Монголчууд хоорондоо зодолдвол хэн хожих юм

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Монголчууд хоорондоо зодолдвол хэн хожих юм

Байгалийн баялгийг эзэмших, ашиг­лахтай холбоотой үл ойлголцол, зөрчил маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн үндэсний тогтол­цоог бий болгох зорилго бүхий хамтын ажиллагааны гурван талт гэ­рээнд талууд өчигдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Гэрээнд Зас­гийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж “Иргэдийн Альяанс” төвийн захирал Ж.Занаа, Байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийг тө­лөөлж Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Үйлдвэрчний эв­лэл­­үүд­­ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, “Үндэсний соёмбо” хө­дөл­гөөний тэргүүн Б.Лхагважав нар оролцсон бөгөөд тэднээс  дараах асуултад хариулт авлаа.

.-Өнгөрсөн хугацаанд иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн асуудал дээр шүүмжлэлтэй хандаж, Засгийн газарт шаардлага тавьж ирсэн. Үүний үр дүн гарч, өнөөдөр гэрээ байгуулагдаж байна уу. Эсвэл өөр шалтгаантай холбоотой юу?

С.Ганбаатар: -Би хувьдаа маш их баярлаж байна.  Уул уурхайн баялгийг ашиглахтай холбоотойгоор өнгөрсөн он жилүүдэд Монголоор нэг үл ойлголцол, буудалцаан гарлаа. Өнгөрсөн жил гэхэд л долоон буудалцаан болж, хоёр хүн амь эрсэдсэн. Уул уурхайн ийм маргаантай асуудлуудыг хооронд нь ойлголцуулахад  ийм том механизм бий болгосон нь  үнэхээр чухал зүйл.  Ерөнхий сайд С.Батболд энэнд онцгой ач холбогдол өглөө. Одоо иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчид,  төр засаг  дунд, доод ша­тандаа энэ ажлыг унагахгүй авч явах, л үндсэн том хариуцлага үүрч байна.

-Олон нийтийн зүгээс “Гэнэтхэн иргэний нийгмийн байгууллагатай Засгийн газар хамтран ажиллах гэрээ байгуулж эхэлсэн нь хуйвалдахын шинж” гэж харж байна. Нөгөө талаас байгалийн баялгийг зөвхөн иргэний нийгмийн цөөн тооны төлөөллийг оролцуулаад дээгүүрээ хуваагаад идэх хороо найруулж байна” гэж үзэх хэсэг ч байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тийм ээ, хороо найруулаад, хоо­­рондоо хуйвалдаад чимээгүй болчихвий гэх хардлага байна. Гэхдээ хоорондоо үзэлцээд, зодолдоод байх нь хэрэгтэй юм уу. Хэн хожих юм, үүнээс. Өнөөдөр бид хоорондоо ойлголцохгүй юм бол Монгол орноор дүүрэн жагсаал цуглаан, буудалцаан болж, монголчууд л хохирно шүү дээ. Харин гадаадын хөрөнгө оруулагчдад энэ нь их ашигтай тусч мэднэ.  Тийм ч учраас энэнд хамгийн их анхаарч,  “Монголчууд хоо­рондоо хэл амаа ололцохгүй байж,  надад ашиг бий болгоосой” гэж санаа зовохыг үгүйсгэхгүй. Тэгвэл өнөөдөр уул уурхайн баялагтай холбоотойгоор гарах маргааныг төр засаг, иргэний нийгмийн байгууллага, байгалийн баял­гийг ашиглах бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэйгээр ширээний ард сууж ярилцъя л даа. Яагаад өнөөдөр Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд шүүмжлэлтэй хандаад байна вэ гэвэл иргэний нийгмийг оролцуулаад ярилцах процесс нь муу явагдсанаас үүдэлтэй юм шүү дээ.

Ер нь тэгээд гурван талт гэрээ байгуулсныг шүүмжилж, араас ямар муухай шавар шалбааг шидэхийг би мэдэж байна. Чи энэ асуултыг тэдний өмнөөс асуусан гэж би хувьдаа ойлголоо. Гэхдээ бид зөв сэтгэлтэй явж байхад бүх юм бүтнээ гэж бодож байна.

-Засгийн газрыг байгуулахын тулд Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёр нэг хөнжилд орчихсон шиг уул уурхайн баялгийг ашиглах болуут Засгийн газартай иргэний нийгмийн байгууллага нэг оронд орлоо гэж шүүмжлэх хэсэг байна. Та хувийн байр сууриа илэрхийлэхгүй юу. Гурван талт гэрээ ямар ач холбогдолтой юм бэ?

-Монголчууд бид нэг л эх оронтой. Бид эх орондоо баялаг бүтээх, хөгжлөө түргэтгэх маш том алхам дээр ирсэн байгаа. Тэгэхдээ энийг төрийн, нийтийн хамааралтай өмчийн харилцааны зохицуулалтыг маш сайн гаргаж өгөөд, эзэмших ашиглахыг нь тодорхой бол­гох юм бол бид хамтаараа баялаг бүтээж, сайхан амьдрах замруугаа орох бололцоо нээгдэнэ. Хэрвээ бид энэхүү гол зохицуулалтыг хийж чадахгүй бол жалга,  жалга руугаа яваад ерөнхийдөө их хүнд байдалд орох юм. Эдийн засгийн талаасаа ч, улстөр, нийгэмийн талаасаа ч тэр.

Хоёрдугаарт, нийгэмд гарч байгаа аливаа зөрчил,  маргааныг зохицуулдаг байгууллага байдаг. Манайх Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоог сонгосон, дэлхийн жишиг ийм. Бид яваандаа эрх зүйн орчин бүрдүүлэх байх. Зуучлагч гэдэг чинь өөрөө их нэр хүндтэй хариуцлагатай ажил. Р.Ганбаатар маань энэ ажлыг ажил хэрэг болгохын төлөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн гэрээнд гарын үсэг зуртал явсан. Тийм учраас журмын нөхөртөө баярлаж байна.

-Таны журмын нөхөр Засгийн газартай хуйвалдаад иргэний нийгмийн байгууллагатай нь цуг амыг нь хумхих “хор найруулчихсан” байвал яах юм?

-Бидний сүүлийн зургаа, долоон жилийн турш явсан тэмцлийн үр дүнд өнөөдөр гарч, гарын үсэг зурж байна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Анхны асуудлыг бүгд мэднэ шүү дээ. Монголын ашигт малтмал 2006 он хүртэл хэдхэн хүний эрх мэдлийн асуудал байсан. Далд байсан энэ асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд ил гаргаж тавьсан. Сүүлийн зургаан жилийн турш иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг хурцаар гаргаж тавьснаар  Монгол Улсын иргэд маань уул уурхайн баялаг бол нийтийн өмч гэдгийг мэддэг болсон. Мэдээд цаашаа зохицуулалт хийнгүүт энэ хооронд ямар асуудал гарсан бэ гэхээр нийтийн өмчийг хувь руу хууль бусаар шилжүүлсэн процесс маш их явагдсан байсан. Энэ бүхнийг ил гаргахгүй бол болохгүй. Бид амаа хамхиулж байгаа асуудал байхгүй. Харин ширээн дээр ил гаргаж ирснээрээ хууль эрх зүйн орчноор шийдвэрлэх процесс маань их хурдан шийдвэрлэгдэх боломжтой болно. Гурван талт хэлэлцээр бол нэг удаагийн гал унтраах асуудал биш.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж