ. Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал ахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Ж.Бат-Эрдэнийг нэмж оруулахын хамт хорооны ааш зан гэнэт өөрчлөгдсөн гэнэ” гэсэн мэдээлэл facebook-ээр тэнэж явна. Энэхүү будилаантай тендер нь салбарын сайд Ё.Отгонбаяртай холбоотой талаар ч шуугиж эхэллээ. Энэ мэтээр танил талаа харж тендерт давуу эрх олгодог олон арван үйлдлүүд өнөөдрөөс эхлээд “stop” болж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас эхлээд сайд, эрхэм төрийн түшээдийн бизнес өнөөдрөөс эхлээд бусдын адил болох учиртай. Эс тэгвээс энэ хууль эргэлзээтэй хэрэгжиж байна гэж хардах үндэслэл ч бий болж болох юм. Үгүй ч байж мэднэ. Ямартай ч энэ хууль хэрэгжиснээр тендерт авлига өгөх хэрэггүй боллоо гэж.
Төрийн албан хаагчид аюутугай, түмэн олон биширтүгэй.
