МҮАН-тай нэгдэх асуудлыг ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

МҮАН-тай нэгдэх асуудлыг ярилцаж байна

МАХН-ын бага хурал үргэлжилж байна. Хуралдааны үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал удахгүй болох УИХ-ын сонгууль будилаантай явагдах нөхцөл үүсээд байгааг онцлоод “Сонгуулийг цахим үнэмлэх ашиглан явуулахаар төлөвлөөд байсан ч энэ ажил боломжгүй болсон. Мөн эрх баригчид төрийн албан хаагчдыг гадаад руу аялуулж, сонгуульд ашиглах нүхээ малтсан, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч бэлэг тараахыг хориглосон ч эл заалт хэрэгжихгүй байгаа гээд олон хууль зөрчсөн үйлдлүүд шил дараалан гарч байна. Гэвч энэ бүхний эсрэг МАХН-ын гишүүд, дэмжигчид тууштай зогсож, ард түмэн ялна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.

Яг одоо тус бага хурлаар МАХН-МҮАН-тай нэгдэн сонгуульд оролцох тухай асуудлыг хөндөн ярилцаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдахынхаа өмнөх өдөр “УИХ-ын сонгуульд манай нам аль ч нам, эвсэл холбоодтой нэгдэж ороход бэлэн байгаа. Гагцхүү ажил хийж чадах намтай эвсэнэ. Хэрэв МАН Оюутолгойн гэрээг өөрчилж, 34 хувийг 51 хувьд хүргэж, Тавантолгойг ард түмний мэдэлд 100 хувь өгч, амласан 1 сая төгрөгөө ард түмэндээ өгвөл тэдэнтэй ч нэгдэх боломж бүрэн байгаа” хэмээн  хэвлэлийнхэнд яриа өгч байлаа. Үүнийг нь улстөрийн хүрээнийхэн УИХ-ын сонгуульд МАХН дангаар оролцохгүй МҮАН-тай хүч хавсарч орохын илэрхийлэл хэмээн “орчуулж” ойлгож байлаа. Тэгвэл өнөөдөр энэ асуудлыг МАХН-ын гишүүд бага хурлаараа шийдэх болж байна. Гэхдээ МҮАН-ын гишүүд мөн дотооддоо хуралдаж, МАХН-ын бага хурлаас гаргасан шийдвэрийг хэлэлцэн, хүлээж авах эсэхээ шийдсэний дараа хоёр хүчин нэгдэж, сонгуульд оролцох уу, эсвэл тусдаа орох уу гэдэг нь эцэслэгдэх аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж