Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Юм юмтай хавар


Хаврын урь орж ичээний амьтад хөдөлмөгц дагаад “амилдаг” улс төр энэ удаад юм юмтай байх шинжтэй. Жагсаал цуглаан, уриа лоозон, хэрүүл ерөөл, Төрийн ордныг тойрох гороочид, мануухай, цаас шатаах зэрэг бол урь унахтай зэрэгцэн манай “нийгмийн идэвхтэй” иргэдийн үйлддэг ердийн зан үйл. Үүн дээр ил далд, олон цөөн хоногийн өлсгөлөн, суулт зэрэг хачир нэмэгдэнэ.

Харин энэ хаврын хувьд эдгээр дээр нэмэр болох сонин содон шигтгээ олон байх бололтой. Урин цагийн улс төрийн кампанит ажлын эхлэл ямар байх нь Улсын дээд шүүх МАХН-ыг бүртгэж авах эсэхээс шалтгаална. Хэрэв МАХН-ыг бүртгэж авахгүй бол Онц их хурлаа хийж нэгэнт зохион байгуулалтад орсон эл хүчнийг тойрон нэгдээд буй парламентаас гадуурх намууд, иргэний хөдөлгөөнүүд Улсын дээд шүүхийг шударга бус байна хэмээн шүүмжилж тэмцэл хөдөлгөөн өрнүүлнэ. Харин Монголын улс төрийн намуудын жагсаалтад МАХН гэдэг нэр дахин шинээр бичигдвэл МАН-ын зүгээс Дээд шүүхийн толгой дээр аянга буулгаж, албан тушаалын хэрэгт ажилтнуудаас нь унагаж ч мэднэ. Тэртэй тэргүй МАН-ынхан МАХН гэж товчилж болох хамаг нэрийг түүж Улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй Оюуны өмчийн газарт хандчихаад байгаа. Оюуны өмчийн газарт барааны тэмдэгтээр бүртгүүлэхээр хөөцөлдөж яваа гэсэн. МАХН гэж товчилж болох нэртэй бараа бүтээгдэхүүн байх аваас Патентийн хууль зөрчсөн хэрэгт холбогдох юм уу, хаашаа юм. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид МАХ гэж томоор бичихдээ ч болгоомжтой байхгүй бол МАН-ынхан “манай намын хуучин нэрийг хэрэглэсэн байна” хэмээн сэрдэж магадгүй болчихжээ. Барааны тэмдэгтээр баталгаажуулах гээд байгаа МАХН гэдэг нэр сонгуульд санал даллах магадлалтай тун алдартай “Брэнд нэйм” гэдэг нь ч тодорхой болов.

Чухам “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр МАХН гэдэг нэр эздэдээ шоовдорлогдон улс төрийн тавцангаас буусан биш сөрөг хүчнийхний  “брэнд нэйм” болон гарч ирлээ. Намын нэр тойрсон маргаан мэтгэлцээн яахав гэхэд МАХН гэдэг нэр шинэ хүчнийхний цуглардаг овоо болчихоод байна.Энэ “брэнд нэйм”-ийг тойрсон үйл явдал УИХ-ын ирэх хаврын чуулганаар шинэчлэн найруулж батлах Сонгуулийн тухай хуулийн хувь заяанд ч нөлөөлөхүйц болжээ. 

Сонгууль явуулах тогтолцоогоо тохирч чадахгүй дүлэгнэсээр хэдэн чуулган дамнуулсан МАН, АН-ын эрхэм гишүүд харин ч тийн хойшлуулсаар өдий хүргэсэндээ ханцуйдаа залбирч суугаа. Цэвэр пропорциональ юм уу, аль эсвэл мажоритар, пропорционалийн холимог тогтолцоон дээр буух гэж байсан гишүүд  2012 оны УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоогоор явуулах нь дээр гэдэг дээр бараг санал нэгдсэн дуулдана. Нэг намынхан нөгөө намынхаа нэр дэвшигчидтэй хүч хавсран бие биеийнхээ эсрэг хөдөлсөн 2008 оны сонгуулийн үеийн томсгосон тойрогтой тогтолцоог орхиж 1996, 2000, 2004 онд хэрэглэж байсан жижиг тойрогтой мажоритар хувилбараараа 2012 онд дахиад нэг сонгуульдах нь бараг тодорхой болсон шиг байна. Ядаж том тойрогтой сонгууль шиг нэр дэвшигчид их хөрөнгө мөнгө үрэхгүй хэмнэлттэйн сацуу МАХН гэдэг нэрийг тойрон нягтраад байгаа нам, хөдөлгөөнүүдийг шахасхийх тал дээр ажиллахгүй бол нэгдэж сонгуульд орох нь илэрхий болоод буй бусад намуудаас дор хаяж УИХ-д нэг бүлэг үүсгэх нөхөд парламентад ороод ирж магадгүй гэдгийг эрхэм гишүүд тооцоолоод эхэлжээ. Дээр нь парламентын цөөнхийн цөөнх ИЗН, Ногоон нам хоёр маргаан мэтгэлцээнтэй ч гэсэн нэг дээвэр дор багтах нь бараг тодорхой болчихсон.

Тун удахгүй, дөрөвдүгээр сарын эхээр шинэ хүчнийхэн Бүх ард түмний  Их хуралдайг хийнэ. Нийслэлийн бүх дүүрэг, 21 аймгийн сум болгоноос төлөөлөгч оролцох Их хуралдайгаар өнөөгийн нийгмийн байдалд үнэлгээ өгүүлнэ гэж байгаа. Нэгэнт МАХН ба бусад нам, хөдөлгөөнийхөн үүнийг зохион байгуулах тул өнөөгийн төр, засгийг хангалттай шүүмжлэх зорилго үүний цаана бий. Сонгуулийн будилаанаас үүдэлтэй 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны мөн чанарыг нягтлах ажил ч энэ хавар эрчимжиж эхлэх шинжтэй боллоо. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ чиглэлд ажлаа эрчимжүүлэхээ амласан. “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүн амь насаа алдсан. Үүний учрыг олохын тулд ажиллана. Уг хэргийн эзнийг олоход дургүйцэж байгаа хүмүүс бий байх. Улс төрийн зорилготой байсан ч байж мэднэ. Үүнийг тайлж олоход хэцүү. Гэхдээ заавал олох болно" хэмээн Ерөнхий прокурор саяхан дуугарлаа. Тэр үеийн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболд гээд олон хүн гэрчийн мэдүүлэг өгөх нь тодорхой болоод байна. Хаврын чуулган дөхтөл чөлөө аваад байгаа УИХ-ын эрхэм гишүүн С.Баяр АНУ-аас ирмэгц энэ ажил эрчээ авах шинжтэй.

Өвөл гайгүй өнтэй, хавар ч тэгтлээ хахир авирлаагүй болохоор өнгөрсөн жилийнх шиг зуд турхан, малын сэг зэмийн асуудал энэ удаад босохгүй. Харин ирэх жилийн сонгууль дөтөлж яваа тул энэ мэт улс төр хавиар юм юмтай хаврын бужигнаан ирэх сараас эхлэн сюрприз дүүрэн байж магадгүй нь ээ.
                            

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

                        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж