“Номин”-д “00” хийх мөнгө алга уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Номин”-д “00” хийх мөнгө алга уу?

Нэг бүсгүй таксинд суугаад жолоочид нь,

-Хорооллын “Номин”… гэж.

Жолооч залуу гайхсан янзаар харсанаа толгой дохин,

-Таван шарын Гочоо… гэж. Энэ бол онигоо.

Харин би “Номин”-д “00”-той болчих мөнгө алга уу? л гэж асуумаар байна. Онигоо эхэлж ярьсан учир нь Номин гэх нэртэй бүсгүйчүүдийг хэлж байна гээд андуурах вий гэж болгоомжилсных. Ингээд хэнд хандаж байгааг маань мэдсэн хойно “Номин”-гийн удирдлагуудаас бусад нь өөр зүйлд анхаарлаа хандуулсан нь дээр биз.

Байгуулж чаддаггүй юм бол нурааж чадна гэж найдаж байна. Ядаж “ОО”-той болчихож чаддаггүй юм бол “Улсын их дэлгүүр” гэсэн брэнд хаягийг нь авч хая. Сураггүй нэг дэлгүүрүүд, жижиг цайны газрууд ОО-ийн өрөөгөө түгжчихээд “засвартай” гэж худлаа хэлдэг шиг арай та нар иймэрхүү зүйл бодоод байгаа юм биш биз. Үнэндээ жижиг цайны газар, дэлгүүр гээд олон нийтэд үйлчилж буй газар бүр ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Анх үйлчилгээний зөвшөөрөл өгөхдөө ийм зүйлийг нь харж байж мэргэжлийн хяналтынхан гарын гарын үсгээ зурдгийг эрхбиш мэдэж байгаа байх. Танай бусад дэлгүүр, үйлчилгээний газрууд ямар байдгыг мэдэхгүй байна, ямартаа ч Улсын их дэлгүүрээр үйлчлүүлэхдээ “00”-д орох гэж бөөн адал явдалтай таарлаа.

Мэдээж өдөржингөө тэнд юм зарж, үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийнх нь давсаг чилдэггүйг бодоход ямар нэгэн аргаар, магадгүй үйлчлүүлэгчээсээ нууж өөрсдийнхөө асуудлыг шийддэг бололтой. Бид мэтийн монголчууд яах вэ, өөр ойрхон нэг газар олоод “довоо шарлуулчихна”. Харин гадныханд бол “гэнэтийн бэлэг” болоод байна шүү, танай дэлгүүр.

Өчигдөрхөн “Номин”-гоор явж байтал шар толгойтой, шонхор хамартай гэр бүлийнхэн энэ сюрпризийг чинь гардаад авчихсан, өмдөө норгосон жаалаа загнаад явж байхтай таарлаа. Уг нь ч өмдөндөө шээгээд байх насны хүүхэд биш л дээ. Тэд бие засах газар байж болох бүх газрыг нэгжээд буцаж явахдаа яваад надтай таарсан нь энэ. “Үгүй байлгүй дээ” гэж бодоод ариун цэврийн өрөөнийх нь хаалгыг татаж үзсэнд яалт ч үгүй хаалттай байв.

Шар толгойтны төлөө шалгахаас гадна өөрөө ч орох шаардлагатай байсан тул дараагийнх нь давхарт ч гарлаа. Бас л хаалттай. Бас ч гэж нэр хүнд нь ч өндөр, үнэ нь ч өндөрт тооцогддог дэлгүүр учраас ядаж дараагийн давхрынх нь онгорхой гэж найдаж байсан тул дахиад өгсөв. Давхар бүртээ ганцхан л хаалттай “00” байдаг бололтой. Итгэл найдварын гэрэл бөхөөгүй л байлаа.

Дахин дээшлэв. Харин энэ удаад онгорхой байлаа. Угаалтуур, босоо суултуур, харин бүхээг нь хаалттай байлаа.Энэ удаад яалт ч үгүй эвдэрч, магадгүй бөглөрсөн бололтойг гэрчлэх анхилуун үнэр өрөөгөөр дүүрэн. Хөөрхий минь ачааллаа дийлээгүй бололтой.

Бүхээг нь надад хэрэг болох байсан тул дахин дээд давхарт нь гарав. Энэ давхарт хоолны үйлчилгээ байдаг тул нэг зүйл олдох байх гэж бодсон маань ч зөв байлаа. За тэр 200 төгрөг ч яамай, гол нь эрснээ оллоо. Тэвчээр бүхнийг ялна” гэж үг байдаг даа. Үнэн үг байна шүү. Гэхдээ “түрээс өндөр гэгддэг энэ газар яагаад олон нийтэд зориулсан ариун цэврийн өрөөнийхөө асуудлыг шийдэж чаддаггүй юм бол. “Номин”-д “00”-той байх мөнгө байгаа даа, уг нь.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж