Э.Парадо: Байгалийн баялаг бол сорилт

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Э.Парадо: Байгалийн баялаг бол сорилт

Чили улсын Сангийн сайдын зөвлөх ноён
Эрик Парадо Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж ажиллаж байна. Монголтай
адилхан зэсийн арвин нөөцтэй Чили улсын туршлага эдүгээ дэлхийн нийтийн
анхаарлыг ялангуяа монголчуудын анхаарлыг татаж байгаа. Сүүлийн жилүүдэд
Чилийн зөвлөхүүд Монголд ирж туршлагаасаа танилцуулж, манай хууль
тогтоогчид хийгээд хэвлэл мэдээллийнхэн тийш хэдэнтээ очиж туршлагаас
судалсан. Тус улс эдийн засгийн шинэчлэл хийн ашигт малтмалын салбарын
орлогоо тодорхой санд хуримтлуулснаар дэлхий нийтийн эдийн засгийн
хямралд нэрвэгдэлгүй үүцээ задалж суусан “айл”. Ноён Парадо өнгөрсөн
даваа гаригт Монголд ирж бямба гаригт буцсан юм. Түүнийг эх орон руугаа
буцахаас нь өмнө уулзаж ярилцлаа.
 
 
-Чили эдийн засгийн хямралыг ажрахгүй давж чадсан улс гэдгээрээ
гайхагдаж байна?

-Чилийн Засгийн газрын сангууд 2007-2010 онд дэлхийн хэмжээнд Норвегийн
гэх мэт бусад сангуудаас хамгийн их ашигтай, амилттай ажилласан. Зөв
зүйлд хөрөнгө оруулалт хийсэн. Дэлхийн санхүүгийн хямралд өртөөгүйн гол
учир нь манай санд ямар нэг компанийн хувьцаа байдаггүй.

-Чилийн гол туршлага нь ашигт малтмалын салбараас олсон орлогоо тусгай
санд төвлөрүүлэн санхүүгийн хүндрэл тохиолдсон түүнийгээ хэрэглэж байсан
гэдэг, тийм үү?

-Тийм ээ. 2005-2008 оны зэсийн үнийн өсөлтийн үед бид маш их мөнгө
хуримтлуулж чадсан. Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу металлын
үнэ тодорхой төвшнөөс дээш өссөн тохиолдолд орсон орлогыг тодорхой санд
төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний
хандлагыг тодорхойлж тогмтол бус орлого зарлыгын харилцааг зохицуулдаг.
Жишээлбэл, зэсийн үнэ ийм байх тохиолдолд орлогын ийм хэмжээг зардалд
зарцуулж болно гэсэн төвшинг тогтоодог. Үүнээс хэтэрсэн орлогыг эдийн
засаг, нийгмийн Тогтворжилтийн сан болон Тэтгэврийн нөөцийн санд
төвлөрүүлдэг. Энэ хоёр санд 2008 оны байдлаар 22 тэрбум ам.доллар
төвлөрүүлсэн. Өмнө нь дээр дурдсан Төсвийн тогтвортай байдлын хуулийг
гаргахаас өмнө хэдий чинээ их орлого олно, түүний хэрээр зарлагаа
нэмэгдүүлж хуримтлал бий болгож чаддаггүй байсан.    

-Яг одоогийн Монголд байгаа шиг…?

-Цаг муудахад орлого ч багасдаг, түүнийгээ дагаад зарлагаа хумихаас өөр
аргагүй. Үүний хооронд маш их ялгаа хүндрэл бий болдог. Төсвийн
бодлогийн шинэ хуультай болсноор орлого зарлагын зохицуулалтыг хийж
чаддаг болсон. Энэ шинэ бодлогыг гаргаж ирж байхад хүмүүс ялангуяа
улстөрчид “Бид яагаад орлого их байхад зарлагаа барих ёстой юм бэ. Бид
харьцангуй ядуу улс. Мөнгө зарцуулах шаардлагатай зүйл их байна” гэж
эсэргүүцэж байсан. Эхний үед улстөрийн дэмжлэг маш муу байсан. Бид
ирээдүйд зэсийн үнэ ямар байхыг мэдэхгүй, ирээдүйд байдал муудахад бид
бэлтгэлтэй байх ёстой гэдгийг сайн ойлгуулж чадсан.  Гэхдээ бид хүүхэд
ядуустаа зарцуулах мөнгөө багасгасан хэрэг биш. Төсвийн хүрээнд тэдэнд
зориулах бодлогоо зохицуулж ирсэн. Эдийн засаг сайн байх үед мөнгөө
хэмнэж чадсанаараа дэлхийн хэмжээний санхүүгийн хямралын үед бид дэд
бүтэц болон бусад зүйлд зарцуулах хангалттай хэмжээний мөнгийг төсөвтөө
хийж чадсан. Ингэж хямралын үед зарцуулах мөнгөтэй байж чадсанаараа улс
төрийн дэмжлэг сайн болсон. Үнэхээр зөв санаа байжээ, нартай өдөр
хэмнэсэн мөнгөө бороотой өдөр зарцуулах хэрэгтэй юм байна гэж хүмүүс
ойлгосон. Улс төрийн дэмжлэг ч нэмэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард
хугацаа нь дуусч байсан хуучин ерөнхийлөгчийг олон нийтийн 85 хувь
дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол мөнгө хэмнэснээр санхүүгийн
хямралыг амжилттай давж чадсаны үнэлгээ юм.

-Чили төсвийн шинэчлэлээ хэзээ хийсэн билээ?

-Төсвийн тогтвортой байдлын хуулийг парламент 2008 онд баталсан.

-Ердөө саяхан мэт санагдаж байна?

-Тийм ээ, хэдхэн жилийн өмнө. Энэ богино хугацаанд Засгийн газрын
сангийн ашиг дэлхийд хамгийн дээгүүрт тооцогдох болсон. Сангийн үйл
ажиллагаа маш нээлттэй зохицуулалттай болсон. Мөн бид хүчтэй
институциудыг бий болгож чадсан, тухайлбал Сангийн яам, төв банкинд энэ
асуудлыг хариуцсан хэлтэс, багийг бүрдүүлсэн. Төв банк дээрх хоёр
сангийн менежментийг хариуцдаг. Мөн экспертүүдээс бүрдсэн санхүүгийн
зөвлөл \дашрамд сонирхуулахад аль нэг намаас үл хараат эрдэмтдээс
бүрдсэн зөвлөл ирэх жилд зэсийн үнэ ямар байх талаар таамаглалаа
дэвшүүлж түүний дунджаар төсвөө тодорхойлдог. Үүнийг нь парламент
Засгийн газар нь манайх шиг дур мэдэн өөрчилдөггүй. сурв\-ийг бүрдүүлж
чадсан. Төсвийн тогтортой байдлын хуулийн хэрэгжилтийн талаар дэлхийн
хэмжээний хэлэлцүүлэгт идэвхэй оролцож, ингэснээр манай энэ туршлагыг
дэлхийн хэмжээнд Сантьягогийн зарчим гэж нэрлэдэг болсон. Би эндээс
харахад Монгол ч гэсэн богино хугацаанд ийм амжилтад хүрч чадна гэдэгт
итгэлтэй байна.

-Чилийн туршлагыг манайхан сүүлийн гурав дөрвөн жил ярьж байгаа. Саяны
дэлхийн хямралаас манай улстөрчид тодорхой хэмжээний сургамж авсан байх
гэж найдаж байгаа. Тэгэхдээ дөнгөж саяхан манай Засгийн газар иргэн бүрт
1,5 сая төгрөг \гэхдээ үүний нэг сая нь акц зээл гэх мэт хэлбэрээр 500
мянгыг нь шат дараалсан байдлаар\ олгохоор зарлачихлаа. Хэдийгээр та
гадын хүн ч гэсэн эдийн засагч хүний хувьд үүнд ямар байр суурь
илэрхийлэх вэ? 
  

-Хэрвээ бид Чилид иймэрхүү зүйл хийхийг оролдвол бүтэшгүй зүйл. Яагаад
гэвэл хүн болгон үүнийг популист бодлого гэж ойлгоно. Энэ бол ядуу
улсуудад өнөөдөртөө тусалж магадгүй. Гэхдээ дунд хугацаанд муу үр
дагавар дагуулна. Инфляци өснө, жилгүйдэл ихэснэ. Бусад салбаруудад маш
муу үр нөлөө үзүүлнэ. Иймэрхүү тохиолдолд би нэг зүйл л хэлдэг юм. Хэн
нэгэн сугалаагаар ч юм уу шагнал авч их мөнгө олоод том найр хийж их
хоол идэж архи уулаа гэхэд маргааш нь мөнгөгүй, шартчихсан, бас их юм
гэнэт идсэнээс болж гэдэс нь өвдчихсөн. Дээрээс нь хүүхдийн сургалтын
мөнгө нэхэгдэж, эрүүл мэнд бусад асуудлуудад мөнгө зарах хэрэгтэй
байдаг. Тэгээд “Яах гэж би ийм их мөнгө зарцуулав даа” гэж харамсдаг.
Ийм л жишээ би хэлдэг дээ. Үүгээрээ би мөнгөөр ч юм уу хүмүүст туслахыг
үгүйсгэж байгаа хэрэг биш. Тусламж үзүүлэхдээ зорилтот хэсгээ маш сайн
бодсон байх хэрэгтэй. Манай Чилид ч гэсэн ядуу хүмүүстээ эмнэлгийн
тусламж үзүүлэх гэх мэт тусламжууд байдаг. Гэхдээ тэр тусламжаа яг
хэрэгтэй хүмүүст оновчтой хүртээхийг зорих хэрэгтэй.

-Өмнө нь та Монголд ирэхдээ шийдвэр гаргах төвшний хүмүүстэй уулзаж
санал бодлоо солилцож байсан биз дээ. Тухайлбал, бэлэн мөнгө тараах
асуудлаар?

-УИХ-ын гишүүд болон бусал албаны хүмүүстэй уулзаж байсан. Уул уурхай
байгалийн баялагтай улсуудын хувьд эдийн засгаас гадна улстөрийн сорилт
их байдаг. Маш хүнд шийдвэр гаргах шаардлага бас гардаг. Би танай
Засгийн газар зөв тал нь юу вэ, эрсдэл юу вэ гэдгийг маш нарийн тооцож
байгаа байх гэж найдаж байна.

-Хамгийн чухал зүйл нь Төсвийн тогтвортой байдлын хуулиа парламентаараа
батлуулах гэж би бодож байна. Энэ хуул төсвийн хариуцлага тогтвортой
байдлыг хангах гол тулгын чулуу юм. \тодруулахад Монголын эдийн засгийн
бодлогыг орлого ихсэхэд зарлагаа өсгөдөг, орлого багасахад төсөвт нь
цоорхой гарч зардлаа хасдаг мөчлөг бодлоготой. Төсвийн тогтвортой
байдлын хууль гаргаснаар мөчлөгийн эсрэг бодлоготой болох боломжтой гэж
үзэж өөрчлөлт хийхээр бэлтгэж байгаа. сурв\ Мөн Тогтворжилтын санг
бүрдүүлснээрээ төсвийн бодлогыг зохицуулахаас гадна зарцуулалтын
тодорхой хязгаараас илүү гарсан мөнгийг Тогтворжилтын санд хадгалж
шаардлага гарсан тохиолдолд зарцуулах боломжтой болох юм. Тэтгэврийн
нөөцийн сан бий болгох нь ирээдүйдээ хэрэглэх мөнгийг хуримтлуулах
боломжтой болно.

-Танайд Тэтгэврийн нөөцийн  сан байдаг гэлээ. Манайхан сая нэг сая
төгрөгөөсөө эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын төлөөгүй байсан
шимтгэлээ нөхөн төлөхөд зарцуулж болно гэсэн. Энэ нь таны яриад байгаа
тэтгэврийн сантай адил төстэй арга хэмжээ гэж ойлгож болох уу?

-Манай тэтгэврийн нөөцийн сангаас хэн нэгэн тэтгэвэрт гарахад ажилласан
жил төлж байсан татвар нь тэтгэврийн байх ёстой хэмжээнд хангалттай
хүрэхгүй бол нөхөж олгодог. Танай хувьд орон сууцны зээл, оюутны
сургалтын төлбөр, таны дээр хэлсэн нөхцлийн аль нэгийг сонгоно гэж
байгаа. Манайх бол хангалттай тэтгэвэр авч чадахааргүй болсон
хэсгийнхэнд л энэ сангаас нөхөж тусламж үзүүлдэг юм.

-Монгол Улс уул уурхайн хөгжлийнхөө гараанд ирлээ гэдэг. Гадныхан, тэр
тусмаа эдийн засагчид Монголыг яаж харж байгаа бол. Жишээлбэл, таны
нүдээр бол…?

-Би Монголын ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж байна. Танайх манай
Чилитэй адил ашигт малтмал, байгалийн их баялагтай. Баялаг бол та нарын
бурхны хишиг шиг байгаасай. Харин байгалийн баялгийн хараал бүү болоосой
гэж хүсч байна. Яагаад гэвэл байгалийн баялаг маш том сорилтыг бий
болгодог. Зөв удирдаж чадахгүй бол хараал болно. Зөв удирдаж чадвал
хишиг  болно. Манай Чили танайх шиг зэсээХятад руу экспортлодог. Харин
танайх Хятадтай их ойрхон юм.

-Чили зэсийн экспортоороо дэлхийн зах зээлийн 20 гаруй хувийг эзэлдэг
гэдэг байх аа?

-Бид дэлхийн хэмжээний хамгийн анхны зэсийн үйлдвэрлэгч.

-Монгол дэлхийн зах зээлд зэсийн долоон хувийг гаргах боломжтой
гэсэн тоо байдаг шиг санагдаж байна. Тэгэхээр зэсийн зах зээлд Чилитэй
хөл нийлүүлэх боломжтой болох уу. Өрсөлдөгчид гэвэл арай томорсон ч
хэрэг болох юм болов уу?

-Хаана ч өрсөлдөөн давуу талтай байдаг. Чиличүүд бид өрсөлдөөн хэрэгтэй
гэдэгт итгэдэг.

-Уучлаарай, монголчуудын зарим нь Чилийг Пиночетээр мэддэг. Эдийн
засаг сайн байхад засаглал их нөлөөтэй. Чилийн засаглал сайн байгаа нь
эдийн засгийн энэ хөгжилд нөлөөлж байгаа байх. Засаглалын талаар та юу
хэлэх вэ танай бас манай?

-Засаглал бол өдөр болгон жил бүр тордож байх ёстой эмзэг асуудал.
Манайх төрийн өмчийн маш том компанитай. Саяхан засаглалын талаар бас
нэг шийдвэр гаргасан. Төрийн өмчийн “Кодалько” компанийн Төлөөлөн
удирдах зөвлөлд салбарын гол яамдыг удирдлагууд ордог байсан. Энэ
хуулиар бие даасан мэргэжлийн экспертүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлд
сонгодог болгосон. Сангийн сайд өөрөө энэ удирдах зөвлөлд байсан ч энэ
зөвлөлд мэргэжилтнүүд л байх ёстой юм байна гэж ойлгож энэ шийдвэрийг
гаргасан.

-Танай Сангийн сайд Удирдах зөвлөлөөс өөрөө татгалзан ийм шийдвэр
гаргасан нь сонирхолтой жишээ байна. Төр дандаа л муу менежер байдаг
гэдэг. Сайд нар уул уурхайн том компанийн Удирдах зөвлөлд байхдаа авлига
авахгүй гэх баталгаа байхгүй. Мэргэжлийн хүний хувьд та төр том
компаниудад төлөөллөө ихэсгэх нь хэр зөв гэж боддог вэ?

-Миний хувьд хувийнх уу, төрийн компани байх зөв үү гэдэг дээр хүчтэй
байр суурь баримталдаггүй.  Компанийн засаглал өөрөө хүчтэй, нээлттэй
байх ёстой. Тийм ч учраас дээр ярьсан “Кодалько”-ийн Төлөөлөн удирдах
зөвлөлийг хөндлөнгийн экспертууд байх шийдвэр гарсан. 
Дунд сургуулийн сурагч байхдаа түүхийн хичээлээс Чингис хааны тухай
уншиж анх Монголын тухай ойлголттой болсон ноён Парадо байгалийн
баялгийн нөөцийнх нь талаар мэдээллээр Монголтой дахин танилцаж, Чилид
очсон Монголын төлөөлөгчидтэй уулзаж, бас Монголд ирж зөвлөгөө өгч
байсан. Тэрбээр тун удахгүй дахиад Монголд ирэх байх найдаж буйгаа
илэрхийллээ.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж