Шумахер одоо ч гэсэн шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Шумахер одоо ч гэсэн шилдэг нь

“Формула-1”-ийн шилдэг баг “Ferrari”-гийн нисгэгч Фернандо Алонсо CNN Sport-д өгсөн ярилцлагадаа дэлхийн долоон удаагийн аварга, Герман нисгэгч Михаэль Шумахерыг өдгөө ч “Формула-1”-ийн уралдааны талбар дээрх хамгийн хурдан нисгэгч гэжээ. ДАШТ-ий эхний гараа Австралийн Мелбурн хотноо хэдхэн хоногийн дараа эхлэх гэж буй энэ үед дэлхийн хошой аварга Алонсо өөрийнхөө хүчтэй өрсөлдөгчийг Шумахер байх болно гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа ярьсан байна. Тэрбээр “Хэрэв “Формула-1”-ийн 24 машин бүгд хоорондоо адилхан байсан бол Михаэль миний хувьд хамгийн аюултай өрсөлдөгч байх байлаа. 2011 онд уралдах нисэгчдийн жагсаалтыг харвал нэг л нэр онцгой харагдана. Тэр нь Михаэль Шумахер. Михаэль бол дэлхийн долоон удаагийн аварга, “Формула-1”-ийн домог шүү дээ. Түүнд чадвар, авьяас бүгд байгаа болохоор бид бүгд түүнийг хүндлэх ёстой” хэмээжээ.

Харин өөрийнхөө замналын талаар Алонсо “Тийм ч олон нисэгчид дэлхийн аваргад түрүүлэх завшаан олдохгүй байх. Би “Формула-1”-т есөн жилийг өнгөрүүлсэн. Дахиад ч зургаа, долоон жил байгаа гэж бодож байна. Энэ гайхалтай спортод, хамгийн ихээр хийх дуртай зүйлдээ амьдралынхаа дөрөвний нэгийг зориулсан. Өөрийгөө азтай нэгэн гэж боддог шүү” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж