Мөн Засгийн газрын гишүүдийг нууцаар санал хурааж томилдог, огцруулдаг байлаа. Гэтэл УИХ-д 50 суудалтай Ардчилсан нам Засгийн газрын гишүүнээ огцруулахгүй авч үлдэж чаддаггүй байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар энэ бүх асуудал зохицуулагдаж, Засгийн газрын гишүүнийг сонгох, огцруулах асуудлыг нээлттэй шийддэг болсон нь зөв алхам болсон. Ер нь олонхиороо түрий барьж асуудлыг шийдэх нь бас сайн биш. Зөвшилцлийн зарчим нь ардчиллын зарчим гэж ойлгодог. Үргэлж УИХ-аасаа айдаг Засгийн газар байна гэж юу байх вэ. Зарим оронд УИХ-аа тараах эрх нь Ерөнхий сайдад байдаг. Тиймээс бүгдээрээ хэлэлцэж парламентын шинэчлэлээ хийх хэрэгтэй.
Иргэний зориг намын дарга,
УИХ-ын гишүүн С.Оюун:
-Улс төрийн намууд өөрсдөө шинэчлэлээ хийхээр парламент шинэчлэгдэх үү. Улс орон хөгжлийн зам дээрээ ирээд байгаа энэ үед улстөр нь хоцорч, хөгжлийг хойш татаад байна гэдэг Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байна. Бид шинэчлэлээ хийхийн тулд хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Наад зах нь Хөрөнгө оруулгын мэдүүлгээ цаг тухайд нь үнэн зөв гаргаж өгч, жилийн орлого зарлагаа нээлттэй мэдээлж баймаар байна. Сонгуулийн хуулийг хэдэн жил дамжин ярьж байна. Гэтэл Сонгуулийн хуульдаа гарч хүрч чаддаггүй, энэ хуульд шинэчлэл хийхээс нааш парламентын шинэчлэл хийгдэхгүй шүү дээ.
Монголын ногоон намын дарга УИХ-ын гишүүн Д.Энхбат:
-Цөмөөрөө 2012 оны сонгуульд мөнгө амлахгүй гэдэг уриалгаа гаргая. Парламентын шинэчлэлийг ярихаас өмнө олон намын тогтолцоо хэрэгтэй эсэхийг хэлэлцэх нь зүйтэй. Өнөөдөр үндэсний аюулгүй байдал суларч байна. Өнөөдрийн парламент Засгийн газрынхаа мэдэлд байна. Засаглалын сулрал нь Үндсэн хуулиа мөрдөхгүйд байгаа юм. Тиймээс өнөөдөр чанарыг нь сайжруулах хэрэгтэй. Хуримтлал үүсгэж, ажлаа сайжруулах хэрэгтэй байна. Бүгдээрээ улстөрийн зориг гаргаад Монгол Улсад хэрэгтэй зарчмаар явмаар байна. Олон намын тогтолцоо руу явах алхмаа хийх хэрэгтэй.
Үндэсний шинэ намын гишүүн М.Энхсайхан:
-Парламентын тогтолцоогоо шинэчилнэ гэдэг нь Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх асуудал болж хувирна. Бид анх Үндсэн хуулиа батлахдаа ойр ойрхон өөрчлөхгүйн тулд цоож хийх хэрэгтэй гээд цоожилсон. Харамсалтай нь, бид өөрсдөө цоож болоод байна. МАН-ын намын дарга хэлсэн үгэндээ хоёр танхимтай парламенттай байх саналыг тавилаа. Мэдээж нэг танхимтай байх уу, хоёр танхимтай парламенттай байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Нэг танхимтай байх нь хууль хурдан баталдаг, зардал нь хямд байдаг, хариуцлага тооцоход амар байдаг зэрэг сайн талтай. Гэхдээ энэ нь төр, засаг нь эмзэг байхын нэрийдэл. Одоо Монгол Улс эдийн засгийн шинэ нөхцөл байдалд байна. Тиймээс төрөө өөрчлөх, улс төрийн шинэчлэл хайх хэрэгтэй.
Хоёр танхимтай байхын давуу тал бас бий. Бүс нутаг, нийгмийн давхарга, ястан үндэстний төлөөлөл олноор хамрагддаг. Хууль дээдлэх бололцоог олгодог. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хянадаг сайн талтай. Гэхдээ та бүхэнд энэ өөрчлөлтийг хийх улс төрийн зориг хүсэл байгаа юу гэдэгт эргэлзэж байна. Үндсэн хуулийг өөрчлөхөд шинэ залуу хуульчид бэлэн үү, өнөөдрийн дипломтнууд бэлэн үү. Энэ бүхнийг харж чадсан бол манандахын түүхэн ач холбогдол энэ. Хэрвээ үүнийг хийж чадахгүй бол Африкийн хувь заяа биднийг хүлээж байна.
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:
-Манайд улстөрийн намуудад төлөвшил алга. Төрийн алба хашиж байгааг нь харахаар дипломны голууд. Албан бичиг дээр гарын үсэг хаана нь зурахыг мэддэггүй. Ийм нөхөр яаж яваад төрийн албанд орчихов гээд сонирхохоор тэр намд хандив өргөсөн, тэр намын даргын хамаатан нь гэнэ. Дээр нь намуудад хариуцлага алга. Өөрсдийгөө данхгар нам гээд бодчихсон улстөрийн хүчнүүд боловсон хүчнээ гадаадад бэлтгэх хэрэгтэй шүү дээ, одооноос. Гишүүдээсээ татсан мөнгө, хандивын мөнгөө шинэ үеийн залуу боловсон хүчнүүдээ Оксфорд, Стэнфордын их сургуульд сургахад зарцуулах хэрэгтэй. Ингэж чадвал улстөрийн намууд шинэчлэгдэнэ. Одоо байгаа боловсон хүчнээрээ шинэчлэл хийлгэнэ гэвэл нохойн замаар л орно гэсэн үг. Дээр нь намууд сахилга баттай, хариуцлагатай баймаар байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:
-Одоогийн 76 гишүүн хоорондоо хуйвалдахад маш амархан. Мөн 76 гишүүнийг хахуульдвал яах вэ, их цөөхүүлээ шүү дээ. Хэн тэднийг хянах юм. Энэ л хамгийн аюултай. Хэрвээ дээд, доод танхимтай болчихвол бие биенээ хянах бололцоотой болно. Нөгөө талаасаа олон хүнийг хуйвалдаанд татахад амаргүй. Дээр нь өнөөгийн парламент маш үрэлгэн. Сонгууль ялахын тулд маш их хэмжээний хөрөнгө зардаг. Энэ нь цаагуураа сонгогчдыг бэлэн юм хараад хэвтэхэд хүргэдэг хортой.
Мөн энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид нэр дэвших хүний насыг 55 гэж ахиулмаар байна. Төрийн тэргүүн байсан хүнийг дахиж улстөрд сонгодоггүй байх. Ингэхгүй бол төрийн өндөр албанаас буусныхаа дараа тогтуун сууж чаддаггүй, улстөрийг бужигнуулаад эхэлдэг. Хэрвээ 55 настай хүн Ерөнхийлөгчөөр сонгогдоод найман жил боллоо гэхэд 63 насандаа бууна. Нас өндөр гарсан хүн ном бичээд намбайгаад суухаас өөр юу хийх билээ” гэсэн нь хэлэлцүүлэгт оролцсон намын дарга нарыг танхим дүүрэн тас тас хөхрөхөд хүргэв.
Генсек яриагаа цааш үргэлжлүүлж нас дээр гарсан хүнийг төрийн тэргүүнээр сонгохоор хүүхэн шуухан бодохгүй, мөнгө төгрөг бодохгүй шүү дээ” гэлээ. Парламентын тогтолцоог шинэчлэх хэлэлцүүлэг ийнхүү марзан юм болж хувирсныг улсын баатар гишүүн жаахан залруулаагүй бол ч, халуухан юм дуулгахаар байлаа шүү.