Инфляцийн буруутан хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Инфляцийн буруутан хэн бэ?

Ниргэсэн хойно нь хашгирав гэж болзошгүй аюулыг сэрэмжлүүлээд байхад анхаардаггүй алмай хүмүүст зориулсан үг байдаг. Уг нь энэ үг манай эрхэм түшээд хууль тогтоогчид, гүйцэтгэх засаглалынханд ихэнхдээ тохирдог сон. Гэтэл энэ удаад ниргэчихээд байхад ч хашгирдаггүй ээ, манайхан. Энд бидний амьдралыг өдрөөс өдөрт өмлөн цөмлөн авч яваад байгаа инфляцийн тухай дахиад хөндөх гэсэн юм. Инфляци гэрлийн хурдаар өсч байгаа гэдгийг эрх баригчид, хууль тогтоогчид мэдсээр байж ядахдаа өмнө тэгдэг шигээ халаглан шогширч, хашгирахгүй байгаад нь гайхаад тэсэхээ больсон иргэдийн үгийг дамжуулж байна гэсэн үг л дээ.

Харин өнөөдөр бол манай улстөрчид сонгуулийн сураг чимээнээр тэнгэр ниргэж байхад ч мэдрэхээ больж байгаа даг аа. Уг нь нийт хүн амынх нь дийлэнх болсон ядуу, дунд орлоготой иргэд инфляцид нэрвэгдэж туйлдчихаад байхад ядуурал буурсаан гэж ичих ч үгүй тунхаглаж байдаг болж. Басхүү нэгэнт нэрвэчихээд байгаа аюулыг ил харагдуулахаасаа айж байгаа ч юм билүү.

Улстөрчдийн ниргэсэн хойно хашгирахынхаа өмнө хийдэг нэг үйлдэл бол яалт ч үгүй бурууг бусад руу чихэж, өөрсдийгөө цэвэрхэн харагдуулах гэх арга. Өнөөдөр ч гэсэн инфляцийн буруутныг хайх аянд нэгэнт мордчихоод байгааг та бид харж л байгаа. Мэдээж хэрэг буруутан нь яавч Засгийн газар биш. Харин одоо хүчтэй тарж байгаа, магадгүй хүчээр тарааж байгаагаар бол инфляци өссөнд Монголбанк буруутай гэнэ ээ. Мэдээж мөнгөний бодлогыг тодорхойлогчийн хувьд Монголбанк онилж болох дайсан нь нь мөнөөс мөн. Гэхдээ утаа хаашаа хийсч байгааг нь бус хаанаас гарч байгааг нь л харах ёстой сон.

Улстөрчдийн амлалт, халамжийн хавтгайрсан бодлого инфляцид нөлөөлөх нь байна шүү гэж эдийн засагчид олонтаа сануулж л байсан. За тэгээд инфляцид гол нөлөө үзүүлж байгаа мах, хүнсний бүтээгдэхүүний үнийг бол манай Засгийн газар зохицуулж чадах ч үгүй. Инфляцийн буруутан болоод байгаа төвбанкаа л “мал дээр гаргахгүй” бол…     

Уг нь хоёр жилийн өмнөөс буюу 2010 оны тавдугаар сард Монголбанк

Дотоод зах зээл дээрх махны нийлүүлэлтийн хомсдлыг багасгах үүднээс махны экспортыг 2010 онд зогсоох;

-Махны үнийн өсөлтийг зогсоож, бууруулахын тулд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах;

-Бэлэн мөнгө, тэтгэмж олгохоо зогсоож, сонгуулиар амласан тэтгэмжээ зөвхөн бэлэн бус хэлбэрээр олгох;

-Хувийн секторын хөрөнгө оруулалт, дуусаагүй үйлдвэрлэлийг дэмжсэн төсвийн бодлогыг банкны бүтцийн өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн анхааруулгыг Засгийн газарт явуулж байж. Харин инфляци 11,4 хувьд хүрч ирсэн 2011 оны наймдугаар сард инфляци буурахаасаа өнгөрлөө шүү гэсэн анхааруулгыг мөн л Засгийн газарт өгч. Харамсалтай нь эрх баригчид сонссонгүй юу, сонсохыг хүссэнгүй юу, мөн л бахь байдаг хэвээрээ.

Дараа нь 2011 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт, харин энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд буюу арваадхан хоногийн өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ч бас бичиг анхааруулга илгээсээр.

Энэ бүх шаардлага анхааруулгын үр дүн нь ямар болоод байгааг та бид өнөөдөр харж байгаа. Харин одоо тухай бүрт анхааруулж, асар их мөнгөний урсгалыг дагаад дийлдэхээ больж буй инфляцийг бага ч гэсэн бууруулахын тулд мөнгөний бодлогын арга хэрэгслээ хэрэгжүүлж байгаа Монголбанк буруутан болж байгаа юм гэнэ.

Болдоггүй бор өвгөний тухай хүн болгоны мэддэг нэг үлгэрт “Нисдэг бор морийг нь ниргээд ир гэсэн үү, нисдэггүй борь морийг нь ниргээд ир гэсэн үү”  гэж халагладаг шиг.

Өнөөдөр нийслэлийнхээ иргэдийн махны хэрэглээг хангах наад захын арга хөшүүргийг ч хөдөлгөж чаддаггүй Засгийн газар инфляцид буруутай юу, эсвэл нэгэнт хэтийдсэн инфляцийг барихын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа Монголбанк буруутай юу. Энд зөвхөн махны үнэ, бодлогын хүү гэсэн хамгийн энгийн бөгөөд иргэдэд ойлгомжтой жишээг л ишиллээ. Цаашилбал, бодлогын уялдаа холбоо хийгээд сонгууль дөхөхөөр юу ч хамаагүй амлаж, амлалтаа биелүүлэхийн тулд эдийн засаг нь сүйрч, иргэд нь ядарч туйлдахыг ч эс тоодог өнөөгийн улстөрчдийн араншинг дахин дахин дурдаад ч яах вэ дээ?

Одоо нэгэнт сонгууль дөхсөн болохоор тэдний чихэнд алт хийсэн ч адилхан ус хийсэн ч адилхан. Нисдэг, нисдэггүй нь хамаагүй байгаа бүхнийг нь ниргэчихэж магадгүй Хурмастын хаан ч хамаагүй. Бүр ниргэсэн хойно нь хашгирдаг хуурамч зангаа ч мартчихсан юм биш үү, манай улстөрчид.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж