
Тэгээд ч Н.Энхбаяр гэх хааныг түүний нэрийг ашиглах, улс төрийн хүрээллийг нь өөрийн болгох гэсэн санаархагчид л хүрээлэн байсан юм. Ийм учраас тэр хүрээлэл, даган баясагчид нь жаахан хазайхад л дал мөрөө харуулан үнэн төрхөө гаргаж байгаа хэрэг.
Улсын Ерөнхийлөгч байсан хүний хөрөнгө мөнгө ч улс төрийн хүрээнд эргэн орохыг санаархагчдад ихээхэн хэрэгтэй байсан бололтой. Улс төрийн холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд орсны гол шалтгаан нь хөрөнгө мөнгөгүй болсон гэх тайлбарыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал ил цагаан зарласан. Н.Энхбаярыг эзгүй хойгуур эхнэр О.Цолмон нь хүүгээрээ дамжуулан түүний орыг эзэгнэхийг санаархахын хажуугаар “юмыг яаж мэдэхэв” гэсэн далд санаагаар хөрөнгө оруулалтаа түр зогсоогоод байгаа тухай ч шуум тараад байгаа.
Н.Энхбаярын хоригдох хугацааг хоёр сараар сунгасан болохоор тэрбээр ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Ийм тохиолдолд улс төрийн тавцанд гарахын тулд цацаж байсан хөрөнгөө нөхрөө эзгүйд өөр хүмүүст сул хаяхгүй гэсэн санааг О.Цолмон хатагтай гаргасан нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар хөрөнгө хаяхгүй, үл ойлгогдох байдалд байгаа нь эзэн хаан эргэж ирэхгүй бол хэрхэх вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаатай холбоотой гэсэн.
Үүний хажуугаар хошуу амаа билүүдэх дуртай Н.Цогтгэрэл, Л.Цог, Н.Удвал, Л.Эрдэнэтуул, Г.Уянга нар хоорондоо таарахгүй байнга муудалцах болоод байгаа аж. Элдэв зургийн цуглуулга болсон Н.Энхбаярын холбоо ийнхүү хаанаа эзгүйд хагаран унав.
Хэдхэн жилийн өмнө бие биедээ дайсан байсан хүмүүс нэгдэж нийлдэггүй, улс төрд найз байдаггүй гэдгийг ийнхүү эл холбоо харуулав. Н.Энхбаяр 1997 онд парламентад орж ирмэгцээ хамгийн түрүүнд М.Энхсайханы Засгийн газрыг унагаж байсан, түүний хариулт болгож М.Энхсайхан өөрийн дотны анд Ж.Наранцацралт агсантай нийлэн Н.Энхбаярыг казиногийн хэрэгт хамаатуулан яллах гэж байсан гээд тоочвол олон хувь тавилангийн эргүүлэгт бие биенийхээ эсрэг явсан тохиолдлууд байдаг. Тухайн үед буюу 1999 онд казиногийн хэргээс 20 мянган доллар авсныг нь илрүүлж тавдугаар сарын 15-нд барьж яллана гэдгээ талийгаач Ж.Наранцацралт хэдийнэ төлөвлөчихсөн байсан гэдэг. М.Энхсайхан ч эл төлөвлөгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэж барын зулзагыг бага дээр нь дарах нь зүйтэй хэмээн санал нэгдэж байсан ажээ.
Мөн Н.Энхбаярт одоогийн дотны анд болоод байгаа Г.Уянга л анх “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг нэрийг өгч, олноо алдаршуулан хэлц үг болгож байлаа. Г.Уянга “Гадаад хэргийн яам, дотоод хэргийн яам, цагдаа, тагнуул, элчин сайдуудыг нэгтгэн нэг гарт барьж байгаа хүн бол Ерөнхий сайд Н.Энхбаяр. Түүнийг шинэ цагийн дарангуйлагч гэж нэрлэж болно. Өнөөдрийн болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн ганцхан Н.Энхбаяртай холбоотой. Үндэсний дэвшлийн нам, МҮДН зэрэгт элсэх шахаж байсан Н.Энхбаяр МАХН-д элссэнээр улс оронд томоохон дарангуйлагч шинээр бий болсон түүхтэй. Н.Энхбаяр бол холын бодолтой бус холын шуналтай хүн гэж нэгэн цагт Эрдэнэ баавай үнэн зөв тодорхойлж байжээ. Б.Энхмандахтай нийлэн казиногийн хэргээс 20 мянган доллар хувьдаа авч дөнгөсөн энэ хүн хэдэн ч удаа намын нэрээр, хашиж байгаа албан тушаалынхаа ачаар аврагдаж болно. Гэхдээ хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй учраас хэзээ нэгэн цагт баригдаж яллагдаж л таараа” гэж ирээд дээхэн үед Г.Уянга өнөөгийн андынхаа талаар хөрөг нэвтрүүлэг хийн од болж байлаа. Үүнийг монголчууд мартаагүй ээ.
Н.Энхбаяр хааны сэнтийгээс буумагцаа ийм л хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлсэн. Энэ түүний гол алдаа байжээ. Нэгэн цагт нийлэн намнаж байсан хүмүүс энэ үед найзархана гэдэг хэзээ ч байдаггүй асуудал гэдгийг яг одоо М.Энхсайхан Н.Энхбаяр хоёрын дунд болоод байгаа нөхцөл байдлаас харж байна. Н.Энхбаярыг баригдсанаас хойш М.Энхсайхан ямар үйл ажиллагаа явуулав. Маргааш нь түүний TV9 телевизэд нэг ярилцлага өгснийг эс тооцвол өнөөг хүртэл хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Холбооны тэргүүн болох, Н.Энхбаярын орыг залгамжлах дайнд л оролцож байсан болохоос үй зайгүй андынхаа төлөө ганц үг ганхийсэнгүй. Эхлүүлээд байсан холбоогоо задран унаж байхад ч үг дуугарахгүй байна. Ийнхүү удахгүй болох сонгуульд хаангүй холбоо харамсалтай нь амжилт үзүүлж чадахгүй нь бололтой.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин