Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байнгын хорооны хуралдаан дээр асуудлыг учирлан тайлбарлаж байсан бол тэсэж үлдсэнийхээ маргааш нь телевизээр ярилцлага өгөхдөө “Хэдэн балгасны төлөө юун сүртэй юм бэ”, “Намайг байхгүй бол Монголд хууль байхгүй. Хэн дуртай нь хүссэнээ хийх болно” хэмээн ихэрхэж байв. Түүний хамгийн том дутагдал бол энэ. Тэрбээр телевизийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагынхаа төгсгөлд “Би бол Монголын хууль, Монголын сүүлчийн хуульч” гэсэн энэ омгорхол ямар ч үед түүнийг дэмждэг “фэнүүд”-ийг нь хүртэл цочоож дургүйцлийг нь төрүүлсэн юм. Гэвч түүнийг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх учиртай. Энэ бүхэн олон нийтэд ил болсон үйл явдал. Харин хөшигний цаана юу болсон бол.
Юуны өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг өргөн барьсан есөн гишүүн эдүгээ долуулханаа болжээ. Д.Балдан-Очир, Р.Раш нар нэрээ татаад авчихаж. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж тэднийг найраад, эсвэл “айлгаад” өөрийнхөө талд татчихаж дөнгөсөн байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэр хоёртой тус тусад нь ганцаарчилж уулзсан гэсэн мэдээлэл ч бий. Тэгэхээр тэр хоёрын “амыг үдэх”-д хамгийн амархан байжээ гэсэн үг. Р.Рашийг “Х.Баттулгын төмөр замын төслийг дэмжлээ” гэж, Д.Балдан-Очирыг “Алтан медальтай хуц импортлохдоо авлига өгсөн” гэж л ялладаггүй юм бол”хөөрхий” тэр хоёрт Ц.Нямдоржоос айх шалтгаан байхгүй билээ. Тэгэхээр “Ирэх сонгуульд өрсөлдөх тойрог өгөхгүй шүү” гэхээс өөр тэднийг шантаажлах асуудал байгаагүй л болов уу. Учир нь Д.Балдан-Очир гишүүн ердөө долоохон хоногийн өмнө “Ц.Нямдоржийг огцруулна гэсэн зорилгоосоо няцахгүй” гэдгээ мэдэгдсэн юм.
Хамгийн сонирхолтой нь Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцсэн МАН-ын бүлгийн хурал дээр Ц.Нямдорж “Долоон жил сайдаар ажиллалаа. Одоо дахиад яасан ч сайдаар ажиллахгүй” гэж амласан байгаа юм. Тэгэхээр МАН-ынхан хүчээр сайдаар нь үлдээгээд байгаа ч юм шиг хачирхалтай дүр зураг харагдаж байгаа биз. Үүний цаана “Битгий огцруулаач. Сүүлийн удаа сайд хийхдээ ийм эвгүй байдлаар явмааргүй байна” гэсэн гуйлт ч цухалзах шиг. Мөн Ц.Нямдорж “Намайг шүүхэд өгчих, хорьчих” гэхчлэн бардамнаж, удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийж зүй бус авирласныхаа төлөө намын нөхдөдөө зэмлүүлж, бүлгийн хурал дээр гишүүдээс уучлал гуйсан гэнэ. Хэдийгээр албан ёсоор биш ч гэсэн намынхан нь түүнийг ийнхүү бүлгийн гишүүдийг хүндэтгэн уучлал хүссэн үг унагасныг сайшаах, бас өрөвдөх, эсвээс сонгууль ойртсон учраас жүжиглэж байна хэмээн зэвүүрхэх гэхчлэн янз бүрийн өнцгөөс харж байгаа ажээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Ц.Нямдоржийг хамгийн их эсэргүүцсэн хүн бол Д.Загджав гишүүн байсан аж. “Чи Н.Энхбаярыг хорино гэж эртнээс ярьсаар байгаад хорилоо” хэмээн бухимдаж байсан тэрбээр “Нууцаар санал хураах ёстой” гэж цамнан Ц.Нямдоржийг жинхэнээсээ айлгаж орхижээ. Түүний цамнахыг бүлгийн гишүүд арайхийн дарж авсан юм байх. Хэрэв нууцаар санал хураасан бол Ц.Нямдорж гарцаагүй огцрох байсан. МАН-ын бүлгийн хуралд түүнийг цээжээрээ хамгаалдаг С.Баяр нь оролцоогүй. Харин У.Хүрэлсүх оролцсон боловч тэгтлээ “чанга” дуугараагүй байна. Түүнд энэ удаад дуугүй байх хангалттай шалтгаан бий.
Д.Загджав гишүүн “Нууцаар санал хураая” гэдэг саналаа Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ч тавьсан. Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдоржийн хэлсэн үгийн гол агуулга нь “Шүүгчийн захирамжаар хийж байгаа энэ ажиллагаанд би албан тушаалаа ашиглан оролцож болохгүй. Хууль зөрчиж уг ажиллагаанд оролцсон бол би баривчлах, хоригдох ял хүлээх байсан. Ёс суртахууны тухайд янз бүрийн л яриа байдаг юм. Энэ УИХ намайг ХЗДХ-ийн сайдаар ажилла гэж томилсон. Тэр шийдвэр хүчинтэй байгаа учраас ёс зүйн хувьд би энэ албыг хашиж байгаа” гэсэн юм.
Ирэх долоо хоног мөн л Ц.Нямдорж сайдын хувьд хүнд өдрүүд байх бололтой. Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нууц санал хураалт явуулж мэдэх юм. Энэ тохиолдолд Ц.Нямдорж лав 80 гаруй хувийн саналаар огцорч мэднэ. Харин илээр санал хураавал тогтож үлдэж мэдэх ч магадлал тун бага. Түүнчлэн АН, МАН дахь найраа нь амжилттай боллоо гэхэд С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нар айсуй сонгуулийн өмнө ард түмэнд шударга харагдахаа бодох л учиртай. Тэдэнд ямар Ц.Нямдоржид барьцаалагдах шалтгаан байх биш. Ямартай ч Ц.Нямдоржийг “нам дарах” цорын ганц боломж олдсон нь энэ байсан гэдэгтэй олон улстөрч санал нэгтэй байгаа юм.
Хэрэв ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийн оронд өөр хэн нэгэн байсан бол гарцаагүй хариуцлага хүлээж байсан. Дахин жишээ татахад “Ми-8” онгоцыг шалгаж хүлээж авахгүй яасан юм бэ” гэдэг үндэслэлээр уг ослын дараа тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Одбаярыг огцруулж байв. Тэгэхэд албан ёсны тоогоор 350, Н.Энхбаярын “тоолсноор” 700 гаруй цагдаа баривчлах ажиллагаанд оролцож, иргэд, хүчний байгууллагын хооронд багахан мөргөлдөөн үүсчихээд байхад “Мэдээгүй” гэж хэлсэн сайд яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Заавал тэр мөргөлдөөн үймээн самууны хэмжээнд хүрч, хүний эрүүл мэнд, амь нас хохирох ёстой байсан юм уу. Тийм биш учраас тоохгүй байгаа юм уу гэсэн асуудал урган гарч байна. Өнөөдөр МАН олон нийтийн нүдэн дээр хариуцлага алдсан сайдаа хамгаалаад аваад үлдэж байгаа нь ирэх сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөхийг нь харж л байя.
"Улс төрийн тойм" сонин
