“Мөнх тэнгэрийн хүчин дор” 20 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

“Мөнх тэнгэрийн хүчин дор” 20 нас хүрлээ

Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа “Мөнх тэнгэрийн хүчин дор-20 жил” сэдвийн дор өнгөрөгч пүрэв гаригт “Чингис” зочид буудалд зохион байгуулсан юм. Дээрх сэдвийг сонгосны учир нь Төрийн соёрхолт кино найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл,  их эзэн Чингис хааны тухай Монголын хамгийн анхны уран сайхны кино болох “Мөнх тэнгэрийн хүчин дор”  кино бүтээгдсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй ажээ. Тиймээс уг хуралд “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киног тойрсон кино судлалын шүүмж, илтгэлүүд илүүтэй тавигдлаа. Үүнд, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны шүүмжүүд болон Монголын уран сайхны кино ба Монголын үндэсний бие хамгаалах урлаг”, “Чингис хааны дүрийн харьцуулалт, киноны үнэлэмж, шаардлага, кино урлаг дахь эх хэлний асуудал”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим Монголын хөгжмийн урлагт шинэ эхлэл болсон тухай”, мөн “Б.Балжинням найруулагчийн уран бүтээлийн онцлог” зэрэг олон сонирхолтой сэдвээр урлаг судлаач, шүүмжлэгч, багш нар илтгэлээ сонордуулсан. Энэ агуу түүхэн кино нь өнгөрсөн 20 жилийн явцад кино урлагийн салбарт бүхэл бүтэн судлагдахуун байсан гэдэг утгаар энэхүү эрдэм шинжилгээний хурлыг бүхэлд нь зөвхөн энэ бүтээлд зориулжээ.

Б.Балжинням найруулагч Японы Токиогийн их сургуулийн монголч эрдэмтэн Аяако Кимурагийн илгээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Монголын кино урлагийн хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр” сэдвээр тавьсан шүүмжийг сонсоод түүнд баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм. Учир нь түүний бүтээлийн талаар энэ дайтай шүүмж хэн ч, хэзээ ч хэлж байгаагүй гэнэ. Тэрбээр Д.Данзанравжаа гуай монгол араншингийн тухай “Атаа, жөтөө, хорсол гурав энэ улсын араншин мөн” гэж хэлснийг дурьдаад, “Миний эл бүтээлийг тэнгэрт тултал магтаад, эсвэл газарт унатал муулдаг л байсан . Харин Японы монголч эрдэмтэн бүсгүй хэдийгээр Японы хөрөнгө оруулалтаар эл бүтээлийг хийсэн ч хэзээ ч Япон-Монголын хамтын бүтээл гэж зарлаагүй, Монголын бүтээл хэмээн авч үлдсэн гэж хэлжээ” гээд кино бүтээсэн түүхээсээ хуучилсан юм.

Түүний яриаг дор сийрүүлбэл, Б.Балжинням гуай 1989 онд Францын нийслэл Парист кино фестивальд оролцохоор явах зуур тус улс дахь Монголын Элчин сайдын яамны байранд “Монгол даатгал” компанийн удирдах албаны хэсэг нөхөдтэй таарч, хууч хөөрчээ. Тэд “Мандухай цэцэн хатан” киног магтан ярилцаж, Б.Балжинням найруулагч дараагийн удаад Чингис хааны тухай түүхэн кино бүтээх төлөвлөгөөтэй явааг дуулаад, санхүүгийн асуудалд нь туслахаар ярилцсан байна. Тухайн үед Б.Балжинням гуай 30 сая орчим төгрөгөөр киногоо босгоно гэх өөрийн саналаа хэлж, тэд түүний нэр дээр 25 сая төгрөгийн зээл олгохоор болжээ. Ингээд хэдий нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй, зах зээлийн ороо бусгаа үе байсан ч найруулагч “Монгол даатгал” компаниас хувиараа 25 сая төгрөгийг долоон жилийн хугацаанд төлж дуусгах нөхцөлөөр зээл авч, киноны ажлаа эхлүүлэхээр болжээ.

Тэрбээр өмнө нь “Мандухай цэцэн кино”-г япон техник, хэрэгслээр хувилж байсан тул энэ удаад ч Японоос техник, төхөөрөмж авчирч, кинондоо ашиглахаар болж. Азаар тэр үед, япон хэлтэй дипломат Л.Зэнээмэдэр түүнд тусалж, япончуудтай холбоо барьсны дүнд 2,5 сая ам.доллараар /тухайн үеийн ам.долларын ханшаар/ үнэлэгдэх дууны техник, камер, хальс, аппарат зэргийг шийдэж өгчээ. Ингээд тэр “Монгол даатгал”-аас 23 сая төгрөгийн зээл авсан гэнэ.

Ингээд Монголд анх удаа Японы техник хэрэгслээр Dolby stereo системээр киногоо хийж, бэлэн болсны дараа “Мөнх тэнгэрийн хүчин дор” бүтээлээ Японы талд хувилж өгөөд, өрөө цайруулж байж. Улмаар Японд түүний хийсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног бүх кино театруудаар бүтэн жилийн турш гаргаж, гурав дахин их ашиг олсон гэнэ. Гэхдээ Б.Балжинням найруулагч тухайн үед киноны гаралтаас ашиг хүртэж байгаагүй тул эл асуудал тэгсхийгээд намжжээ. Харин “Монгол даатгал” компаниас авсан зээлээ тэрбээр гурван жилийн хугацаанд киноноос олсон багахан ашиг болоод кинонд хэрэглэж байсан техник хэрэгслээ зарж, өрөө барагдуулсан гэнэ.

Тэрбээр 1962 оноос Монгол кино үйлдвэрт ажиллаж, хагас зууны турш кино урлагт зүтгэсээр иржээ. Энэ жил 70 насны сүүдэр зооглож байгаа. Энэ өдөр Японы монголч эрдэмтэн явуулсан илтгэлийнхээ төгсгөлд “Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд дахин шинэ уран бүтээл хийх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгнө гэж найдаж байна. Түүний дараагийн бүтээлийг хүлээж байна” гэдгээ хэлсэн юм.

Найруулагч Б.Балжинням “Хэрвээ япон эрдэмтний хэлсэнчлэн Ерөнхийлөгч надад кино хийх санхүүгийн асуудлыг шийдэж өгвөл би тархиараа бүтээл хийхэд бэлэн байна. Миний ганц хүсэл бол Галданбошигтын тухай кино хийх. Ойролцоогоор таван тэрбум төгрөг шаардлагатай. Энэ тухай би өмнө нь олон сувгаар төрийн түшээдэд хандаж байсан. Гэтэл танд ийм хэмжээний мөнгө өгснөөс казино тоглосон нь дээр гэх хариулт ч сонсч байлаа. Би ч яахав, өмхий үгтэй, өтөлж чадаагүй хүн чинь аргаа барахдаа танай 2-3 гишүүний авдаг мөнгө шүү дээ гээд хэлчихсэн. Гэхдээ би бууж өгөхгүй санаатай, бас юмыг яаж мэдэх вэ гээд Төрийн шагналт зохиолч Д.Төрбатад захиалга өгөөд, зохиолоо бичүүлчихсэн байгаа. Галданбошигт бол Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн. Зориглоод түүний тухай кино хийе гэвэл гар нийлсэн олон хүн байна. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг үнэнч шударга хүн учраас нэг зүйл бодох болов уу гэж итгэсээр байгаа” хэмээн ярьсан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж