Оюутны спортын наадам Архангайд болно

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Оюутны спортын наадам Архангайд болно

Монголын оюутны спортын холбоо 1997 оноос эхлэн баруун таван аймгийн оюутан залуучуудын санаачлагаар бүсийн их наадам явуулж ирсэн нь 2011 оноос орон нутгийн их, дээд сургуулийг хамрах болж, хүрээгээ тэлжээ. Энэ удаагийн орон нутгийн оюутны спорт, урлагийн ХV дугаар их наадмыг 2012 оны 09 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгуулах аж.

Наадмын бэлтгэл ажлыг шалгах МОСХ-ны ажлын хэсгийнхэн 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Архангай аймгийн төвд ажиллаад иржээ. Тэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Ариунтуяа, БТСГ-ын дарга Ц.Нэргүйбаатар, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирал доктор Р.Нямцэрэн нартай уулзаж, тэмцээний бэлтгэл ажлыг сонирхсон байна. Мөн наадмын тэмцээн болох аймгийн БТСГ, БС, ЕБС-ийн 1 ба 2 дугаар сургууль, “Цэнгэлдэх хүрээлэн”-гээр орж, тамирчид хооллох, байрлах газар, нээлт хаалтын ажиллагаа болох газруудтай танилцсан байна. Ингээд Ажлын хэсгийн ахлагч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан  тэмцээний ЗБКомиссын гишүүд, сургуулийн удирдлага, биеийн тамирын тэнхимийн хамт олонтой ажил хэргийн уулзалт, ярилцлага хийж, наадмын зааврыг эцэслэн баталжээ.

Спортын их наадмын ерөнхий зохион байгууллагчаар Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ), МУБИС-ийн Архангай аймаг дах Багшийн сургуулийн захиргаа ажиллаж байна. Аймгийн ЗДТГазар, БТСГазар, БСГазар, Цагдаагийн хэлтэс, аймгийн ХДТеатрын удирдлагаас бүрдсэн Зохион Байгуулах Комисс (ЗБК) наадмын ажилд туслаж байгаа юм. Наадамд Архангай, Баян-Өлгий, Говь-алтай, Дорнод, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 10 гаруй аймгийн 20 орчим ИДС-ийн 400 оюутан тамирчин оролцох ба бүсийн хэмжээнд хамгийн том спортын бага “Универсиад” наадам  болох юм.

Наадам сагсан бөмбөг, волейбол, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг 6 төрлөөр явагдах бол урлагийн наадам нь мэндчилгээ, гоцлол дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, оюутан мисс зэрэг 6 төрлөөр болно. Наадмын үеэр “Орон нутгийн их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутанд тулгамдаж буй зарим асуудал” эрдэм шинжилгээний их хурал, ректор, захирлуудын ажил хэргийн уулзалт, бүсийн ОСХ-ны хурал зэрэг болно гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж