Түрээсийн байрны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Түрээсийн байрны үнэ нэмэгджээ

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн дуулианаар байрны үнэ тэнгэрт хадах болсон. Ердөө сар га­руйх­ны хугацаанд орон сууцны ам метрийн үнэ 300-600 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Үүнийг барилгын компаниуд нийслэлд дэд бүтэц муугаас газрын ханш галзуурсан, барилгын материалын үнэ өссөн зэрэг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байгаа. Шинээр баригдах барилгын үнэ өсөхөд дээрх хүчин зүйлс нөлөөлж болох ч, “чоно борооноор” гэгчээр үүнийг далимдуулан үнэ өсгөн ашиг горилогчид олширсоор байна. Тэдний нэг нь байр түрээслэгчид. Орон сууцны үнэ өссөн сургаар л түрээсийн байрны үнийг хаданд харайлгаж эхлэв. Уг нь жилийн жилд өдийгөөс долдугаар сарын сүүл хүртэл түрээсийн байрны үнэ буурдаг. Учир нь оюутнуудын амралт эхэлж хөдөөнийхөн нутаг буцдаг, орон сууцны халаалт зогсдог гээд хэд хэдэн зүйл үнэ ханшид нөлөөлдөг байв. Ханш өсөх цаг нь намар сургууль цуглах үе. Хөдөөнөөс оюутнууд ирэх үеэр түрээсийн байрны эрэлт нэмэгдэж, түүнийг дагаад үнэ нь ч өсдөг. Гэтэл одоо зах зээлийн жам өөрчлөгдөж хаврын шувуудтай хамт ханшийн өсөлт халаас тэмтэрдэг болчихжээ. Түүгээр ч зогсохгүй түрээсийн байрны эздийн ааш авир өөрчлөгдөж  төлбөрийг доод тал нь 3-6 сараар, цаашилбал жилээр нь авна, эс бөгөөс байраа түрээслүүлэхгүй гэхчилэн тун ч додигор байна. Түрээсийн байр байршил, дотоод засал, гадна орчин гээд хэд хэдэн зүйлээс шалтгаалан өдийд доорх ханштай байдаг байв.

Хажуу өрөө /том/ 150-180 мянган төгрөг

Хажуу өрөө /жижиг/ 130-150 мянган төгрөг

Нэг өрөө байр
250-300 мянган төгрөг

Хоёр өрөө 350-500 мянган төгрөг

Гэтэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс өнөөдрийг хүртэл түрээсийн байр дээрх ханшаас 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийтийн байрны үнэ ч ийм шатлалаар нэмэгджээ. Тухайлбал, цэвэрхэн, тохь тухтай нийтийн байр өрөөний том, жижгээс хамаарч 180-220 мянган төгрөгийн ханштай байх жишээтэй. Орон сууц худалдаж авъя гэхээр урьдчилгааны мөнгөө дийлэхгүй, түрээсийн байранд амьдаръя гэхээр төлбөрөө 3-6 сараар төлөх боломж тогтмол цалинтай, дундаж амьдралтай хэсэгт улам хомс болж байна.

М.УЯНГА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж