“Төрд хүн хэцүү ажил хийх гэж ирдэг”

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Төрд хүн хэцүү ажил хийх гэж ирдэг”

“Төрд хүн хэцүү ажил хийх гэж ирдэг”

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалт /IV.25/ дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Би жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст багтаж нийслэлийнхээ иргэдтэй уулздаг уламжлалтай. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэдийн төлөөлөл, нийслэлийн удирдлага, Засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид, мөн Улсын Их Хурлын гишүүд, нийслэлд суугаа Дипломат байгууллагын төлөөлөл, уулзалтыг үзэж, сонсож байгаа нийт ард иргэдийнхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа Үндсэн хуулиар тодорхой зохицуулагдсан байдгийг та бүхэн мэднэ. Тодорхой чиглэл гаргаж, мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллаж байгаа. Аюулгүй байдлын асуудал, хууль, шударга ёсыг бэхжүүлэхтэй холбоотой асуудал, мөн иргэний эрх чөлөө, орон нутгийн эрхийг өргөтгөхтэй холбогдсон асуудал, монгол хүнтэй холбоотой асуудал, ёс заншил, уламжлал, энэ бүхэнтэй холбогдсон асуудал, дээрээс нь байгаль орчин, гадаад харилцаа гэсэн чиглэлүүдэд анхаарч ажиллаж ирлээ.

Хэдийгээр тодорхой мөрийн хөтөлбөр дэвшүүлээд асуудлаа багцалж гарган ажиллаж байгаа ч амьдрал баян, үйл явдал өрнөж байдаг учраас шинээр гарч ирдэг, мөн иргэдийн өмнө тулгардаг, төрийн өмнө тулгамдаж байгаа олон асуудалд Ерөнхийлөгчийн хувьд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа юм.

Нийтийн эрх ашиг зөрчигдөхгүй байх нөхцөл байдлыг Монголын төр хангаж өгч байх ёстой

Эдгээрээс сүүлийн үед хууль тогтоомжийн хэрэгжилт анхаарал татаж байна гэдгийг энд хэлэх ёстой. Хууль тогтоомжийн хэрэгжилт бол эргээд улс орны аюулгүй байдалтай холбогддог. Улс орны аюулгүй байдал нь тухайн орны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйл ажиллагаа ямар байгаагаас шууд хамаардаг. Би энэ индрээс Ерөнхийлөгчийн тангараг өргөж үг хэлж байхдаа нэг зүйлийг нийт ард иргэддээ сануулж хэлж байсан. Үүнийг та бүхэн санаж байгаа байх. Орчин цагт аливаа улс орон гаднаасаа эзлэгдэхээсээ илүүтэй дотроосоо идэгдэж, уруудан доройтдог ийм хандлага байна. Үүнд бид автаж болохгүй гэж хэлж байсан.

Тэгэхээр аюулгүй байдал гэдэг зүйл маань алдагдаад ирэхээр тухайн орны ард иргэдийн нийтлэг эрх ашиг хохирдог. Тэр нийтлэг эрх ашгаар аюулгүй байдал  тодорхойлогддог. Аюулгүй байдал бол нийтлэг эрх ашиг хэрэгжих орон зай гэж үзэж байгаа. Аюулгүй байдал нийтлэг эрх ашиг гэдэг сэдэвтэй яагаад уялдаад ирэв гэж та бүхэн бодож байж магадгүй.

Монголын ард түмний нийтлэг эрх ашиг гэж юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Улс орон маань тусгаар, бие даасан байх нь бидний нийтлэг эрх ашиг. Ард иргэд эрх, эрх чөлөөтэй, амгалан тайван байх нь нийтлэг эрх ашиг. Төр нь ажилладаг, хууль дүрэм нь хэрэгждэг байх явдал бол монголчуудын нийтлэг эрх ашиг. Хэрвээ энэ нийтлэг эрх ашиг хэрэгжиж чадахгүй, түүнийг тодорхойлсон хууль дүрэм нь хэрэгжиж чадахгүй байх юм бол энэ аюулгүй байдлын асуудал босч ирнэ. Энэхүү нийтээрээ хүлээн зөвшөөрч, нэгддэг эрх ашгийг бид юу гэж нэрлэдэг вэ гэхээр амин чухал эрх ашиг гэж нэрлэдэг. Ямар учраас амин чухал эрх ашиг гэж байгаа юм бэ гэхээр аминаас үнэтэй эрх ашиг, нэг хүний аминаас илүү үнэтэй эрх ашиг, нийтийн эрх ашиг учраас энэ эрх ашгийг бид амиараа ч болтугай хамгаалдаг эрх ашиг юм. Тэгэхээр энэ эрх ашиг цаашид зөрчигдөхгүй байх нөхцөл байдлыг Монголын төр хангаж өгч байх ёстой. Ер нь ийм байдлаар эрх ашгаа тодорхойлж, хамгаалж ажилладаг, төрөө, нийгмээ зохион байгуулдаг ёс бол зөвхөн монголчуудын ёс биш, энэ бол хүний нийгмийн ёс. Нийтлэг эрх ашиг хэрэгжих, аюулгүй байдлын орчин цэвэр ариун байх нөхцөл хуулийн хэрэгжилтээр хангагдаж байдаг юм. /Алга ташив/

Монгол бол Монголын ард түмний улс

Хуулийн тэгш хэрэгжилтийг хангах үүргийг төр нь хүлээдэг. Төр гэдэг бол юуны өмнө нийтлэг дүрэм журам юм. Төр бол үүрэг, эрх хариуцлагын тогтолцоо. Тэдгээрийн харилцан уялдааг төрийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Төр бол нэгдүгээрт хуулийн хэрэгжилтийг хариуцдаг, хоёрдугаарт ард түмний эрх ашигт үйлчилдэг үйлчилгээг хариуцдаг. Монгол бол монголын ард түмний улс. Тэрнээс даргын юм уу, аль эсвэл дарга, намыг тэжээх гэж байгуулсан улс биш. Ард түмэн төрөө бий болгодог шүү дээ. Албан тушаал, цол хэргэм, цалин энэ бүхнийг дарга бий болгодог юм биш ээ. Үүнийг ард түмэн өгдөг. “Ямбаа ч эдэл, ялаа үүр” гэсэн үг байдаг. Энэ бол “эрхээ ч эдэл, үүргээ ч хэрэгжүүл, чадахгүй бол хариуцлагаа хүлээ” гэсэн үг гэж ойлгох ёстой. Би бол “төр” гэдэг байгууллагад “Ерөнхийлөгч” хэмээх ажил хийдэг хүн. “Улсын Их Хурлын гишүүн” гэдэг хүн бол “Улсын Их Хурал” гэдэг байгууллагад, төр гэдэг байгууллагад ард түмнийг төлөөлж “Улсын Их Хурлын гишүүн” гэдэг ажил хийдэг. Ямар газар ажилладаг вэ гэдгээ бод. Яг төр гэдэг зүйлийг хүнээс нь салгаж аваад үзвэл бараг “бариад авах” зүйл байхгүй шүү дээ. Үүнийг хоосон чанар гэж ойлгож болно. Төр албан хаагчдаараа, албан тушаалтнаараа, хууль дүрмээрээ, тогтож бий болсон тогтолцоогоороо дамжиж биежиж харагдаж байдаг. Албан хаагчид нь ажиллаж байвал хууль журам нь хэрэгжиж төр оршдог. Тэгэхгүй бол төр оршиж чадахгүй. Тэд сайн ажиллавал төр сайн, тэд муу ажиллавал төр муу болдог. Тэгэхээр ийм том ойлголттой эргээд хуулийн хэрэгжилт гэдэг зүйл уялдаж байгаа. Ганц нэг хүний асуудал, хэдэн хүний асуудал, хууль хэрэгжихгүй байна гэдэг эргээд төр улсын аюулгүй байдалтай уялддаг юм шүү гэдгийг хэлэх гээд байгаа юм.

Миний сая хэлсэн тогтолцоо ажиллахгүй бол улс орон урууддаг, доройтдог, эзэнгүй болдог, аюултай нөхцөл байдал үүсдэг. Эндээс нийтийн эрх ашиг хохирдог, ард түмэн хохирдог юм. /Алга ташив/

Шүүхийн шийдвэр улсын нэртэй холбогддог. Тухайн төр улс байх эсэхтэй холбогддог

Монгол Улсын аюулгүй байдал зарим албан тушаалтны эсвэл өндөр албан тушаалтай байсан зарим этгээдийн дур зоргоос болж хохирох ёсгүй. Жишээлбэл 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой асуудал байна. Олон удаа шүүх хурал хойшилж байна. Зохион байгуулалттай шүүх хуралдааныг тасалдуулж байна. Шүүх хуралдахгүй бол хууль байхгүйтэй адил, хуульгүй бол төргүй, төргүй бол улс байх эсэх асуудал босч ирнэ. Шүүхээ хуралдуулаач, байдал ноцтой болох нь гэж хүмүүс яриад байгаа нь эндээс үүсэн гарч байгаа юм. Монгол Улсын шүүх “Монгол Улсын нэрийн өмнөөс” гэж шийдвэр гаргадаг нь зүгээр ч нэг зүйл биш ээ. Энэ бол учиртай. Шүүхийн шийдвэр улсын нэртэй холбогддог. Тухайн төр улс байх эсэхтэй холбогддог. Энэ нь эргээд улс орны аюулгүй байдалтай холбогддог. Хэн нэгэн этгээд шүүхийг аргалаад байгаа юм биш, улс орныхоо аюулгүй байдлыг доройтуулаад байна гэж харагдаж байгаа юм. Үүнийг ард иргэдийн нийтлэг эрх ашиг зөрчигдлөө гэж хэлж байгаа юм. Шүүхээр шийдэх гэж байгаа асуудлыг тойрсон маргаан гардаг. Маргах ч ёстой. Буруу зөвийг шүүх л тогтоодог. Түүнээс биш хэн нэгэн маргалдагч тал, дарга, тусгай комисс тогтоодоггүй. Үүнийг эрх зүйт нийгэм, эрх зүйт төр гэж нэрлэдэг юм. Хүн өвдвөл эмнэлэг явдаг, далай гаталж нисэх гэж байгаа бол онгоцонд суудаг, зөв буруугаа олох гэж байгаа бол шүүхэд ханддаг. Эмнэлэгт очоод эмчлэгдэж чадаагүй гээд эмнэлгийг бүрнээр нь устгаж болохгүй. Онгоцонд суугаад онгоцны үйлчилгээ муу байна гээд тэр онгоцыг дэлбэлж болохгүй. Шүүх дутагдалтай байна гээд шүүхээр асуудал шийдүүлэхгүй гээд шүүхийн байгууллагыг алга болгож болохгүй. Муу, буруу шийдсэн асуудал байгаа бол бид сайжруулах ёстой. Хуулиа өөрчлөх ёстой. Ингэж явах ёстойг та бүхэнд цохож хэлье гэж бодсон юм.

Төр иргэнээ буудах ёсгүй, буудуулах ч ёсгүй

Шүүхийн шийдвэрийг шударга гэж үздэг учир тэр нь эцсийнх байдаг юм. Би нэг тохиолдлыг санаж байна. Шүүхээр өөрийнхөө хэргийг таслуулж байсан Улсын Их Хурлын гишүүн “Монголын шударга шүүх мандтугай” гэж хэлээд гарч байсан юм. Шүүх л шийдсэн бол эцсийн шийдвэр. Үүнийг хэн нэгэн дарга шийддэггүй, ямар нэгэн нам, тусгай комисс шийддэггүй. Хэрвээ шийдвэр буруу байх юм бол өмгөөлөгч нь, шүүгдэгч нь, тэнд санал нийлээгүй шүүгч, яллагч нь хүртэл гомдол бичдэг. Түүнийг нь зөвхөн дээд шатны шүүх нь авч үздэг, өөр газар авч үздэггүй. Бид ард түмнээс хамааралтай, хууль эрх зүйтэй нийгмийг байгуулж байгаа шүү дээ. Энэ бүх зүйл өнөөдөр Монголд хэрэгжих ёстой. Шүүх шийдвэр гаргах нөхцлийг Монголын төр бүрдүүлэх ёстой. Монголд хууль нь хэрэгжихгүй, шүүх нь шийдвэр гаргаж чадахгүй, гаргасан шийдвэр нь биелэхгүй бол хэнд ашигтай вэ? Монголын төр ажиллаж чадахгүй байвал хэнд ашигтай байх вэ? Монголын ард иргэдэд ашигтай байж чадах уу, чадахгүй гэж бодож байна. Монголд төр нь төр шиг ажилладаг, хууль нь хууль шиг хэрэгждэг, иргэд нь хуулийн дагуу үүргээ биелүүлдэг ийм л нийгэм байх ёстой. Ингэж чадахгүй бол хэнд ашигтай болох вэ, хэний зууш болох вэ? Үүнийг бид бүгд ойлгох ёстой.

7 дугаар сарын 1-ний хэрэг явдалд “энэ буруутай, тэр буруутай” гэж ярьдаг. Уриалсан, турхирсан ч гэж ярьдаг. Иргэдтэй холбоотой асуудлыг тухайн үед хууль хяналтын байгууллага, шүүх шийдсэн. Одоо албан тушаалтнуудын асуудал үлдээд байгаа юм. Цэргийн гэмт хэрэг мөн биш гэж маргадаг. Маргаанд шүүх эцсийн цэг тавих ёстой. Төрийн талаас нь авч үзвэл 7 дугаар сарын 1-ний хэргээр би төрийг төлөөлж ард түмнээсээ уучлал гуйсан. Хүний амь нас хохирсон асуудал энд байгаа. Төр иргэнээ буудах ёсгүй, буудуулах ч ёсгүй. Энд үүрэг, хариуцлагын асуудал хуулиар босч ирдэг. Цэргийн газар бүртгэлтэй буу сум тавьсан асуудал бий. Буу сум тавьж өгнө гэдэг түүнийг “хэрэглэ” гэсэн үг мөн үү биш үү? Буу, сумыг хэрэглэсэн, бас түүний үр дагаврын тухай асуудал байгаа юм. Ул мөрөө зохион байгуулалттай баллах гэж оролдсон асуудал байдаг. Ийм зүйл гарсан бол хариуцлага тооцдог хууль байгаа. Гараагүй бол хэргийг хэрэгсэхгүй болгодог. Тэгэхээр энэ асуудлыг эцсийн эцэст шүүх л шийдэх ёстой.

Зарим иргэд амь насаа алдсан, шархадсан, өнөөдөр амьд үлдсэн гэрчүүд ч  бий. Тэр хүмүүс олон зүйлийг гэрчилдэг. Энэ асуудлын үнэн зөвийг шүүх олох ёстой гэдгийг дахин хэлье. Шүүх үнэнийг тогтоох үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь бүр “том асуудал” болж хувираад байна. Цаашид хуулийн, төрийн аюулгүй байдлын асуудал болж даамжрах нь байна шүү гэж олон түмний сэтгэл санаа зовж байна. Жирийн иргэнийг баривчилж ирээд шийтгэдэг, дарга нарын ааш аяыг дагаж шийддэг гэсэн хууль байхгүй. Тийм ялгаатай хууль байхгүй. /Алга ташив/


Хэн гэдэг этгээд хүний амь нас бусниулсныг шалгаж байгаа, шалгаж тогтоох ёстой. Энэ шалгалт үргэлжилж байгаа

Би Улсын Их Хуралд тангараг өргөхөө хойшлуулаад гуравдугаар зэргийн хамгаалалттай байхдаа хууль хяналтын байгууллага дуудсан үед нь очиж хангалттай мэдүүлэг, тайлбар өгсөн. Энэ асуудлаар миний байр суурь өөрчлөгдөөгүй. Би энэ асуудлаар нэг л зангаараа байгаа. 7 дугаар сарын 1-ний асуудлыг ялгаж харах ёстой.

Иргэд санал нь хулгайлагдсан гэж үзвэл ярьж цуглах эрхтэй. Ярьж цуглаж ч байсан. Би ч иргэдийн саналыг луйвардсан тухай ярьж мэдэгдэж байсан. Иргэдээ эрхээ хэрэгжүүлэх үйл явцыг үймээн самуун болгож болохгүй байсан. Тэнд хууль ёсыг сахиулсан цагдаа нарыг буруутгах ёсгүй. Зөв бурууг нэг саванд хийж хэрэггүй, ялгах ёстой. Эцсийн эцэст шүүх ялгаж өгнө. Энэ бүх болсон үйл явдлаас хүний амь нас эрсэдсэн асуудал нэхэл хатуутай байгаа юм. Хэн гэдэг этгээд хүний амь нас бусниулсныг шалгаж байгаа, шалгаж тогтоох ёстой. Энэ шалгалт үргэлжилж байгаа.

7 дугаар сарын 1-ний үйл явдалд Монголын төр ч, хууль хяналтын байгууллага бэлэн биш байсан. Ардчиллын жилүүдэд гарсан анхны маш харамсалтай, эмгэнэлтэй үйл явдал. Хэн ч тийм юм болно гэж тооцоолоогүй байх. Алдааг давтах юм бол хамгийн том алдаа болдог, давтахгүй бол том сургамж болдог. Улс төрийн хүрээнийхэн ч, хуулийнхан ч том сургамж авсан гэж найдаж байна. Энэ алдаа дахиж давтагдах ёсгүй. Наад зах нь дүрэм, журмаа цэгцлэх ёстой. Буу сумны асуудлыг нэгд нэгэнгүй журамлах ёстой. Бүгд тогтсон журамтай, тэмдэглэлтэй, протоколтой, илтгэх хуудастай байх ёстой. Буу сум олгож байгаа бол хэн гэдэг хүн, хэн гэдэг хүний тушаалаар олгов, хэнд ямар маркын буу олгов, хэдэн сум олгов, буу, сумыг хэдийд ямар орчинд хэрэглэ гэж үүрэг өгөв гээд бүгд бичигддэг. Хууль журам нь тогтчихсон оронд тийм байдаг. Бүгд бичигдээд үлдсэн байх ёстой. Үүнийг хууль дүрмээр зохицуулаад өгчихсөн байсан бол өнөөдөр хэн буудсан, хэн тушаал өгсөн, юу болсон, хаана байна гээд энэ бүх асуудал яригдахгүй байх байсан.

Бид нэг өдөр явж болно, бүх юм цаасан дээр үлдэх ёстой

Хууль журмын дагуу байгаа бол хууль журмынхаа дагуу асуудал явагдана. Энд эрүүгийн гэмт хэргийн тухай асуудал гарахгүй. Тэр тусмаа мөрөө баллах гэж оролдох, хариуцлагаас зугтаах ийм зүйл дахиад гарахгүй. Тийм учраас ийм чиг үүргийг аюулгүй байдлын байгууллагууд энэ асуудлыг хариуцаж буй нөхдүүдэд өгч байгаа. Ер нь төрийн хариуцлагатай үйл ажиллагаа гэдэг бол нарийн тогтсон дүрэм, журмаар хэмжигддэг. Бид нэг өдөр явж болно, бүх юм цаасан дээр үлдэх ёстой. Бүх юм дүрэм, журмын дагуу зохицуулагдсан байх ёстой. Шүүх, хуулиас ч зугтах хэрэггүй. Хууль журмын дагуу хийсэн бол тэнд яриад байх асуудал байхгүй. Үүнд нэг л дүгнэлт хийх ёстой.

Хэрэв хууль, шударга ёсыг уландаа гишгэвэл бүр ч том асуудал босч магадгүй. Энэ бол 7 дугаар сарын 1-ний сургамжаас ч дутахгүй сургамж гэдгийг дахин сануулж хэлье. Энэ уулзалтын зарыг нэлээд эрт тарааж “Иргэний танхим”-аар хүмүүсийн нэрийг авч, тэдний асуулт, саналыг авсан. Сая миний ярьсан зүйлүүд тэдгээрийн заримд өгч буй хариу юм.

 Тэнгэр оройгоосоо цоорвол сайн, сүүлийн хоёр арван жил Монголын улс төрийн тэнгэр харанхуйлж битүү бүрхэж байна шүү дээ. Үнэхээр авлигатай тэмцэх ажлыг дээрээсээ эхэлж цэг тавих ёстой

Авлигатай тэмцэнэ, шударга ёсыг тогтооно гэдэг нь хэцүү гэдгийг та бүхэн харж байгаа байх. Авлигатай тэмцэх бол зөвхөн ганц Авлигатай тэмцэх газрын хэрэг биш. Шударга ёс тогтоох бол ганц шүүхийн ажил бишээ. Энд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нэг бүр үүрэг хариуцлага хүлээх ёстой. Бүгд үүрэг хүлээх ёстой. Тэгж байж бид авлигатай тэмцэж, авлига гэдэг юмыг алга болгож, шударга ёсыг тогтоож чадна. Энд байгаа төрийн албан хаагч бүхэн, агентлаг бүхэн бүгдээрээ үүрэг хариуцлага хүлээх ёстой. Авлига авахгүйгээр үнэнч шударга ажиллаж болдог юм. Шударгаар ажиллаад явж байгаа олон зуун хүн байна гэдгийг ойлго. Тамхигүй орчин, архигүй орчин гэдэг шиг бүгдийн оролцоотойгоор авлигагүй орчныг бид бий болгох ёстой шүү дээ. Ингэж чадах юм бол Монголын нэр сайнаар дурсагдаж явах болно. Ер нь цаашдаа авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг гаргахаар төлөвлөж байгаа. Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Авлигатай тэмцэх хуулийг улам нарийн болгоно. Хариуцлага тооцох үүргийг улам нарийн болгоно. Шударга ёсыг бэхжүүлэх хуулийг улам нарийн болгоно. Томилсон бол тэр даргатай хариуцлага тооцдог механизмыг бүгдийг тод гаргаж өгнө. Энэ хуулиудыг Улсын Их Хурлаар оруулж батлуулна. Ингэж чадах юм бол энд гараад байгаа асуудал үүсэхгүй байх. /Алга ташив/

Бас нэг гажуудал байгаа. Авлигатай тэмцэхийг загас барихтай зүйрлээд байх юм. Энэ бол хялбар ажил биш л дээ. Том ч бай, бага ч бай газар бүхэн авлигатай тэмцэж байх ёстой. Нэг зүйл дээр санал нийлж байгаа. Асуудал толгойдоо байгаа, энэ талаар би хөдөө орон нутагт иргэдтэйгээ уулзаж байхдаа  нэлээд дэлгэрэнгүй ярьж байсан. Тэнгэр оройгоосоо цоорвол сайн, сүүлийн хоёр арван жил Монголын улс төрийн тэнгэр харанхуйлж битүү бүрхэж байна шүү дээ. Үнэхээр авлигатай тэмцэх ажлыг дээрээсээ эхэлж цэг тавих ёстой. Ард түмэнд нар үзүүлэх цаг болсон. Шударга ёс бол нартай адилхан анагаадаг, төлжүүлдэг. Бугласан эдээг наранд шарж анагаадаг шүү дээ, түүнтэй л адилхан. /Алга ташив/

Хэцүү ажил хийх гэж хүн төрд ирдэг юм

Монгол Улс өнөөдөр авлигынхаа индексээр дэлхийд 120 дугаар байрт явж байна. Авлигын индекс гаргадаг олон улсын байгууллага улс орнуудыг өнгөөр тодорхойлсон байгаа. Хамгийн их авлигатай газар хар хүрэн өнгөтэй байгаа. Манай орон тунарсан хүрэн өнгө дор байна. Бид тунарсан хүрэн өнгөнөөсөө холдмоор байна. Монголд тунараад байгаа авлигын байдлыг бид өөрчлөх шаардлагатай. Тийм учраас энэ чиглэлд бидэнд хийх ажил их байна. Олон улсын байгууллага зүгээр ч нэг ийм өнгө сонгоогүй байх гэж бодож байна.

Нэг зүйлийг олон удаа хэлсэн, одоо ч хэлье гэж бодож байна. Хэцүү ажил хийх гэж хүн төрд ирдэг юм. Төрд ажиллах бол “алт хамах” гэсэн үг биш ээ. Ашгийн хойноос хөөцөлдөх бол төрийн ажил биш юм. Төрийн ажил гэдэг бол хулгайтай тэмцэх ажил. Төрийн ажил бол шударга бустай тэмцэх ажил. Төрийн ажил бол хууль хэрэгжүүлэх ажил. Төрийн ажил бол хүнд үйлчлэх ажил шүү дээ. /алга ташив/

Шүүх, эрх мэдлийн байгууллагыг шинэчилнэ гэдэг ямар хэцүү гэж бодож байна. Энэ шинэчлэл ямар хэцүү сорилттой тулгарч байна гэж бодож байна. Төрд алба хааж байгаа бүх хүнийг нэгдээсэй гэж хүсэж байна. Энэ ажлыг төр хийх ёстой. Авлигатай тэмцэнэ гэдэг ямар хэцүү ажил билээ, энэ дээр бүгдээрээ нэгдэх ёстой шүү дээ.

Түүнээс биш төр авлигыг үүсгээд өөрөө авлигын үүр уурхай болоод явж байх ёсгүй. Төр хамгийн нандин цэвэр байх ёстой. Улаанбаатарын утаа бохирдлын асуудлыг төр ерөөсөө барьж авдаггүй, шаардсаар байгаад, ярьсаар байгаад Улсын Их Хурал дээр хууль батлуулаад Үндэсний хороо байгуулаад ажиллаад явж байна. Энэ ажлыг төр барьж авч хийх ёстой юм. Ийм хэцүү ажлыг барьж авч шийдэж өгөхийн төлөө төрд төлөөлж сууж байгаа хүмүүс явах ёстой.

Хар тамхи гэж ямар аймшигтай асуудал Монголыг бүрхэж байна вэ. Энэ асуудлыг мөн ярих ёстой. Энэ дээр хөтөлбөр, хууль боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энд голдуу том ашиг сонирхол, том мөнгө эргэлддэг. Энэ ажлыг хийхэд бас амаргүй.

Архины асуудал бас ямар аймшигтай байгаа билээ. Яаж энэ асуудлыг ярьж ард иргэдийн анхаарлыг хандуулж байгаа. Ярьсаар байгаад нэлээд сайн хуулийн төсөл гаргаад авч байна. Удахгүй Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болно.

Цаазын асуудал ямар их маргаантай, ямар олон хүн янз бүрийн байр суурьтай байдаг билээ. Тэглээ ч энэ асуудлыг төрийн аль нэг Ерөнхийлөгч, төрийн нэг түшээ барьж авч шийдэх ёстой. Шийдэхийн төлөө ямар ч муу нэр сонссон явах ёстой. Ийм ажлыг барьж авч хийхийг төрийн ажил гэдэг юм. Миний барьж авч байгаа ажлуудыг та бүхэн хар. /алга ташив/

Ард иргэддээ эрхийг нь өгч байж хариуцлагын тухай ярих ёстой

Ашигт малтмалын лиценз гээд монгол даяар тархсан хэцүү асуудлыг зогсооно гэдэг ямар хэцүү байсан билээ. Энэ асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлд шахаж хэлэлцүүлээд дараа нь Улсын Их Хурал руу оруулаад гурван удаа хууль гаргаж байна. Өнөөдөр Ашигт малтмалын тухай хууль гурваас дөрвөн асар том хууль болж байна. Үүнийг барьж авна гэдэг хэцүү ажил. Ийм ажлыг төр хийх ёстой гэж боддог.

Орон нутагт эрхийг нь өгөөч, төсвөө өгөөч. Өнөөдөр Монголын төвлөрсөн төсвийн 82 хувь нь Улсын Их Хурал, төвд шийдэгдэж байна шүү дээ. 82 хувийг 76 хүн шийдэж байна, наймхан хувийг 2.7 сая хүн шийдэж байна. Ийм байж болох уу, энэ асуудлыг шийд. Төсвийн эрх өгнө гэдэг чинь хариуцлага өгнө гэсэн үг шүү дээ. Ард иргэддээ эрхийг нь өгч байж хариуцлагын тухай ярих ёстой. Үүний төлөө тодорхой хуулиуд гарсан, зарим нэг ахиц байгаа. Зарим хууль нь 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Ураны асуудал гээд том асуудал байна. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярихгүйгээр, ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр хэн нэгэн албан тушаалтан Монголын нэрийн өмнөөс яриад үзээрэй гэдэг шийдвэрийг гаргасан шүү дээ. /Алга ташив/.

НҮБ-ын индэр дээрээс Монголын газар нутагт цацраг идэвхт бодисын хаягдал, ураны хаягдал, цөмийн хаягдлыг булшлуулахгүй, үүнийг хийхгүй гэдгийг олон улсад зарласан шүү дээ. /Алга ташив/.

Энэ ажлыг төр хийх ёстой биз дээ. Ер нь цаашдаа энэ ашигт малтмалыг ашиглах уу, ашиглавал яах вэ гэдэг асуудалдаа нэг мөр цэг тавих хэрэгтэй. Төр яг үүнтэй адил хэцүү ажил барьж авч хийдэг юм. Түүнээс биш төр уралдаж бизнес рүү орж, уралдаж мөнгөний хойноос хөөцөлддөггүй. Төрийн бүх шатны хүмүүс ийм л юм шийдэх гэж ажилладаг. Үүнийг шийдэж чадахгүй бол төрийн ажлаас холдох хэрэгтэй. Авлига авах бол амархан, идэхгүй байх бол хэцүү шүү дээ. Идэхээс татгалзах бүр хэцүү. Хамтарч идэх бол амархан, хамтарч идэхээс татгалзах бас хэцүү. /Алга ташив/.

Иддэгийг, авдгийг зогсоох ямар хэцүү вэ. Идсэн, авсан улсуудтай тэмцэх ямар хэцүү вэ. Тэднийг баривчлах, хариуцлага тооцох гэдэг ямар хэцүү вэ. Төр бол энэ ажлыг хийх гэж оршин тогтдог. Энэ ажлыг хийснээр монголын нэр хүнд дээшилнэ гэж бодож бүгдээрээ түүний төлөө явж байгаа хэмээн бодож байна. Манай ард түмэн авлигад дургүй гэж боддог. Ер нь “даргыг хайрлах хайр” манай ард түмний дотор дундрах янзгүй юм шиг юм билээ. “Энхрий хайрт” гэж эхнэрээ дуудаагүй хүмүүс намаа тэгж дуудаж явсан шүү дээ.

Авлига бол мэдэж, эрдэж, төлөвлөж хийдэг гэмт хэрэг

Ийм хандлага их байх юм. Өөрт нь ногдох баялгийг булааж байхад уурлаагүй атлаа манай иргэд даргыг нь аваад явахад уйлаад зогсож байсан сураг сонсогдож байгаа. /Алга ташив/.

Таван хүн амь үрэгдэхэд дуугараагүй дарга нар авлигалтай тэмцэхийнхэнтэй амь тэмцэн үзэлцэж байна шүү дээ. Ийм байж болох уу? /Алга ташив/.

Авлигалын тухай манай зарим иргэдийн ойлголт өнгөцхөн байна. Өөрөө авахгүйгээр авдаг зүйлийг авлига гэж байгаа шүү дээ. Бүр хуулийн тодорхойлолт байгаа. Манай дарга хууль зөрчөөгүй байна гэж ярьж байгаа нь бас сонсогддог юм. Хууль зөрчөөгүй юм шигээр хулгай хийхийг авлига гэж байгаа. /Алга ташив/.

Энд дахиад нэг зүйлийг хэлье. Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олохын тулд ашиглаж байгаа шүү. Бүр урьдчилж хуулийг нь гаргуулж байгаад хийдэг шүү дээ. Жирийн иргэн үүнийг хийж чадах уу? тэр тусмаа хөрөнгө мөнгөний тухай, зөвшөөрлийн тухай ийм шийдвэр гаргаж чадахгүй. Үүнийг авлига гэж байгаа юм. Авлига бол хүч шүү дээ. Мэдэж, эрдэж, төлөвлөж хийдэг гэмт хэрэг. Мэдээллийг ашиглаж, бусдыг ашиглаж ул мөрөө баллаж, тооцож хийдэг үйлдэл байгаа юм. Авлигын анатом хүний анатомоос нарийн болсон цаг гэж боддог. Авлигачийг халаасны хулгайчтай зүйрлэх аргагүй. Халаасны хулгайч хүртэл өөрөө халаас ухахаа больчихоод байгаа шүү дээ. Бүр социализмын үед тийм зохион байгуулалтад орсон байсан гэж хуулийнхан ярьдаг. Авлигач бол гуяа гурилдахгүйгээр хулгайлдаг юм. /Алга ташив/.

Энд бас ялгаа байгааг та бүхэн харж байгаа байх. Ер нь авлигын хэрэг гэдэг бол өвөрмөц хэрэг, өөрөө халдвартай хэрэг. Нэг байгууллага дээр авлигач дарга хүрээд ирэхэд тэр байгууллагад тэр чигт нь халддаг. Улсын хэмжээний авлигач гарч ирэх юм бол тэр улсад тэр чигт нь халддаг. Үүнийг авлигалын хэрэг гэж нэрлээд байгаа шүү дээ. Хэний үед авлига цэцэглэж, хэний үед авлигачид айж байна вэ. Хэний үед авлига ихсэж, хэний үед авлига багасав? /Алга ташив/.

Тэгэхээр авлигын сүлжээ гэж ярьдаг. Тэр авлигын торчингоо олох ёстой юм. Идсэн, уусан нь сонсогдоод байдаг. Идсэн авсан хөрөнгө нь бүр нүдэн дээр харагдаад байдаг. Гэхдээ тэр эзнийг нь барьж болдоггүй, эзэн нь дандаа үгүйсгэж явдаг, бусдаар үгүйсгүүлж явдаг, тэр үйл ажиллагааг зохион байгуулж явдаг юм. /Алга ташив/.

Авлигын хэрэг илрүүлнэ гэдэг бол тийм амар ажил бишээ. Энэ бол үнэхээр хэцүү. Үүнд хамгийн гол нь мөнгөний хүч оролцож байгаа юм. Мөнгө нэг газар алга болдог, нэг газар ил болдог. Үүний хажууд ухсан шороо, ширгэсэн голыг хараад халаглах хялбар. Гэхдээ ингэж халаглах, шүүмжлэх ёстой гэж боддог. Харин түүний цаана хувь хүртэгч этгээдийг, тэр ашгийг илчлэх хэцүү юм. Оюутолгой ашигтай, ашиггүй гэж ярьж болно. Харин ашиглалтынх нь зөвшөөрлийг хэн, хэзээ, ямар замаар найр тавьж олгосны учрыг мөшгих амаргүй.

Авлигатай тэмцэх бол миний хувьд амлалт биш ээ. Энэ бол миний араншин

Бид авлигыг багасгаж чадаад хууль нь тэгш хэрэгждэг шударга нийгэм байгуулж чадах юм бол юун Таван толгой, Оюу толгой. Ийм дундаршгүй баялгийг бүтээж өгөх ёстой. Тэгэхээр бид нэг сонголтын өмнө байгаа. Хуулийн хүч дийлэх үү, авлигын хүч дийлэх үү гэдэг. Өнөөдөр Монгол Улс тендер бүрийн цаана нэр нь явдаг даргатай байх уу, үгүй юу? Ашигтай нь тогтоогдсон хайгуулын лиценз зарах гээд гүйж явдаг сайдтай байх уу, үгүй юу? Хөрөнгө оруулалт бүрээс мөнгө саадаг Сангийн яамны мэргэжилтэнтэй байх уу, үгүй юу? Төслийн мөнгөтэй хувь тохирох, хэлцэл хийдэг сайдын зөвлөхүүдтэй байх уу, үгүй юу? Гадаад хүнтэй, гадаадын албаныхантай уулзахад нь 70 хувьд нь хувийнхаа юмыг ярьдаг, 30 хувьд нь төрийн ажил ярьдаг тийм төрийн төлөөлөгчтэй байх уу, үгүй юу. /Алга ташив/.

Тийм үйлдэл хийсэн этгээдтэй хариуцлага тооцох уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Үүнийг би таслан зогсоох ёстой гэж боддог. Бүгдийг нь олохгүй юм гэхэд тэр хүмүүс наад зах нь айдастай явах ёстой юм.

Би ардчиллын буянаар Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан. Хоёуланд нь авлигалтай тэмцэх гэж оролдсон. Авлига бол Монголын сайхан орныг муухай харагдуулдаг гэж боддог. Ардчилал, эрх чөлөөний заналт дайсан бол авлига гэж чин үнэнээсээ итгэдэг. /Алга ташив/.

Энэ үг миний амнаас биш зүрхнээс гардаг юм. Ард түмний нийтлэг эрх ашгийг хохироодог, адгийн хулгай бол авлига гэж үздэг. Авлигатай тэмцэх бол миний хувьд амлалт биш ээ. Энэ бол миний араншин. Монголын төрийн энэ цаг үед хийх хамгийн чухал ажлын нэг байх гэж боддог. Би улс эх орноо цэвэрлэхэд нь ард түмэндээ үнэхээр туслах юмсан гэж боддог. Энэ бол миний зорилго. Би энэ зорилгын төлөө явна. /Алга ташив/.

Хамгийн шударга гэгддэг хүн авлигач даргыг өмөөрөхийг хараад би гайхдаг. Мэдээж мөнгөний хүч байгаа байх. Хууль, шударга ёсыг уландаа гишгээд байгаа албан тушаалтантай хариуцлага тооцохгүй яаж шударга ёс тогтоох юм бэ гэж би боддог. Албан тушаал, мөнгө, нам эвсэл, нутаг ус, анд нөхөд, ураг садны холбоо хүчтэйг би мэднэ. Тийм хүчний өмнө өвдөг сөхрөх байсан юм бол надаас яах гэж шударга ёс нэхээд байгаа юм болов оо гэж боддог. /Алга ташив/. Тийм хүчний өмнө өвдөг сөхрөх ёсгүй шүү дээ. /Алга ташив/

Авлигатай тэмцэхийг ард түмний эрх ашиг шаарддаг юм. Учир нь хангалуун сайхан амьдрал мөнгөнд биш, хуулийн тэгш хэрэгжилтэд суурилж бий болдог. Гэмт этгээдийг цээрлүүлнэ гэдэг бол гэмгүй иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн үг. Төрийн ажил бол буян хураах, хүний зовлонг нимгэлэх, хүнд туслах ажил. Би ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэж хэлж байсан. Энэ ажлыг хийнэ гэдэг бол ард түмнийхээ нурууг тэнийлгэхэд бага ч болов тусалж байна гэсэн үг. Бусдын юм булаана гэдэг бол нүгэл юм шүү. /Алга ташив/.

Харин бусдын юм булааж байгаатай нь төрийн ажилтнууд тэмцэж явах ёстой. Манай төрийн албан хаагчид энэ асуудал дээр үнэхээр үлгэр үзүүлэх ёстой. Монголчуудын төрийн тухай ойлголт их нандин, их ариун, эрхэмсэг, их гүнзгий. Төрдөө муу учраас шүүмжлээд байгаа юм биш, тэр нандигнаж, эрхэмлэж явдаг газар нь муу юм шүглэчих вий гэсэндээ хүмүүс шүүмжилдэг. Муу зүйлээс сайн төр ангид байх ёстой. Авлига, хуулийн хоёр нүүртэй хэрэгжилт бол муу юм. Муу газар, муу орны муу төрд байдаг зүйл. Монголын төр бол эрхэмсэг түүхтэй, уламжлалтай ардчилсан төр юм. Хэзээнээсээ ард түмний төр байсан юм. Тэр бүү хэл гэрээ засаагүй, биеэ засаагүй, сэтгэлээ засаагүй хүнийг төрд ойртуулдаггүй байсан шүү дээ.

Төрийн ажил гэдэг бол сэтгэл зөвтэй хүний хийх ёстой ажил гэж боддог. Төрийн ажил бол түмний төлөө зүтгэх ажил. Түмний өмнөөс хэцүүг нь үүрдэг ажил. Төрийн алба бол буян үйлдэхтэй ижил. Төр бол ядарсныг нь дэмждэг. Хууль хэрэгжүүлэх, биелүүлэх бол нэр төрийн хэрэг. Тийм нэр төртэй иргэдээ төр дэмждэг. Хууль зөрчинө гэдэг бол нэр төрийн хэрэг юм шиг харагддаг үе байлаа шүү дээ. Хууль биелүүлж байгаа иргэн гэдэг бол сайн иргэн, өндөр нэр төртэй иргэн. Төрийн албан хаагч хүн өөрөө хууль хэрэгжүүлэх соёлоороо бусдаас ялгарч явах ёстой. Төрд өндөр алба хаших тусам тэр соёл нь улам өндөр болж байх ёстой. Төрийн албан хаагч бол шударга ёсонд халтай биш, ээлтэй хүн байх ёстой. Шударга ёсонд халтай байгаа бол тэр нөхрийг шалгах ёстой. Төрд байсан хүнээс дэг журам үнэртэж байх ёстой. Цэргийн алба хаасан хүн цаанаа нэг анги байдаг шүү дээ, яг түүн шиг байх ёстой. Нэг үгээр хэлбэл хуулийг хэрэгжүүлдгээрээ, хуулийг хүндэтгэдгээрээ ялгарч байх ёстой. Хууль шүүх дуудсан бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд босох ёстой. Ир гэсэн газар нь очих ёстой. /Алга ташив/.

Хууль руу очихгүй бол хууль өөр рүү нь ирдэг юм. Өөрөө сайн дураараа очихгүй бол албадан авчрах гэж очдог юм шүү дээ. /Алга ташив/. Ингэж Монголын хууль хэрэгжих ёстой юм.


Шинэ хүмүүсийн дотор сайн хүмүүс байгаа. Гэхдээ сайн олныг муу цөөнх нь доош нь татаад байгаа юм

Төрөө засна гэдэг бол юуны өмнө хууль журам, тогтолцоогоо засна гэсэн үг. Хүн засрахыг хараад найдлага алга байна. Ард түмний тавьдаг өндөр хэмжүүрт тэр нөхдүүд хэр нийцэж байна вэ, төрд ажиллаж байгаа бүхэн, ажиллах гэж эрмэлзэж байгаа бүхэн муу хүмүүс биш ээ. Тэнд сайн, ёс зүйтэй, сэтгэлтэй, хувь, хувьсгалаа ялгадаг, хууль журмаа хүндэтгэдэг хүмүүс олон бий. Бас аймаар хүмүүс бий. Байгааг нь сольж өөрчилж болно гэж бодъё, ирж яваагаа хар. Зарим нь төрийг мөнгө гээд харчихсан давхилдаж явна. /Алга ташив/. Тэр шинэ хүмүүсийн дотор сайн хүмүүс байгаа. Гэхдээ сайн олныг муу цөөнх нь доош нь татаад байгаа юм гэдгийг хэлэх гэсэн юм.

Ер нь буруу солгойгоо мэдэхгүй, хувь хувьсгалаа ялгахгүй улсууд төр рүү орох аюултай. Ийм үе Монголын төрд байсан юм шүү. Учир зүйгээ олохгүй байж төр рүү гүйлдэх хэрэггүй гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Төрийн ажил бол мэргэжлийн ажил. Юугаа ч мэдэхгүй хүний зүтгэдэг ажил биш. Цаашид энэ ажил бүр нарийсна, хэцүү болно, хариуцлага бүр чангарна. Ажиллах ёсгүй газар руугаа гариг андуурч давхив гэдгийг энд хэлэх нь зөв байх гэж бодож байна. /Алга ташив/.

Энэ 5 дугаар сарын 1-нээс “Нийтийн алба болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль хэрэгжинэ. Төрийн албаны нэрийг “нийтийн алба” гэж нэрлэдэг болсон. Агуулга нь ч өөр болсон. Нийтийн албанд томилогдохоосоо өмнө урьдчилсан мэдүүлэг бөглөдөг болж байгаа. Томилогдсоныхоо дараа 30 хоногийн дотор албан тушаалын болон хувийн ашиг сонирхлынхоо мэдүүлгийг та бөглөх ёстой. Одоогийн бөглөдөг хөрөнгө оруулгын мэдүүлэг юу ч биш. Ийм болж байгаа /Алга ташив/.

Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдоод хайртай болсон гэвэл би итгэхгүй

“Ер нь хэцүү болж байгаа юм байна даа” гэж бодох хэрэгтэй шүү. Албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн бол тэр даруй мэдээлэл бичнэ. Лиценз, зөвшөөрөл олгох, тендерийн комисст орох, зээл тусламж шийдэхдээ хэн нэгэнд давуу байдал олгосон бол та өөрөө явна. Ийм болж байгаа. Цаашид бүр нарийсна. Өөрчлөлт өрнөж байгаа шүү. /Алга ташив/.

Хуучин хүмүүс гэж та бидний голдуу таньдаг хүмүүс байгаа шүү дээ. Нийгэмд хэн болохоо мэдүүлсэн хүмүүс байдаг. Ямар ажил хийж явснаа харуулсан хүмүүс байдаг. Ер нь төрд, улс төрд нэг зарчим бий. Тэр хүн нэг удаа ажиллаад танигдсан бол болоо, ард түмэнд дахин таних цаг байхгүй. /Алга ташив/.

Ард түмэнд илүү дээр хүн хэрэгтэй, илүү сайн, шударга хүн хэрэгтэй. Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдоод хайртай болсон гэвэл би итгэхгүй. /Алга ташив/. Төрд байхдаа хууль шударга ёсыг уландаа гишгэдэг байсан этгээд төрөөс холдоод хууль шударга ёсыг дээдэлдэг болсон гэдэгт итгэхгүй. /Алга ташив/. Төрд байхдаа ашигт малтмалын ихэнх зөвшөөрлийг тараасан этгээд төрд түүнийг зогсоох гэж орж ирж байна гэвэл би итгэхгүй. Төрд байхдаа ард түмний мөнгө зувчуулдаг хүн төрөөс холдоод түүнийг ухамсарласан гэдэгт би бас итгэхгүй. Төрд өмнө нь бүтээсэн зүйлээ төрөөс холдоод эргэж ирээд нураана гэдэгт итгэхгүй. Муу юмаа ч нурааж чаддаггүй юм, сайн юмаа ч нурааж чаддаггүй юм. Тэр тусмаа авлигалын сүлжээг нурааж чадахгүй. /Алга ташив/.

Төрөөс холдсон зарим хүний үгийн сан өөрчлөгдсөн байж болно. Харин угийн зан нь өөрчлөгддөггүй шүү. /Алга ташив/.


Эмэгтэйчүүдийг Монголын төрд бүх шатанд дэмжих ёстой

Би юунд итгэнэ гээч. Би үнэхээр эмэгтэйчүүдийг улс төрд орж ирвэл итгэнэ. /Алга ташив/. Яагаад ингэж хэлж байна гэвэл үнэхээр эмэгтэй хүн цаанаасаа, байгалиасаа өөрийнхөө гэр орон, эргэн тойрондоо гүйцэтгэгдэг үүргээрээ эрэгтэй хүнээс ялгардаг. Эмэгтэй хүн юмыг тэгш харж чаддаг, эмэгтэй хүн ядарсан хүнд түрүүлж тусалдаг шүү дээ. /Алга ташив/. Гэртээ ороод ирэхэд ээж нь, эмээ нь цайгүй байгааг хараад л мэднэ. Хүүхэд нь өлсөөд уйлж байгааг эмэгтэй хүн зөнгөөрөө мэднэ. /Алга ташив/. Энэ бол нийгмийг бүтэн харж байгаа юм. Өнгөтэй өөдтэй рүү нь биш, үнэхээр ядарсан, зүдэрч байгаа тэр хүмүүст тусалж чаддаг ийм чанар эмэгтэйчүүдэд байдаг. Эмэгтэй хүн цаанаасаа юмыг хуваадаг, та бүхэн өөрийнхөө амьдралаас мэднэ шүү дээ. /Алга ташив/. Эмэгтэй хүн олдсон эрх мэдлээ хуваадаг, эмэгтэй хүн олдсон баялгаа хуваадаг юм. Эмэгтэй авлигач гэж сонссон уу, эмэгтэй дарангуйлагч гэж сонссон уу? /Алга ташив/.

Эмэгтэйчүүдийг Монголын төрд бүх шатанд дэмжих ёстой. Энэ бол дутуу байгаа зүйл. Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ, хүний хөгжлийн үзүүлэлтээрээ өндөр явдаг. Ялангуяа төрийн төлөөллийн байгууллагад. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо үнэхээр цөөн байгаа. Түүхээсээ Монголын эмэгтэйчүүд гайхамшигтай байсан юм. Монгол бол өөр орон шүү. Гэртээ үлдээд гэрээ авч явж чадаж байсан юм. Төрдөө үлдээд төрөө авч явж чадаж байсан юм. Тэр баатарлаг чадвар, тэр боломж өнөөдөр манай эмэгтэйчүүдийн мах, цусанд шингэсэн байдаг. Тийм учраас эмэгтэйчүүдийг улс төрд орж ирвэл хамгийн түрүүнд дэмжих болно. Ард түмэн хамгийн түрүүнд дэмжээсэй гэж бодож байна /Алга ташив/.

Бүрэн эрх гэдэг бол хууль шударга ёсны хэрэгжилтээс зугтах дархлаа биш

Би өөр нэг зүйлд итгэнэ. Авлигалд нэр нь холбогдсон хүн ахиж төрд ажиллахгүй гэвэл би итгэнэ. Манай намууд төрөө засах гэж байгаа бол тийм улсуудаа дэвшүүлэхгүй байх ёстой. Өмнө нь дэвшүүлсэн байж болно. /Алга ташив/. Одоо бол битгий дэвшүүл. Төрд ажиллах бүрэн эрх гэдэг бол хууль шударга ёсны хэрэгжилтээс зугтах дархлаа биш. Улсын Их Хурал, Засгийн газрыг тойрсон олон асуудал байгаа. Өнөөдөр Улсын Их Хурал, Засгийн газар барьж авахгүй байгаа асуудал бий. Жишээ нь Улсын Их Хурлын хуульд байсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай холбоотой хуулийн зохицуулалт. Энэ Цэц дээр очоод унасан. Тэнд “үйлдэл дээрээ баригдсан бол” гэсэн зохицуулалт байсан юм. Ямар албан тушаалтныг үйлдэл дээр нь барьсан юм бэ, үйлдэл дээрээ байтугай хэдэн жилийн дараа барих гээд асуудал маш их хэцүү байгааг харж байгаа шүү дээ. “Нотлох баримттай нь” гэж байгаа юм. Ямар авлигач нотлох баримтаа бариад сууж байх вэ дээ /Алга ташив/.

Тэгэхээр би энэ хуулийг санаачилна. Халдашгүй байдалтай холбоотой хуулийг санаачилна. /Алга ташив/. Үйлдэл дээрээ гэдгийг оруулна, нотлох баримт гэдгийг оруулна, бас албан тушаалын хэрэг, ашиг сонирхлын хэрэг, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсоныг нь үнэхээр мөрдөн байцаалтын шатанд хууль хяналтын байгууллага ажиллаад тогтоох юм бол таныг буцааж татдаг хууль оруулна. /Алга ташив/. Ийм хуультай байж төр хариуцлагатай болно. Ингэж байж төр цэвэршинэ. Түүнээс биш Монголын төрд ажиллаж байгаа энэ улсуудыг солиод хэнийг авчрах гээд байгаа юм бэ. Энэ хүмүүс ийм асуудалд орооцолддоггүй, хууль зөрчдөггүй байх юм бол тэр хуулийн заалтаас айгаад байх зүйл байхгүй. Энэ заалт байж байх ёстой. Ер нь Улсын Их Хурлын гишүүдийн дээлийг нимгэлэх хэрэгтэй байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн ч, Засгийн газрын гишүүн ч дан дээлтэй яваг

Өөр нэг хууль өргөн барьсан байгаа. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладгийг хориглож байгаа. /Алга ташив/.

Энэ хуулийг Улсын Их Хурал батлаасай гэж бодож байна. Үнэхээр гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийг нэг хүнд тохоод хэрэггүй. Улсын Их Хурлын гишүүний дээлтэй хүнд дахиад Засгийн газрын гишүүний дээлийг өмсүүлээд хэрэггүй. Засгийн газрын гишүүн нь дан дээлтэй яваг. Тэгэх юм бол Улсын Их Хурал Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадна /Алга ташив/.

Монголын хариуцлагын, шударга ёсны тэнгэр дээрээсээ цоорох ёстой. Давхар дээлтэй Засгийн газраас Улсын Их Хурал яаж ажил шаардаж чадах юм бэ, чадахгүй шүү дээ. Ийм Засгийн газар яаж сайн юманд ард түмнийг хүргэх юм бэ? Бид хамт байж үзсэн, давхар байж үзсэн, хэсэг нь байж үзсэн, болоогүй. Одоо Засгийн газрын гишүүн л юм бол Ерөнхий сайдаас бусад нь Улсын Их Хурлын гишүүн байх албагүй. Би  Улсын Их Хурлын гишүүн биш Ерөнхий сайд байж үзсэн. Болдог л юм. Дээрээс нь дахиад нэг хууль байгаа. Нөгөө 1 тэрбум, 2 тэрбум, 3 тэрбум гэдэг яриа гардаг. Үүнийг таслах ёстой. Энэ бол үнэхээрийн засаглал хуваах зарчмыг гажуудуулж байгаа хамгийн том гажуудал. Тийм учраас Засгийн газрын оруулж ирсэн төсвийн зарлагыг Улсын Их Хурал нь нэмэгдүүлж батлах эрхгүй байх ёстой. Тэр бүү хэл парламент нь татварын хууль санаачлах эрхгүй улс орнууд байдаг юм. Ингэж байж юмны тэнцвэр олддог. Ийм зүйлийг барьж авч хийх ёстой. Зарим гишүүдийн дургүй хүрч байж болно. Одоо яая гэхэв. Дургүй хүрч байгаа юмыг хийх гэж бид энд ажиллаж байгаа шүү дээ. /Алга ташив/.

Төр үйлчлэхдээ ч үйлчлэх ёстой, айлгах хүнээ ч айлгах ёстой

Ирэх 4 жилийг төрөө засах 4 жил болгоё гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас ийм байдлаар төрөө дээрээс нь засах хэрэгтэй. Төрийн албыг нийтийн иргэний алба болгож өөрчилнө. Энэ дээр ажлын хэсэг гараад хууль дүрэм судлаад явж байгаа. Төрийн албаны зөвлөл гэж бүтэц байгаа. Энэ зөвлөлийг одоогийнх нь бүтцээр байлгахгүй. Энэ зөвлөлийг алга болгох хэрэгтэй. Энэ зөвлөл даргад үйлчилдэг, намд үйлчилдэг зөвлөл болсон. /Алга ташив/.

Төрд Монголын хамгийн шударга, хамгийн боломжтой хүмүүс ажилладаг боломжоор нь хангах ёстой. Хэрвээ Төрийн албаны зөвлөл байх ёстой юм бол ийм боломжоор хангаж чаддаг тийм зөвлөл бий болох ёстой. Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилнө гэж яриад байгаа. Энэ дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Бас амаргүй. Намуудад тавигддаг шалгууруудыг улам нарийсгах хэрэгтэй юм билээ. Энд их олон ажлыг хийх хэрэгтэй байгаа. Би 6 хууль Улсын Их Хуралд өргөн барьсан, 3 хууль нь батлагдсан байгаа. Дахиад 6 хууль өргөн барихад бэлэн байна. Дараа нь дахиад 6 хуулийн төсөл дээр ажиллаж байна. Нийтдээ шүүх эрх мэдэл, шударга ёсыг тогтоохын тулд 18 хууль хэрэгтэй байгаа юм. Монголын улс төрчид, сонгогдсон Ерөнхийлөгч нэг өдөр яваад өгнө. Монгол Улсын Их Хурлын гишүүд нэг өдөр бүрэн эрхийн хугацаа нь дуусаад яваад өгнө. Тэгэхэд бидний оруулсан шударга хууль, шударга систем үлдэх ёстой. /Алга ташив/.

Тэгэхээр төрийг засахад ийм их ажил хэрэгтэй байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хууль гээд яриад байвал олон зүйлийг ярьж болно.

Саяхны дуулиантай баривчилгааны үеэр болон түүний дараа хуулийнхныг, цагдааг гоочлох оролдлого ажиглагдсаар байна. Алдаа дутагдал, анхаарах юм байгаа, баривчлагдах этгээд зугтсан, эсэргүүцэж байгаа, бусдаар бамбай хийж байгаа бол яах вэ гэдэг асуудал бий. Энд гурван зүйлийг хэрэглэх ёстой байсан байх. “Энд тусгаарлах шугам байгаа, энэ шугам руу ард иргэдээ ойртож болохгүй шүү, үүнээс хол бай” гэж эхлээд ойлгуулдаг ажил хийгдэх ёстой байсан байх. Хэрвээ тэр этгээд шүүхийн тогтоол сонсох сонирхолгүй байгаа бол, мөрдөн байцаагчийн шийдвэрийг харах сонирхолгүй байгаа бол, тэр зугтаж орсон газар нь, гэрийнх нь гадаа ирээд чанга яригчаар тогтоолыг нь ямар ч дүлий хүнд сонсогдохоор сайхан уншаад өгчихдөг жишигтэй.  /Алга ташив/

Тэгээд юу гэж хэлдэг вэ гэхээр “ийм этгээд энд зугтаж орсоон, хажууд нь байгаа хүмүүс холдоорой. Тэр этгээд гарч ирээрэй” гэж хэлээд дараа нь хуулийн байгууллагынхан таних тэмдгээ үзүүлээд “Одоо ажиллагаа явуулна шүү”, “гарч ирэхгүй бол баривчилна”, “иргэд минь хол байгаарай” гэсэн ийм дүрэм журам дутсан байж магадгүй. Байсан ч гэсэн бүрэн биш байсан байж магадгүй. Гэхдээ үүнийг гүйцээх ёстой. Эндээс манай хууль, хяналтынхныг харж байхад үнэхээр өөр хэлбэрт арай нэг өөрчлөгдсөн байдал нь харагдаж байсан. Хууль хэрэгждэг юм аа гэдгийг тэд нар харуулж чадсан. /Алга ташив/.

Хамгийн гол нь буруу хийсэн зүйлийнхээ төлөө уучлал гуйж байгаа юм. Цагдаа тэгж уучлал гуйж байхыг би ер нь ойрын жилүүдэд сонсоогүй. Ер нь надад сонсогдоогүй. “Өөр айлын хаалга эвдэж ороод тэнд байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ, албан ёсоор уучлаарай та, бид энэ үйлдэлдээ уучлал гуйж байна” гэж байсан. Энэ бол огт өөр хандлагын өөрчлөлт гарч ирснийг харуулж байна. Авлигатай тэмцэх газар очоод эвдсэн хаалгаа засч өгөөд хоёр талаас акт үйлдээд явсан байгаа юм. Төрийн байгууллага хөрөнгө гаргаад засвар хийж өгөөд, уучлалт гуйгаад явсан байгаа юм. Энэ бол төрийн хуулийг хэрэгжүүлж ч чаддаг, бас ард түмэнд таны төлөө үйлчилдэг юм аа гэдгийг харуулж байгаа хэрэг юм. /Алга ташив/.

Гэмгүй иргэн замд нь өртсөн, гэмтсэн байх юм бол уучлал гуйдаг, нөхөн төлбөр өгдөг жишиг гаргаад үйлчилгээний байгууллага болж байгаагаа харууллаа. Ер нь том зүйл жижгээс эхэлдэг. Уучлал гуйна гэдэг бол их том зүйл шүү. Энэ бол сургамж авч байна гэсэн үг. “Би алдчихлаа, энэ алдаагаа дахин давтахгүй” гэж хэлж байна гэсэн үг. Энэ хандлага цаашид өөрчлөгдөөд арга барилын хандлага болно. Энэ хандлага цаашид өөрчлөгдөөд сэтгэлгээний хандлага болно. Энэ хандлага цаашид өөрчлөгдөөд хууль журамд сууна. Ингээд Монголын цагдаа, хууль хяналтын байгууллагынхан бол хууль зөрчсөн этгээдтэй “хатуу үздэг”, хууль зөрчөөгүй иргэдийнхээ амар тайван байдлыг хангадаг, түүний жинхэнэ манаач болох юм. Энэ чиглэл рүү явах ёстой. Эндээс нэг зүйл харагдсан нь хуулиа ч хэрэгжүүлнэ, үйлчилгээгээ ч үзүүлнэ гэдэг. Бас нэг зүйл ажиглагдсан. Зарим хүн айдсаа хүний айдас, бусдын айдас болгож ихээхэн бэлдсэн байгаа нь харагдаж байгаа юм. Өөрөө айж байгаагаа хүн айж байна л гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Төр үйлчлэхдээ ч үйлчлэх ёстой, айлгах хүнээ ч айлгах ёстой. Зарим нь “даргыг ингэж байгаа юм чинь жирийн иргэнийг яах бол оо” гэж ярьж байгаа нь сонсогдож байсан. Бүр  тэгж бодуулж хэлүүлнэ гэдэг чинь бас их хүч шүү. Энэ бол бас их амаргүй. Бүр УИХ-ын гишүүн хүртэл “Заа даа бид ч мөн ч хэцүү байдалд байгаа юм байна даа” гэж бодсон байгаа юм шүү дээ.

Гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх орон зай улам багасах ёстой. Харин гэмт этгээдийг хуулиас зугтаалгах орон зай улам хомсдох ёстой

Би энд нэг зүйлийг хэлье. Иргэн хууль зөрчөөгүй бол төрөөс айх зүйл байхгүй. Зарим нь бүр дарангуйлал, хэлмэгдэл гэж ярьж байна лээ. Монголын өнөөгийн төр хүний эрхийг хүндэтгэдэг төр. Цаазаар авах ялыг өөрчилж байгаа төр. Энэ ялыг хэрэглэхгүй байгаа төр. /Алга ташив/.

Монголын төр бол иргэнээ алахаас албан ёсоор татгалзаж байгаа төр шүү. Хэн ч бай ямар ч хэрэг үйлдсэн бай, эс үйлдсэн бай иргэнийхээ амь насыг егүүтгэхээс албан ёсоор татгалзаж байгаа төр. Цааз гэдэг бол хүчирхийлэл, хэлмэгдэл. Эрх баригчдын, их том даргын улс төрийн зэвсэг байхаа больж байгаа. Ийм төрийн үед хэлмэгдэл гэж ярьдаггүй. Үүнийг дээрээс эхэлж шударга ёс тогтох гэж нэрлэдэг юм. Хүний давтагдашгүй хувь тавилан, мөн чанар, нэр төрийг хүндэтгэх гэж үүнийг хийдэг юм. Иргэнтэйгээ төр хүн ёсоор харьцах гэдэг эндээс л эхэлдэг. Энэ бол шударга ёсны дээд хэмжүүр шүү. Гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх орон зай улам багасах ёстой. Харин гэмт этгээдийг хуулиас зугтаалгах орон зай улам хомсдох ёстой. Би “жирийн иргэн жаргаж амьдрах цаг ирж байгаа” гэж бодож байгаа. Харин төрийн хулгайч бол айж амьдрах цаг ирнэ ээ. Айж амьдрах ёстой. Хууль ингэж л хэрэгжих ёстой. /Алга ташив/.

Өнөөдөр цагдаагаа ярих цаг болсон. Хүнээ ярих цаг болсон

Ингэхийн тулд сайн, шударга ажиллаж байгаа хуулийн байгууллагын ажилтнуудыг дэмжих ёстой. Тэр дотроо бүхний өмнө явдаг цагдаагийн байгууллагын сайн ажлыг, шударга ажилтныг дэмжих ёстой. Мууг нь сайнтай нь, зөвийг нь буруутай нь хутгаж болохгүй. Ер нь цагдаагийн байгууллагын хуулийг сайжруулж өөрчлөх цаг болсон. Энэ албаны ажилтны хангамж, хамгаалалтыг нэмэгдүүлэх, албан үүргээ хууль журмын дагуу гүйцэтгэх нөхцлийг цаг үеийн шаардлагад нийцүүлж бүрдүүлэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын хууль гэж байгаа. бид дандаа “байгууллага” гэж ярьдаг. Бид дандаа “байгууллагын хууль” хийдэг. Байгууллагын бүрэн эрх, даргын бүрэн эрх гээд. Цагдаагийн байгууллагын тухай хууль өнөөдөр яг л тийм хууль байгаа. Гэтэл өнөөдөр цагдаагаа ярих цаг болсон. Хүнээ ярих цаг болсон. Даргын эрх мэдлийг баталгаажуулсан хууль биш, үүрэг хүлээсэн үедээ үгүй гэж хэлэх эрхгүй тийм цагдаагийн тухай өнөөдөр би энд ярьж байгаа юм. Тийм учраас цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг юуны өмнө боловсруулж байгаа. Энэ хуулийг гаргана аа. /Алга ташив/.

Өнөөдөр УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль гэж байдаг. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж сая шинээр гарлаа. Одоо бид цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болох ёстой. Тэр хүн ямар боловсролтой байх ёстой юм, тэр хүн ямар шалгуурыг давсан байх юм, тэр хүнийг төр яаж хамгаалах юм, тэр хүн ямар нөхцөлд ямар хэлбэрээр ажиллах ёстой юм, тэр хүн бэртэж гэмтвэл яаж туслах ёстой юм, гэр бүл, үр хүүхдэд нь яаж тусалж байх ёстой юм, тэтгэвэрт гарахад нь яаж туслах ёстой юм гээд бүх зүйлийг нэгд нэгэнгүй зааж өгнө, бүгдийг нь баталгаажуулна. Одоо ингэх цаг болсон. Энэ эрх зүйн байдлын хуулийн эрх зүйн орчныг нь хуулиар баталгаажуулъя гэж байгаа юм. Дараа нь цагдаагийн албаны тухай хууль гэж бас гарах болно. Ер нь өнөөдөр гэмт хэргийн байдал бүрэн өөрчлөгдөх болно.

Гэмт хэрэг өнөөдөр хөвдөн доогуур шургасан нурам, цурманд орсон түймэр шиг байна

Өнөөдөр хэрэг “далд хийгддэг” тохиолдол их байна. Манай хууль хяналтын байгууллагынхан голдуу гарсан хэргийг илрүүлэх гэж явдаг. Гэтэл өнөөдөр хэрэг далд хийгддэг болоод удаж байна. Зах зээлийн орчинд тэр нь зохион байгуулалттай хийгддэг бөгөөд ардчиллын орчинд, энэ нээлттэй нийгэмд улам бүр газар авч байна. Өнөөдөр хэрэг гэдэг бол “хөвдөн доогуур шургасан нурам шиг, цурманд орсон түймэр шиг” байна. Түүнийг илрүүлэхийн тулд цагдаад тусгай хүч хэрэгтэй, тусгай мөрддөг бүтэц, үйл ажиллагаа хэрэгтэй. Энэ бүтцийг бий болгож өгөх ёстой. Цагаан захтнууд хоорондоо хуйвалдаж хэргийг төлөвлөж хийдэг, тэр үед нь зогсоох ёстой. Хэрэг гарсан үед нь биш гарах гэж байхад нь зогсоодог байх ёстой. Зохион байгуулалттай хийж байхад нь тасалж чаддаг, зогсоогоод хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Энэ чадавхийг, тэр боломжийг цагаад бүрдүүлж өгөх ёстой юм. /Алга ташив/.

Ийм учраас мөрдөн шалгах гэдэг үйл ажиллагаа шинээр тавигдаж байгаа юм. Монголд өнөөдөр гэрчийг хамгаалах асуудал чухал байна. Гүйцэтгэх ажлын хуулиа шинэчлэх хэрэгтэй байна. Онцгой нөхцөл байдалд энэ хуулийн байгууллагынхан яаж ажиллах вэ гэдгийг бид хуульчилж гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр “төрөө засна” гэдэг бол мөн ч их ажил байгаа биз. Уурхай, мөнгө ярихаас илүү энэ тухайгаа л яръя л даа. Тэгвэл бид төрөө засч болох гээд байна.

 
Төр зүтгэж байгаа хүндээ халтай биш төрд зүтгэж байгаа хүн нь төрд, ард түмэнд халтай байвал яах вэ?

Бас нэг үг сонсогддог болсон байна. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж.  Нэг ийм сүрхий үг сонсогдоод байгаа юм. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байсан үе байж магадгүй. Одоо зүтгэсэн хүндээ төр ээлтэй байх цаг ирж байгаа. Би төрийг ард түмэн байгуулдаг гэж хэлсэн. Төр ард түмэндээ ээлтэй байх ёстой. Төрд зүтгэж байгаа  хүн ард түмэндээ ээлтэй байх ёстой. Төр зүтгэж байгаа хүндээ халтай биш, зүтгэж байгаа хүн нь төрдөө халтай байвал яах вэ? Төр зүтгэж байгаа хүндээ халтай биш төрд зүтгэж байгаа хүн нь төрд, ард түмэнд халтай байвал яах вэ? Төрд зүтгэж байгаа хүн хууль шүүхэд халтай байвал яах вэ? Энэ зүйлийг ялгаж харах ёстой гэж би бодож байгаа. Мэдээж Монголын төр зарим үеэсээ өөр болох ёстой. Зүтгэж байгаа хүмүүс нь ч өөрчлөгдөх ёстой. Би түрүүн хэлсэн. Цагдаад ямар өөрчлөлт явж байгаа тухай. Харин манай төрийн дээд түвшинд төр өөрчлөгдөж байгаа нь төдийлөн харагдахгүй байгаа. УИХ-ын зарим гишүүний үйлдлээс, тэр ч бүү хэл Хүний эрхийн үндэсний комиссын шаламгай ажлаас үүнийг харж болно. Даргын эрх зөрчигдвөл нэг өөр, иргэний эрх зөрчигдвөл нэг өөр ажилладаг байж болохгүй.


Зуун мянган хүнд ногдох хоригдлынхоо тоогоор Монгол улс дэлхийд нэлээн дээгүүр орж байна

Өнөөдөр манайд баривчлагдсан, хоригдсон, ял эдэлж байгаа 8000 гаруй хүн байгаа. Тэр хүн нэг бүрийн зөрчигдсөн эрх, гомдлын  хойноос Хүний эрхийн комисс явах ёстой. Дүгнэлт саналаа хүн тус бүрээр гаргаж мэдээлж зөрчлийг арилгуулах ажил хийж байх ёстой. Ер нь бид нар эрүүгийн хуулиа ул суурьтай судалгаатай өөрчлөх цаг болсон. Энэ талаар Хүний эрхийн комиссынхон ч санал хэлж байгаа, энэ хуулийг хэрэглэдэг байгууллагууд ч санал хэлж байгаа. Энд бид нар маш их хөрөнгө зарж байгаа. Би ганцхан жишээ хэлье. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын төсөв нийт хорин нэгэн аймагт өгч байгаа татаастай бараг дүйцэж очиж байгаа. Энэ ер нь хэр зэрэг үр дүнтэй хөрөнгө оруулалт байна вэ? Би дахиад нэг жишээ хэлье. Эрүүгийн хуульд байдаг хорих ял олон улсын дунджаар 35 хувьтай байдаг. Монголын эрүүгийн хуульд 70 хувьтай байдаг. Эрүүгийн хуулиар шийтгэгдэж байгаа бүх хүний 70 хувь хорих ялаар шийтгэгдэж байна. Заримдаа энэ ял бүр 90 хувь рүү хүртэл явдаг. Манайх олон улсын дунджаас 2 дахин өндөр хувьтайгаар ард иргэдээ хорьж байгаа. Тэгэхээр энэ хуульд бид өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

Манай эрүүгийн хуульд байгаа ялын төрөл цөөхөн. Олон улсын дундаж, ялангуяа Европын орнуудын дунджаас харахад 3-5 дахин цөөхөн байгаа. Бараг хүн бүхний үйлдэж байгаа гэмт хэрэг өөр өөр арга, өөр өөр хэлбэртэй байгаа шүү дээ. Ялын төрөл олон байх тусмаа хоригдох ял багасаад ирдэг байхгүй юу. Өнөөдөр хоригдож байгаа тэр эрүүгийн ялын 30 хувь нь сануулдаг, торгодог янз бүрийн арга хэлбэр байж болохоор байна.  Тэгэхээр энэ хуулийг бид өөрчлөх хэрэгтэй. Энэ бол хэцүү ажил.

Зуун мянган хүнд ногдох хоригдлынхоо тоогоор Монгол улс дэлхийд нэлээн дээгүүр орсон. Энэ байдлыг бид нар өөрчлөх ёстой гэж бодож байгаа. Тийм учраас энэ асуудлыг судалдаг хуулийн байгууллагын багш нар, эрдэмтэд манай Тамгын газартай холбогдоод бидэнтэй хамтарч ажиллан энэ хууль дээр сууя. Наад зах нь эрүүгийн хуулийг сайн өөрчилж өгөөд жинхэнэ иргэнлэг хууль болгоод ажлаа хүлээлгэн өгдөг байх ёстой л доо.

Иргэдийнхээ дэмжлэгт найддаггүй төр бусдын дэмжлэгт найддаггүй. Тийм төр бусдын барьцаанд ордог

Монголын төр иргэддээ найдах хэрэгтэй болсон гэж бид боддог. Ингэхийн тулд иргэдийнхээ асуудлыг шийдэх ёстой. Гэтэл иргэний өмнө төр өөрөө асуудал болчихоод байна. Тэгэхээр би төр өөрөө өөрийгөө засахаас ажлаа эхлэх ёстой л гэж хэлж байгаа юм. Төр өөрөө өөрийгөө засаад эхэлбэл манай иргэд дэмжиж эхэлнэ. Иргэдийнхээ дэмжлэгт найддаггүй төр бусдын дэмжлэгт найддаггүй. Тийм төр бусдын барьцаанд ордог. Урууддаг, доройтдог. Ийм учраас бид нар иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа энэ асуудлыг шийдэж иргэдийнхээ дэмжлэгт найдъя. Эдийн засаг өслөө гээд байдаг хэрвээ энэ иргэн хүндээ наалдахгүй байгаа бол эдийн засгийн муугийнх биш, төрийн муугийнх. Төрийн мууг нэмэх биш хасах ёстой. Дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засаг 17 хувь өссөн гэсэн чинь манай төрийн зардал 57 хувь өсчихөөд байгаа шүү дээ. Олон хүн ажилд орлоо гээд байгаа, 60000 хүн сүүлийн гурван жил ажилтай болсон гэсэн гэтэл 40000 хүн төр, төрийг дагасан байгууллагуудад орсон бол 20000 нь уул уурхайд ажилд орсон. Өнөөдөр Монголд төр дагасан, нэг бол уул уурхай дагасан хүн гэрэлтэй гэгээтэй амьдарч байна. Бусад салбарт ажиллаж байгаа хүн хоёр талаасаа шахуулаад үнэхээр зовж байгаа шүү дээ. /Алга ташив/

Би энэ тухай өнгөрсөн жил Их Хурал дээр хэлж байсан.

Бид энэ талаар бас ажил хийж байгаа. Манай ихэнх аж ахуйн нэгж 10 хүртэлх хүнтэй байгаа юм. Тийм аж ахуйн нэгжүүдийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр тооцоод тэр мөнгийг арав хүртэлх ажилчин нэг бүрээр нь аж ахуйн нэгжийн орлогод ногдох татвараас чөлөөлөөд өгөх юм бол олон хүн ажлын байртай болно. Олон аж ахуйн нэгжид ажиллах боломж бүрдэнэ. Дээрээс нь НӨАТ-ын тухай асуудал яригдаж байгаа. Манай Улсын Их Хурлын гишүүд санаачлаад явж байгаа юм билээ. 100 сая гэдэг бол дахиад бага байна. Засгийн газар 50 сая гэж ярьсан. Би Улсын Их Хурал дээр хэлэхдээ сар бүр 20 саяар тооцож чөлөөлье, 240 саяас дээш НӨАТ төлдөг болгоё гэж байгаа юм. Тэгэх юм бол энэ үйл ажиллагаанд нийт аж ахуйн нэгжийн 90 хувь нь хамаарч байгаа байхгүй юу. /Алга ташив/

Бид төрд ойрхон ажиллаж байгаа, нэг бол уул уурхай дагасан хүмүүст л хөнгөлөлт үзүүлээд байдаг. Жинхэнэ ажлаа хийж байгаа хүмүүст хөнгөлөлт үзүүлэхгүй байгаа. Манай боловсруулах үйлдвэр унасан байна билээ. Ингэж авч үзэх юм бол байдал сэргэж болох. Худалдааны татварыг хоёр хувиар тогтоогоод суманд нь, аймагт нь үлдээдэг байх хэрэгтэй. Хот нь үндсэн хөрөнгийнхөө татварыг авдаг болох жишээтэй. Энэ бүх зохицуулалтыг цаашдаа хийж өгье гэж бодож байгаа. Энэ чиглэлд бас хуулиуд гаргахаар ажиллаж байна. Энэ ажлуудыг бид хийх ёстой. Хууль хэрэгжихгүй байна гэдэг бол хуулийн муугийнх биш, тэр хуулийг боловсруулж баталж байгаа тэр газрын муугийнх. Хуулийг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газрын асуудал.

Асуудлын гарц ба “2+5”

Махны үнэ өнөөдөр хэд хүрсэн байгаа билээ. 8700 төгрөг. Энэ бол галзуурч байна шүү дээ. 9000, 10000 руу явж байна. Махны үнэ ийм болж байна гэдэг бол энд төрийн зохицуулалт дутаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ ажил руугаа бид анхаарах ёстой юм байна гэж бодож байгаа. Би түрүүн хот байгуулалтын асуудлаар ярьж байхдаа “1+5” гэж ярьж байсан. Одоо “2+5” байвал яасан юм бэ гэж бодож байгаа. Одоо яг намууд мөрийн хөтөлбөрөө хийж байгаа учраас манай гишүүд бичээд авах байх гэж найдаж байна.

“2+5”-ын эхний хоёр юу вэ? Нэг дэх асуудал. Хууль шударга ёс, төрийг засах ажлаа хийе. Хууль шударга ёстой холбоотой бүх хуулиудаа гаргая. Хоёр дахь асуудал. Монголчуудаа олуулаа болцгооё гэж би уриалсан. Энэ зүйл орхигдож болохгүй гэж бодож байгаа. Монголчууд улам олуулаа болох ёстой. Монголчууд эрүүл болох ёстой. Монголчууд боловсролтой болох ёстой. Монголд сайхан амьдрах гэсэн хүн ирдэг байх ёстой. Монгол уламжлалтай, монгол хэлээ мэддэг тэр хүмүүс, Монгол ах дүү нар Монгол газартаа ирж амьдардаг боломжоор бид  хангах ёстой гэж би боддог. Энэ асуудлыг тусгаж өгөөрэй. /Алга ташив/

Хамгийн гол асуудал бол хот төлөвлөлтийн асуудал

Таван асуудал нь бол ойлгомжтой. Манай төмөр замын асуудал маш их хэцүү байгаа. Энэ дэд бүтэцтэй холбоотой асуудал хойшоо хаягдаад байна. Тийм учраас энэ төмөр замын асуудал, эрчим хүчээр хангах асуудал бол маш тулгамдсан асуудал. Бинзен шатахуунаар өөрийгөө хангах асуудал энэ ойрын дөрвөн жилд шийдэгдэх асуудал. Ашигт малтмал тойрсон асуудлыг шинэ Их хурал, Засгийн газар бүрэн шийдэх ёстой. Хотжилтын асуудал өнөөдөр энд яригдаад байгаа. Бид түүнийг бүрэн шийдэх ёстой. Би өнөөдөр Улаанбаатарын иргэдтэй уулзаж байна. Энэ гэр хорооллын хөрс нь бүр бохирдоод иргэд тэнд амьдрах нь хэцүү байгаа. Тэр орчныг сайжруулах ёстой. Дэд бүтцийг тавьж өгөх ёстой. Ер нь хотоос ч гэсэн зарласан байна билээ. Энэ дүүрэгт амьдардаг л бол тэр дүүрэгт газар ав гээд. Нөгөө 0,7-г яриад байгаа биз дээ. Одоо энэ газруудаа ах дүүгээрээ, гэр бүлээрээ нийлүүлээд жоохон алсхан аваад амьдаръя л даа. Ийм уудам газар нутагтай юм чинь. Тэр лүү нь очих замыг төр тавиад өгөх ёстой. Тэр рүү гэрлийг нь тавиад өгөх ёстой. Цэвэр бохирын асуудлыг тус тусад нь шийдээд өгөх ёстой. Энэ 9 давхарт, тэр таван давхарт амьдарч байгаа улсууд газраа аваад энэ уудам газар нутаг дээрээ хашаа бариад байшингаа бариад амьдар л даа.  Хэдүүлээ сайхан тарж амьдаръя. Бүгдээрээ энэ утаанд хахалдаж шахалдаж амьдрах хэцүү байна гэдгийг би хэлэх гээд байгаа юм. /алга ташив/

Энэ бол аймгийн, сумын төвд байгаа иргэдэд бас хамаатай зүйл болов уу гэж бодож байна. Ингээд хамгийн гол асуудал бол хот төлөвлөлтийн асуудал. Энд баахан хуулиуд байгаа. Үүнтэй холбоотой асуудлуудыг бүгдийг бид дараа нь ярьж болох байхаа гэж бодож байна. Ер нь аливаа юм болохоор л хувьсгал гэж ярьдаг. Хувьсгал гэдэг бол эрхийн шилжилт гэсэн үг. Иргэндээ эрх шилжиж байгаа бол энэ хувьсгал болж байгаа юм. Энэ газраа эдлэх эрх, төсвөө мэдэх эрх, асуудлаа шийдэх эрх иргэн рүүгээ улам шилжиж байх ёстой. Манай иргэд нэг л зүйлийг хамгийн их хүсч байгаа. Дахиад би ярьсан зүйлээ одоо нэг эргүүлээд хэлье гэж бодож байна. Төрөөс ямар ч иргэний хамгийн их хүсдэг хамгийн чухал зүйл бол хуулийн тэгш хэрэгжилт юм шүү. Зарим иргэн баян тарганаараа бусадтай уралдах, өрсөлдөх чадваргүй байж болно. Иргэн хүн өнөөдөр нэг л юм хэлж байна. “Хууль шүүхийн чинь өмнө эрх тэгш байя, миний төрөө гэж”. /Алга ташив/


Бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Харин энэ эв нэгдэл шударга ёсонд суурилсан байх ёстой

Төрөөс иргэний хүсдэг, төрийн иргэнтэй харьцах зарчмын нэг бол энэ шүү. Халаасандаа хэдэн төгрөгтэй нь хамаагүй. Ямар ажил, албан тушаал эрхэлдэг нь хамаагүй, танил талтай нь хамаагүй. Зүгээр хүн шиг амьдарч болдог нийгэмтэй байх нь иргэн бүрт чухал. Ийм нийгмийг шударга нийгэм, хууль хэрэгждэг нийгэм гэж нэрлэдэг юм. Хууль тэгш хэрэгждэг нийгэм бол эв нэгдэлтэй байдаг. Үнэхээр манай ард түмэн эв нэгдэлтэй байгаасай гэж би хүсдэг. Энэ бүх хэрүүл тэмцэл хуулийн тэгш бус хэрэгжилтээс болж ихэнх нь гараад байгаа юм. Та бидэнд нийлж нэгдэх эрх ашиг байх ёстой гэж би хувьдаа боддог. Улс орноо хөгжүүлэх ард иргэдээ сайхан амьдруулах, баялгаа ил тод хуваарилах, хуулиа тэгш хэрэгжүүлэх, энэ бүхэн бол бидний нэгдэх ёстой эрх ашиг шүү дээ. Шударга ёс бол зөвхөн хуулийн асуудал биш, нийгмийн бүх баялагт хамаатай асуудал шүү. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Харин энэ эв нэгдэл шударга ёсонд суурилсан байх ёстой. Тэгвэл энэ эв нэгдэл урт настай, удаан жаргалтай бат бөх байх болно гэдгийг би энд хэлье гэж бодсон юм. /Алга ташив/

Төгсгөлд нь хэлэхэд сайн төр гэдэг бол өөрөө баялаг. Би үүнийг өөрөө үзсэн юм. 2005 онд Ерөнхий сайд болохдоо санал асуулга явуулаад асуусан чинь хамгийн их авлигатай газар хаана байна гэхээр гааль гэж нэрлэж байсан. Гаалийг тойрсон авлига, гаалийн даргыг тойрсон авлига, энэ гаалийнхан чинь ёстой аюул боллоо гэж. Тэгээд энэ гаалийн удирдлагатай холбоотой хэрэг гарч гаалийн нэлээн асуудал шийдэгдсэн. Хамгийн их авлигатай газраар гааль тэр үед нэгдүгээрт ордог байсан. Одоо наймдугаар байр, есдүгээр байрт, аравдугаар байрт ордог болж байгаа юм. Үр дүн гарч байгаа биз. Бид ийм үр дүнг үлдээх ёстой. Гааль сайн ажиллана, гааль шуурхай ажиллана, гааль зөв боловсон ажиллана, гааль хуулийн дагуу ажиллана гэдэг бол хичнээн их бизнест тустай вэ?  Хичнээн их иргэний цагийг хэмнэсэн байх вэ. Хичнээн их баялгийг энэ хооронд бүтээж чадсан байх вэ. Тийм учраас үнэхээр шударга нийгэм, шударга хууль ёс гэдэг бол хамгийн том баялаг. Энэ баялгийг бид бүтээхийн төлөө ажиллах ёстой.

Саяхан би нэг томхон санал асуулга харлаа. Манай ард иргэд “Та ойрын ирээдүйдээ итгэлтэй байна уу?” гэж асуухад 85 хувь нь би итгэлтэй байна гэж  хариулжээ. Ийм учраас манай ард түмэн өөдрөг байгаа. Би ч гэсэн ард түмнийхээ ирээдүйд итгэлтэй байна. Энэ сайн үйлсийн төлөө зүтгэвэл сайн үр дүн гардаг юм гэдгийг сая миний дурдсан жишээ харуулж байгаа юм. Ингээд бүгдээрээ хамтарч зүтгэе. Анхаарал тавьсанд их баярлалаа.

Ерөнхийлөгч үг хэлсний дараа иргэд олон асуулт асуулаа.

Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, оюутан залуус, ээжүүдээ дэмжинэ

За саяын асуусан асуултуудад хариулъя. Сонгуультай холбоотой асуудлууд байна. Энэ асуудлаар миний хувьд нэг л зарчим баримталж байгаа. Энэ нь Сонгуулийн хуулиар заасан нөхцөл журмуудыг хэрэгжүүлж сонгуулиа хийх ёстой. ҮАБЗ-д энэ асуудлыг авч үзээч, хэлэлцээч гэсэн хүсэлт ирсэн. Бид “Хуулийн хугацаандаа хариуцсан хүмүүс нь энэ асуудлаа шийд ээ” гэсэн ийм л чиглэл өгч байгаа. Ийш тийш хариуцлагаас бултаж, ҮАБЗ, Ерөнхийлөгч гэж явах хэрэггүй ээ. Дээр нь СЕХ гэж байгууллага байгаа. Энэ байгууллага нь өөрөө сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй. Дээрээс нь Засгийн газрын хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд байгаа. Улс төрийн намуудтай холбоотой хуулийн асуудал гээд ярьдаг. Үүнийг боловсруулж байгаа. Мэдээж энэ удаагийн Их Хурлаар хэлэлцэж амжихгүй. Улс төрийн намуудын тухай хууль гэж тусдаа гарна. Дээр нь намуудын санхүүжилтийн тухай тусдаа хууль гарах нь зөв юм байна лээ. Байртай холбогдсон асуудлыг мөн тусад нь хуулиар шийдвэрлэх нь зөв гэж боддог. Миний хувьд намууд нэг байранд байх ёстой. УИХ-д, ИТХ-д авсан саналынхаа дагуу тодорхой метр кв-г төрөөс түрээслээд байх ёстой. Сонгуулиар ямар нэг будлиан гаргахгүй нөхцлийг бүгдийг бүрдүүлж ажиллах ёстой төрийн ажилтнууд байгаа. Хэрэв будлиан гарвал Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль гээд бүх зүйл асар их чангарсан. Өмнөх сонгуулиудад гарч байсан сургамж авах ёстой олон харилцаанууд энэ хуульд тусгагдаж өгсөн. Одоо тал талдаа хяналтаа хэрэгжүүлээд ажиллахад сонгууль харьцангуй шударга явах боломжтой болсон.

Газар олголтын асуудлыг Г.Мөнхбаяр дарга хариулсан. Миний бодлоор Улаанбаатарт сургууль цэцэрлэг, спорт соёлын асуудлаар л газрын асуудлыг шийднэ үү гэхээс одоо нэмж газар олгох боломжгүй болж байгаа юм болов уу гэж харж байгаа. Хуучин барилгад байгаа улсуудтай нь тохиролцоод тэр барилгын нь оронд газар олгоё гэж байгаа бол шийддэг байх хэрэгтэй.

Одоо Улаанбаатарт ногоон байгууламжуудыг нэмэх хэрэгтэй. Бусад дэд бүтцүүдийг хотоос гадна барих хэрэгтэй. Хотоос гадна амьдрах гэж буй айлуудыг сургууль, цэцэрлэг, дэд бүтцээр нь хангадаг. Энэ ажлыг бид цааш нь хийх ёстой.

За халамжийн хуультай холбоотой асуудал гарч байна. Ер нь энэ халамжийн хуультай холбоотой асуудлыг Монгол Улс цэгцлэх хэрэгтэй. Сая миний ярьж буй олон асуудлын нэг нь энд орно. Ирэх Их Хурлаар халамжийн асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой гэж боддог. Би яг өөрийн байр суурийг хатуу хэлье. Монгол Улс хэнийг халамжлах вэ гэхээр ахмадуудаа харж үзэх ёстой. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ болон хүүхдийн асуудлыг орхиж болохгүй гэж бодож байгаа. 7 дугаар сарын 1-нээс халамжийн мөнгө зогсоно. Үүнээс хойш хүүхдийн мөнгийг дахиж хэрэгжүүлэх ёстой. Энэ бол хамгийн шударга хуваарилалт гэж би бодож байгаа. Ер нь хүүхдээр нь тооцож нийгмийн баялгаа хуваарилъя.

Монгол Улс эдийн засгийн боломжтой болж байгаа гэж тооцож буй бол нэг хүүхэд өмнө нь сарын 10000 төгрөг авдаг байсныг одоо сарын 20000 төгрөг болгож, хүүхэд бүрт өгье. Энэ нь монголчууд олуулаа болох, эхчүүд, хүүхдээ дэмжих зөв бодлого юм. Хүүхдийнхээ тоог хэзээ ч монгол хүн худлаа хэлдэггүй, хэлэх ч боломжгүй. Иймээс үнэхээр хүүхдийн тоогоор хуваарилах нь бичиг баримт будлиулах зүйл ердөө гарахгүй шударга хуваарилалт шүү.

Мөн оюутнуудын тухайд. Монгол Улс боловсролын салбарт төсвөөс зарцуулж буй мөнгө их бага. Саяын оюутны цалингийн асуудлыг шийдээд 20%-д хүрч байгаа. Өндөр хөгжилтэй оронд энэ тоо 40 хувьтай байдаг. Тиймээс бид хүний хөгжилд оруулж буй мөнгө гэж үздэг. Монголын хөгжлийг Оюу толгой биш оюунтай толгой авч явна. Иймээс оюутандаа хөрөнгө оруулалт хийхийг дэмжье, үргэлжлүүлье. Дөрвөн зүйлийг би хэллээ, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, оюутан гэж.

Залуу ээжүүдийн тухайд.
19-40 насны ээжүүд, ялангуяа төрөх насны ээжүүд.  Тэднийг ажилд ороход нь 2-3 жил жирэмсэлж болохгүй гэсэн гэрээ хийдэг. Үнэхээр энэ хүмүүсийг ажилд авч байгаа бол аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлдөг, урамшуулдаг, хүүхдээ харж байгаа бол хүүхдээ харсан цагийнх нь НДШ, ЭМД-ын шимтгэлийг төлдөг байя. Хүүхдээ харж буй бол 2 жил хүүхдээ харж буй мөнгө, цалинг нь өгдөг байх хэрэгтэй. Залуу ээжүүдийг дэмжсэн бодлого монголын төрд чухал байгаа, өөр бусад асуудал дээр халамжийг хумиж болно гэж бодож байгаа. Энэ 5 бүлэг рүү бид анхаараад бусдыг нь хумиж болно.

Өөр нэг зүйл хэлэхэд намууд нэг зүйл дээр маш их анхаармаар байна. Манайд янз бүрийн барилга их баригдах юм. Төрөхийн барилгууд баригдахгүй байна. Үүнийг Засгийн газар анхаарах ёстой. Би үүн дээр байнга анхаарна. Энэ уг нь Засгийн газрын ажил, төрөхийн барилгын асуудлыг Г.Мөнхбаяр дарга шийдэж өгч байх хэрэгтэй. Дээр нь цэцэрлэг гэж ээж аавуудын санааг зовоосон асуудал байдаг. 70000 хүүхэд өнөөдөр цэцэрлэгээр дутаж байгаа.  70 хүүхдийн цэцэрлэгээр бодох юм бол өнөөдөр монголд 1000 цэцэрлэг хэрэгтэй байгаа биз? 150-аар бодох юм бол 500 цэцэрлэг хэрэгтэй.  Миний яриад байдаг жил бүр 100 цэцэрлэг барья хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал ээж аавууд ажилд орж, хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх боломжтой болно.

Энд нэг асуулт ирсэн байна. “Оюутны хууль санаачилсанд баяр хүргэе. Гэхдээ Оюутны холбооны ерөнхийлөгч гээд тодорхой нэр заасан байна, төрийн албан хаагч мөртлөө оюутан гээд энэ мөнгөөр архи уугаад байх юм аа, энэ чинь юу болж байна вэ? Оюутанд өгөх мөнгө, тэтгэмж гэр бүл, оюутнуудад маш хэрэг болдог. Бид мөнгөө өөрсдөө зарцуулмаар байна” гэжээ. Ерөөсөө энэ хуульд оюутнууд мөнгөө өөрсдөө зарцуулах ёстой, энэ мөнгө бол архи уухад, бааранд суухад зориулсан мөнгө биш ээ. Та оюутны хувьд бусдаас хараат бусаар өөрийн гол үүрэг болох суралцах үүрэгтээ анхаарал хандуулахад чинь төрөөс өгч буй мөнгө, үүнийг ойлгох ёстой. Манай оюутнууд ч үүн дээр хариуцлага хүлээх ёстой, эцэг эхчүүд ч мөн хариуцлагатай хандах ёстой. Янз бүрийн нэрээр оюутнуудын мөнгийг замаас нь авч болохгүй.

Бас нэг асуулт ирсэн байна. Цагдаагийн эрх зүйн орчин бүрдүүлнэ гэлээ. Эмэгтэй цагдаа нарыг арай ялгаатай болгомоор байна. Ялангуяа Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа бүсгүйчүүд дээд боловсролтой гэлтгүй цагдаа эрчүүдтэй адилхан гүйж харайж, шөнө өдөргүй эргүүлд гарч, яг л эр хүн шиг ажиллаж байна. Энэ талаар онцгойлон анхаарна уу гэсэн байна. Үүнийг манай ажлын хэсэг анхаарч үзээрэй.

Мөрийн хөтөлбөрөөр хүнийг хорьдоггүй. Хуулийн дагуу л хүнийг хорьдог

Ерөнхийлөгчид хандсан уучлалтай холбоотой асуудлууд их ирдэг. Сая хорих байгууллагын нөхцөл байдлын тухай, гэмт хэргийн тухай сая ярьсан. Хуульд бол хоригдож байгаа байгууллагын тодорхойлолт, нийт эдэлж буй ялын талаас дээш хувийг эдэлсэн байх гээд олон зүйл бий. Хуулиа мэдэхгүй бичиж буцах тохиолдол их гардаг шүү. Дээрээс нь өргөдлийг янз бүрийн хүнээр бичүүлдэг. Хуульд өөрөө, өмгөөлөгч нь эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бичнэ гэдэг шүү дээ.

Шударга байя гэсэн мөрийн хөтөлбөрөөрөө Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг баривчилж байгаа юм уу гэж асуусан байна. Мөрийн хөтөлбөрөөр хүнийг хорьдоггүй. Хуулийн дагуу л хүнийг хорьдог. Хуулийн байгууллага л шийддэг. Мэдээж Н.Энхбаяр гэдэг хүнийг Ерөнхийлөгч байсны нь хувьд хүндэтгэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх гэдэг бол илүү чухал гэдгийг манай ард иргэд ойлгох байх аа.

Уул уурхай, “Өмнийн говийн элс”, гадаадын төрийн өмчийн компаниуд хувьцаа худалдаж авч буйтай холбоотой асуудал байна. Бүх улс оронд, Монголд байтугай АНУ, Европ, Азийн орнуудад, тэр тусмаа манай хоёр хөршид төрийн өмчийн тодорхой салбарууд дээрээ гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын компаниудын худалдан авалтыг хязгаарласан хуулиудтай байдаг. Монгол Улсын ҮАБ-ын үзэл баримтлалд ч энэ тухай тусгасан байдаг. “Өмнийн говийн элс”-ийн асуудал бол зах зээлийн асуудал биш шүү. Энд төрийн өмчийн компани оролцож байгаа учир ийм зүйл байхгүй. Монгол өөрийн улсын дотроо ч төрийн оролцоог багасгахын төлөө явж байгаа. Тийм учраас гаднаас ямар нэгэн төрийн оролцоог аж ахуйн нэгж, газар нутаг дээрээ авахгүй. Авах сонирхол ч байхгүй. Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, монголын хууль тогтоомж, бодлогыг хүндэтгэж энэ улсууд ажил хэлцлээ хийхгүй бол тэр бизнес чинь Монголд явахгүй шүү. Энэ талаар ажил хариуцаж буй хүмүүс нь ажиллаж байгаа байх. Стратегийн ордод бол Монголын төрийн оролцоо, төрийн бодлого байх ёстой гэдгийг харуулсан ойлголт шүү хэмээн давтан хэлье.

Баривчилгааны үеийг та харсан уу, бас унтаж байсан уу гэсэн байна. Би харсан.  Хууль хяналтын хүмүүсээс юу болж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхэд тэр хүмүүс бид ажлаа хийж байна гэж хариулсан.

Захидал, өргөдөлтэй холбоотой олон асуулт гарлаа. Бид нэг үеэ бодвол иргэдийн захидалд аль болох хариу өгөх гэж ажилладаг. Захидлуудыг бүртгэсний дараа шаардлагатай захидлуудтай өөрийн биеэр танилцахыг боддог. Манайханд нэг ойлголт байна. Ерөнхийлөгчид захидал бичвэл асуудал шийдэгдэнэ гэж. Ерөөсөө тийм юм байхгүй шүү дээ. Ерөнхийлөгч бүх асуудлыг шийдэж чадахгүй. Хуулиар Ерөнхийлөгчийн шийдэж болохгүй асуудал ч байдаг. Тийм учраас нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт, хорооныхоо Засаг даргад өгч эсвэл төрийн байгууллага, яам, агентлагийн түвшинд шийдүүлэх ёстой олон асуудал бий. Нөгөө талаас ерөөсөө тавиад шийдэгдэхгүй асуудал байдаг. Жишээ нь орон сууцны хүсэлт. Ерөнхийлөгч орон сууц хуваарилдаг эрх мэдэл байхгүй. Энэ талаар маш их өргөдөл ирдэг. Шагналтай холбоотой асуудал байна.

Шагнал яагаад хавтгайрдаг, зарим нь эзнээ олдоггүй юм гэхээр тодорхойлолт хавтгайрч ирдэг, тодорхойлолт эзнээ олдоггүй. Нийслэл дээр ирсэн бүхнийг над руу явуулж байна. Байгууллага нь нэг хянаж үзээд, иргэдийн хурал нь нэг хянаж үзээд явуулах ёстой атал за тэнд очоод учраа олог гэсэн маягтай явуулж байна. Тийм учраас тодорхойлолт хэдэн мянгаараа ирж байна. Өнөөдөр гавьяатад гэхэд 6000 тодорхойлолт байна. Энэ дотроос олж шагнал өгнө гэдэг хэцүү. Шагналд тодорхой шалгуурууд бий. Энэ шалгууруудыг цаашид барьж, хавтгайрсан, эзнээ олоогүй шагналыг аль болох багасгах хэрэгтэй байгаа.

С.Зоригийн 50 насны ой болж байна. Түүний амь насны хэрэгтэй холбогдсон асуудал юу болж байна гэсэн байна. Үүнд би тодорхой хариулт өгье. Ер нь энэ асуудлыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш ажлын хэсэг рүү нь анхаарч, хүмүүстэй нь уулзаж ажилласан. Ажлын хэсэг бол төрийнхөө хууль тогтоомжийн хүрээнд ажиллах шаардлагатай. Төрөөс туслах, дэмжих шаардлагатай асуудлууд ч байсан. Анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж нууцын зэрэглэлтэй. Гэхдээ гэр орныхон нь, ах дүү танилцах бол танилцаж болохоор байгаа. Нэг зүйлийг хэлье. Энэ хэргийг илрүүлж болох, төрөөс хийж болох бүх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн шүү. Одоо төрийн удирдлагаас, Ерөнхийлөгчөөс, төрийн өндөр албан тушаалтнаас хамаарах зүйл байхгүй.  Энэ хэргийг илрүүлж болох тэр бүх чиглэлээр нь аюулгүй байдлын хамгийн өндөр түвшинд шийдвэр гаргаж, чиглэл, эрхийг нь өгсөн байгаа. Энэ хэргийг мөрдөж шалгах ажил хийгдэж байгаа гэдгийг хэлье.

Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тухай асууж байна лээ.
Зургаан хуулийн төсөл өргөн барьсан гэдэг нь дандаа шүүхийг тойрсон зүйл.  Хуулчийн эрх зүйн байдлын тухай, шүүхийн тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, шүүхийн захиргааны тухай, шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оролцох, эвлэрүүлэн зуучлах тухай гэсэн олон төсөл юм.  Ер нь олон хэргийг цаг алдалгүй эвлэрүүлэн зуучлах замаар шийдэх боломжтой юм билээ. Би нэг юм хэлээд байгаа. Жирийн иргэн санамсаргүй нэг хэрэг хийсэн бол арай зөөлөн, шийддэг арга нь хялбар, цаг хугацаа нь богино байж болно. Учраа мэддэг хүн мэдсээр байж хууль зөрчсөн бол оногддог шийтгэл нь арай хатуу, арай хүнд байх ёстой. Энэ чиглэл рүү манай бодлого явж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хууль бол маш том хууль. Энэ хуульд эхлээд нэмэлт өөрчлөлтүүд орох байх. Гэхдээ энэ удаагийн чуулганаар хэлэлцэх ямар ч боломжгүй. Үлдсэн гурван хуулийн төслийг манай Их Хурлын гишүүд хэлэлцээд өгвөл харин их юм гэж харж байгаа. Энэ хуулиудыг хэлэлцэж өгөөрэй гэж хэлмээр байна.

УИХ-ын болон Засгийн газрын гишүүд сонгуульдаа маш их эрчимтэйгээр удахгүй орно. Энэ хооронд Ерөнхийлөгчийн Тамгын газар болж өгвөл мэдлэг, мэргэжилтэй хүмүүс аваад шинэ Их Хурал, Засгийн газар бүрэлдэхэд шаардлагатай хуулиудыг нь боловсруулаад шууд өргөн бариад хэлэлцүүлье гэж бодож байгаа. Шинэ Их Хурал, Засгийн газарт шийдэх асуудал олон байдаг. Наад зах нь үйл ажиллагааны хөтөлбөрөө, үндсэн чиглэлээ, төсвөө ярьдаг, тэгээд баталдаг. Ингэсээр байтал арванхоёрдугаар сар хүрдэг шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр хуулиуд, шаардлагатай байгаа олон зүйл дээр цаг хугацааны хүнд нөхцөл байдал үүсээд байдаг юм гэдгийг хэлье.

Монголын онцлогтой монигархиудаас салах хэрэгтэй

Өмгөөлөгчийн эрхтэй холбогдсон нэг асуулт ирсэн байна, товчхон хариулъя. Энэ хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой зааж өгсөн. Шинэ хуулиуд, олон  журмууд гарах ёстой. 2013 оны 7 сарын нэгнээс хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр  явж байгаа. Би энд нэг зүйлийг хэлье өмгөөлөгч хүн иргэний эрхийг өмгөөлөх ёстой. Түүнээс хэргийг, хэрэгтнийг хариуцлагаас зугтаалгах хүн биш шүү. Энэ бол иргэний эрхийн манаанд, хуулийн манаанд зогсож байгаа хүн. Хэрвээ энэ боломжийг тасалдуулаад байвал хуулийн хүрээнд асуудал шийдэх боломж байхгүй. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулж асуудлыг шийднэ. Ер нь шүүхээр, өмгөөлөгчөөр дамжуулж шүүх хурал тасалддаг ийм зүй зохисгүй байдал эцэс болох ёстой. Үүнийг хуулийн дагуу шийдэх ёстой. Үүнийг ямар нэг дарга нарын ааш аяг, тодорхой зохион байгуулалттай шүүх хурал тасалдуулах гэсэн ажил яваад байна гэдгийг жирийн хүн хараад ойлгож байгаа. Ийм зүйл хийж болохгүй шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх аа.

Энэ олигархиудтай холбоотой асуулт байна. Тэднээс яаж салах вэ гээд. Би олигархи гэдэг үг хэрэглэхээ больж байгаа. Монигархи гэдэг үг хэрэглэж байгаа. Монголын нөхцөлд энэ монигиархи гэдэг үг таарч байгаа. Монигархиудтай тэмцэх, тэднээс төрөө цэвэрлэх, Монголын салхитай гэдэг шиг Монголын онцлогтой монигархиудаас салах хэрэгтэй. Ер нь бол бизнес хийж байгаа улсуудаа дэмжихгүй гэсэн үг биш. Миний нэг харж байгаа зүйл гэвэл төрд бизнес хийж байсан улсууд орохоор бизнес хийж байсан улсаа хамгаалдаг. Улс төр лүү орохгүй байгаа, улс төрд хутгалдахгүй байгаа улсуудыг төр дэмжих хэрэгтэй шүү дээ. Төр бизнесийг дэмжих ёстой. Энэ дэмжлэгийн цаана янз бүрийн зүйлтэй хутгаж буруу ойлгож улстөр хийх гэсэн оролдлого бол явцгүй гэдгийг би бас энд хэлэх ёстой байхаа. Ажлын байр бий болгоод, юм бүтээгээд хийгээд явж байгаа аливаа бага ч бай, том ч бай, дунд ч бай, жижиг ч бай бизнесийг дэмжих ёстой. Яаж дэмжих вэ гэдгийг би түрүүн хэлсэн. Ер нь тэр нэмүү өртгийн татвар, тэр аж ахуй нэгжийн албан татвар, орон нутагт тэр баялгаа бүртгүүлэхтэй холбогдсон асуудлуудыг цаашаа анхаарч шийдвэрлэх болно оо гэдгийг энд дахин хэлье.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Иргэний танхим”-тай холбогдсон бас нэг асуулт гарж байна
. Энэ бүхэл бүтэн цогц хууль байгаа юм. Тэгэхээр ямар олон хуулийг бид  гаргах болж байна. Ер нь иргэдийн хурлын хууль гэж тусдаа гаргах хэрэгтэй байгаа юм. Иргэд цуглаад ямар асуудлыг шийдэж болох вэ. Манай дүүрэг бүхэн, хот бүхэн, хотхон бүхэн, сум бүхэн, иргэд өөрсдөө бөөнөөрөө амьдарч байгаа газар бүхэн өөрийн дүрэмтэй болох ёстой. Тэр дүрмийнхээ дагуу асуудлаа шийддэг байх ёстой. Үүний эрх зүйн үндсийг бид бүрдүүлж өгөх ёстой. Дээрээс нь нэг хууль гараас гарахгүй нилээн удаж байгаа. Төрийн ажлыг төрийн бус байгууллагууд, ААН-үүд , иргэд гүйцэтгэдэг байх. Энэ хуулийг бид гараасаа гаргах цаг болсон. Бүх ажлыг төр хийх гэж оролддог бол буруу байгаа юм. Би түрүүн төрийн зардал яаж өсч байгааг хэллээ шүү дээ. Мөн төрд ажиллаж байгаа хүн яаж өсч байгааг хэллээ. Энэ бол муу төрийн хүн нь олон болж, зардал нь нэмэгддэг. Буруу төрийн зардлыг хасаад ТББ, ААН гүйцэтгэх боломжтой ажлыг шилжүүлээд, төр нь түүн дээрээ хяналт тавих ёстой. Ингэж явах юм бол хамгийн зөв. Бусад улс орны туршлагаас харахад энэ нь тийм байна.

Ойрын үед бидний нэг анхаарж харж байгаа зүйл нийтийн эрх ашгийн өмнөөс нэхэмжлэл гаргах. Энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Ерөөсөө энэ байгаль сүйдлээ, ус агаар болохоо болилоо гэдэг зүйл, ашигт малтмалтай холбоотой нийтийн эрх ашгийг хөндсөн олон асуудал бий. Манайд энэ талаар хуульд сууж өгсөн зүйл байхгүй. Энэ нийтийн эрх ашгийг, нийтийн баялгийг өмөөрөх тухай ойлголт бага байна шүү дээ. Хэдэн ТББ, идэвхтэй иргэд л явдаг. Хэлж ярьж байгаа зүйл нь одоо төрийн чихэнд, төрийн шийдвэрт хүрэхгүй байгаа. Энэ асуудлыг бид бүр хуулийн зохицуулалтай болгож оруулах гэж байгаа. Тусад нь хурал зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд аль болохоор шударга ёсыг барьсан, иргэдийн эрх ашги,  оролцоог хангасан иймэрхүү хэцүү асуудлуудыг Засгийн газартайгаа, Их Хуралтайгаа барьж аван шийдэхийн төлөө анхаарч ажиллаж байна. Дээрээс нь Аархусын конвенц бол байгаль орчин, хүний эрхтэй холбогдсон маш чухал эрх зүйн баримт бичиг. Энэ конвенцид Монгол Улс нэгдэн орохоор ажиллаж байгаа шүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймэрхүү маягаар бидний ажил явж байгаа.

Сонгуультай холбоотой нэг зүйл хэлье. Ер нь ард иргэдийн сонголт шүү дээ. Төр ямар байх вэ гэдэг тухайн ард түмнээсээ шалтгаалдаг. Тухайн ард түмний хийх гэж байгаа сонголтоос шалтгаалдаг. Таныг төлөөлдөг хүн л сайн хүн баймаар байна. Шинэ хүнийг дэмжих ёстой.

Төрийг мөнгө, ашиг гэж харж орж ирж байгаа бол хэрэггүй гэж би өмнө нь хэлсэн. Гэхдээ тэр шинэ хүмүүсийн дунд сайн ч байгаа. Хуучин ажиллаж байсан хүмүүсийн дотор бас сайн хүн байгаа.

Сонгуулийн хэсгийн тоог нэмчихвэл толгой эргээд байх юм байхгүй

Сонгуулийн хууль Цэц дээр очоод хүчингүй болоод ахиад УИХ дээр ирж, дахиад Цэц рүү буцаасан байна лээ. Цэц дахиж энэ асуудлыг авч хэлэлцэх байх. Цэцийнхээр шийдэгдэх юм бол нөгөө 28 нь намын нэрийн жагсаалтаар, 48 нь тойргоос нэр дэвшихээр байгаа шүү дээ. Нэг үе манайхан бүгдээрээ пропорциональ байх нь зөв гэж ярьдаг байсан. Намын нэрийн жагсаалтаар сонгууль явуулах нь шударга юм, жалга довны энэ юмнаасаа салъя гэж ярьдаг байсан. Сая УИХ ярьж ярьж шийдсэн энэ шийдэл бол харин ч зөв болсон юм уу гэж бодож байгаа. Намын нэрээр ордог цөөн туршлагатай, боломжтой гэж үзэж байгаа хүмүүс нь 1/3, ард түмнээс сонгогдож орж ирдэг нь 2/3. Энэ бол манай нөхцөлд таарсан хэлбэр. УИХ-ынхан ярьсаар байгаад зөв хэлбэрээ олоод авав уу даа гэж бодож байна. Манай намын бүлгийн дарга нар ярьж байсан. МАН, АН хоёр сонгууль зэрэг явуулахтай холбогдсон хуулийн талаар маш олон талаас нь ярьсан байгаа. Тэр хуулийг уг нь дөрвөн жилийн өмнөөс, хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлээд бүх газраа зэрэг хийх ёстой байсан. Одоо бол хоёр намын бүлэг ярьсаар байгаад УИХ-ын сонгууль, нийслэлийн сонгуулийг зэрэг явуулах шийдэлд хүрч буй юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэгэнт ийм шийдэлд хүрээд хуулиараа шийдэж байгаа бол одоо энэ дээрээ анхаарах хэрэгтэй. УИХ, нийслэлд дэвшиж байгаа хүмүүсийн сонгууль нь зэрэг явах юм байна, процедур нь хуулийн дагуу ижилхэн байх юм байна гэж хувьдаа ойлгож байгаа. Иргэдийн хувьд УИХ-д өөрийн тойргоос нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ тоог дугуйлчихна, Нийслэлийн ИТХ-д дэвшиж байгаа хүмүүсийнхээ тоог дугуйлна, дэмжиж байгаа намынхаа тоог дугуйлах байх. Ингээд л асуудал шийдэгдэж байгаа шүү дээ. Энэ бол толгой эргүүлсэн олон асуудал байхгүй.

Харин зүгээр нэг хүн санал өгөхөд жаахан цаг хугацаа зарцуулж магадгүй. Ийм учраас манай Сонгуулийн ерөнхий хороо, Засгийн газраас анхаараад тэр сонгуулийн хэсгүүдийг нь хоёр дахин олон болгож байгуулах ёстой юм. Яагаад гэвэл хугацаа нь бага болчихоод байгаа. Тэгэхээр сонгуулиа аль болох өглөө эртхэн очиж өгөх, сонголтоо зөв хийх, таны сонголт л зөв болохгүй бол өөр хүмүүсийн төлөөллөөр, өөр нөлөөллийг төлөөлсөн хүмүүс орж ирэх явдал гарч болох вий гэж бодож байгаа. Би хувьдаа УИХ-д олон нам ороосой гэж боддог. Олон үзэл бодлын төлөөлөл байгаасай гэж боддог. Аль нэг нь ялаасай гэж бодохоосоо илүүтэй ард түмэн ялаасай гэсэн ийм л бодолтой байгаа. Тэгээд энэ сонгуулиар өмнө нь гарсан харамсалтай байдал дахин давтагдах ёсгүй. Одоо бүгдээрээ сонгуулиа зөв шударга хийдэг болъё. Хэн ямар санал өгсөн байна, тийм дүнгээрээ л гардаг байх ёстой. Ингэж л бодож байгаа. Энэний дагуу бүгдээрээ анхаарч ажиллая. Ингэж чадах юм бол монголын ард түмний сонголт мэргэн байж, сонгуулийн дүн ард иргэддээ эргэж тусах байх аа гэж бодож байна.

Сая та бүгдийн тавьсан болон ЕТГ-т бичгээр ирсэн асуултыг бид бүхэн авч үзнэ. Д.Баттулга дарга энд байгаа.
Өргөдлүүдийг бүр тусад нь харж авч үзэж, тодорхой хүмүүст нь хариу өгнө гэж бодож байгаа. Би хувьдаа ард иргэдээсээ хэлэх гэж байгаа шударга үгийг нь  сонсоё гэсэн бодолтой байдаг. Ард иргэдээ сонсохгүй юм бол, ард иргэдээсээ хатуу ч гэсэн үг сонсохгүй юм бол өөр хэнээс сонсох вэ. Ийм учраас та бүхний гаргаж байгаа санал, энэ хэвлэл мэдээллээр явж байгаа саналуудыг би маш идэвхтэй хардаг. Утсаар ярьж байгаа тэр хүмүүсийн саналыг ч гэсэн маш их хүндэтгэдэг. Би хувьдаа хэвлэл дээр гарч байгаа мэдээлэлд их хүндэтгэлтэй ханддаг. Хэвлэлээр явуулж байгаа энэ үйл ажиллагаанд бас их хүндэтгэлтэй хандаж ард иргэдийн өргөн тавьж байгаа асуудалд аль болохоор шийдвэрлэхэд нь нөлөөлөх юмсан гэж боддог.

Монголын төр ард түмнийхээ дэмжлэгтэй байх юм бол сайн байна. Энэ дэмжлэгээ авч бүгдээрээ энэ улс орноо хөгжүүлэхийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэе. Хэцүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө, ард түмэндээ тулгамдаж байгаа асуудлыг нь тухайн цаг үед нь шийдвэрлэхийн төлөө хамтарч ажиллая. Энэ үйл ажиллагаанд манай нийслэлийн удирдлагууд, Засгийн газар, УИХ хамтарч ажиллаач ээ гэдгийг хэлмээр байна.

Ийм уулзалтуудыг манай сайдууд, Засгийн газар, УИХ ч гэсэн цаашдаа хэвшүүлж газар газар ард иргэдтэйгээ саналаа солилцож байх ёстой. Дүүргийнхэн хийж байх ёстой, хороодын хүмүүс нь хийж ажиллаж байх ёстой. Ард иргэддээ ойрхон байж, чихээ нааж явж энэ ажлуудыг хийх ёстой гэсэн бодолтой байна.

Өнөөдөр цаг заваа гаргаж хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэдийн төлөөлөл, энд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд, нийт хүмүүст гүн талархлаа дахин дахин илэрхийлье.

Их баярлалаа та бүхэнд.

Эх сурвалж: www.president.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж