Зээл олгоход иргэдийг чирэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Зээл олгоход иргэдийг чирэгдүүлжээ

Дундговь аймгийн хэмжээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас иргэд аж ахуйн нэгжид 2009 онд 771 сая төгрөг, 2010 онд 535 сая төгрөгийн зээл олгожээ. Үүний үр дүнд 170 гаруй хүн ажилтай болсон байна. Мөн 20 орчим жижиг дунд үйлдвэр шинээр байгуулагдсан аж. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн эрхлэх асуудлын хүрээнд үйлдвэржилтийн асуудал багтдаг тул аль ч аймагт очсон жижиг дунд үйлдвэрээр орж,  зээлийн хэрэгжилт иргэдэд хэр үр дүнгээ өгч буйтай танилцдаг жишгийн дагуу энэ удаад Дундговь аймагт зээл авсан болоод жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэд аж ахуйн нэгжээр орж үйл ажиллагаатай нь танилцан санал хүсэлтийг нь сонслоо. Дундговь аймагт ундны усны хувьд тун ч хэцүүхэн байдалтай тулгараад буй гэнэ. Аймгийнхаа хүн амыг цэвэршүүлсэн усаар хангах зорилт тавин ажиллаж буй  “Чандмань ус” компанийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл аваагүй. Банкнаас өнгөрсөн жил 30 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэл явуулж эхэлжээ. Гүний усыг  цэвэршүүлж, савлаж үйлдвэрлэдэг тус компани долоон дамжлагаар усыг цэвэршүүлж, шүүгээд баллонд савлаж, худалдаалдаг бөгөөд  зээлд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлэв. Хэрэв Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авах юм бол үйлдвэрийн байр бариулж, үйл ажиллагаагаа өргөтгөх бодолтой байгаа. Үйлдвэрээ өргөтгөх юм бол ирээдүй бий”  гэж тус компанийн захирал хэллээ. Харин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Энэ бол бизнес гэхээсээ илүүтэйгээр Дундговь аймгийн иргэдийн эрүүл мэндийн өмнө тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа учраас асуудлыг биечилж хөөцөлдөж болно. Үйл ажиллагааг чинь дэмжиж байна” гэсэн юм. Тэргүүн шадар сайд “Талын гурван уул” компанийн малын тэжээлийн үйлдвэрт дараа нь очсон юм. 70 хувийг нь будаа, 28 хувийг нь өвсөөр хольж хийдэг малын тэжээлээ аймгийнхаа сумдад нийлүүлдэг гэсэн. Одоогийн байдлаар нийтдээ 70 орчим тонн тэжээл нийлүүлээд байна. Эднийх мөн л банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүнийгээ ЖДҮД сангийн зээл болгох хүсэлтээ Тэргүүн шадар сайдад хэлж байлаа.

Дараагийн компани болох “БМБХ” хэд хэдэн үйл ажиллагаа явуулдаг. Машин угаалга, засвар, үйлчилгээ, тос тосолгооны бараа бүтээгдэхүүн худалдаалах, цайны газар зэргийг давхар ажиллуулдаг. Удахгүй зочид буудал барьж, ашиглалтад оруулснаар цогц үйлчилгээ бий болгохыг зорьж буйгаа компанийн захирал Н.Мэндсайхан ярьсан юм. ЖДҮД сангаас эднийх 35 сая төгрөгийн зээл авчээ. Гэвч банкны хүү одоогийн байдлаар буурч, ЖДҮД зээлийн хүүтэй ойртож байгаа учир Засгийн газраас арга хэмжээ авах боломж байгааг Тэргүүн шадар сайдаас лавлав. Мөн Дундговь аймагт тус сангийн зээлийг дамжуулж олгодог “Хадгаламж” банк эхний жилдээ зөвхөн хүүг биш, үндсэн зээлээ төлөх болзол тавьсан байна. Энэ нь шинээр үйлдвэрлэл эхэлж байгаа хүмүүст хүндрэлтэй байдгийг хэллээ. Н.Алтанхуяг сайд зээл дамжуулж буй “Хадгаламж” банкны захирлыг дуудаж, яагаад тогтоож өгсөн чиглэлийн дагуу биш өөрсдийн үзэмжээр Засгийн газрын ажилд саад учруулаад байгааг асууж өөрсдийн гаргасан энэ алдаагаа засч,  эргэж мэдэгдэх үүрэг өгсөн юм. Түүнчлэн сайд сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг “Саруул өндөр” компани жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих  сангаас 20 сая төгрөгийн зээл авсан болон, 48 сая төгрөгийн зээл авч, оёдлын цех байгуулсан н.Мөнхбаяр, гар аргаар эсгий олборлож буй малчин н.Бат-Эрдэнэ нарынд очиж үйлдвэрлэлийнх нь үйл ажиллаагаатай танилцлаа. Тэргүүн шадар сайд энэ аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн чиглэлээр хийж байгаа ажлууд сайн нь ч байна, бас төрийн бодлогыг завхруулж буруу явуулах түүнийг нь орон нутгийн удирдлагууд хянаж шалгадаггүй тал ч байна. Энэ тал дээр цаашдаа анхаарах ёстой. Мөн ЖДҮ-ийг дэмжих зээлийн хүүг бууруулах тал дээр эргэж судлах ёстойг энэ үеэр хэлж байлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж