-Аврах багийг Сендай хотод ажиллах чиглэлийг хэн өгч зохицуулсан юм бол. Хэдийнээс эрэн хайх, аврах ажилдаа орсон бэ?
-Японы гадаад харилцааны яамны Азийн газрын удирдлагууд манай аврах багийг газар хөдлөлтийн голомтын бүс болох Сендай хотод ажилуулахаар болсон. Бид энэ сарын 15-ны орой Токиод очиж, эндээс ачиж явсан тусламжийн бараагаа ачих ажлыг хийж гүйцэтгэсэн. Дараа өдөр нь буюу 16-нд Токиогоос Сендай хот руу явж 22.00 цагийн орчим зорьсон газраа хүрээд, тэндээсээ 30 км-ийн зайтай Нотари гэж далайн эргийн газарт очиж 17-ны өглөөнөөс эрэн хайх, аврах ажиллагаагаа эхэлсэн гэхэд болно. Бид Тайвань улсын аврагчидтай эрэн хайх ажлыг гүйцэтгэсэн.
-Тэндхийн нөхцөл байдал ямар байсан бэ. Ажиллахад хүндрэл гарсан уу?
-Сендай хот орчимд газар хөдлөлт, цунами хамгийн хүчтэй болсон, хамгийн их сүйдсэн газар учир нөхцөл байдал хүнд байлгүй яахав. Аврагчид шавар шалбааг дээр майхнаа бариад л ажилдаа орсон. Биднийг ажиллах хугацаанд хүчтэй салхитай, цаг агаар хүйтэн жиндүү байлаа. Бас өдөрт 2-3 удаа 4-6 баллын газар хөдлөлт болж байсан.
-Бусад орны аврагчдаас Монголын аврагчид юугаараа ялгарч байв?
-Бид бол хүнд машинаар сүйдсэн барилга байшинг цэвэрлэхийн өмнөх шатны үүргийг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл нурангин дор амьд хүн юм уу, хүний цогцос байгаа эсэхийг илрүүлэх ажил байсан. Тэгэхээр бид маш хянуур, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болсон. Хэрвээ хүний цогцос үлдсэн байвал хүнд машинаар нурангийг түрэх үед гарч ирнэ. Бид ажиллах хугацаандаа гурван хүний цогцос гаргаж, Японы цагдаагийн байгууллагынханд хүлээлгэж өгсөн.
-Таны хувьд энэ чиглэлээр гадаад улс оронд сургалтад хамрагдаж байсан гэсэн. Энэ туршлага тань хэрэг болсон болов уу?
-Тэгэлгүй яахав. Алхам тутамд хэрэг болж байсан. 2002, 2003 онд ОХУ-д эрэн хайх аврах, 2010 онд Туркэд газар хөдлөлтийн чиглэлээр сургалтад хамрагдсан л даа. Аврах багийг удирдаж явсны хувьд аврагчдынхаа аюулгүй байдлыг хангах, нурангийн тогтцыг судлах, бэхэлгээ хийх, аврагчдаа хаанаас хэрхэн оруулах гээд багийн ахлагч хүний үүрэг, ур чадвар чухал. Аврагч хүн эхлээд өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байж, дараа нь бусдад тусламж үзүүлж чадна. Хэрэв аврагч өөрөө эрсдэлтэй байдалд байвал аврах ажиллагаа явуулж чадахгүй гэсэн үг. Миний хувьд аюулгүй байдлыг хангуулах талаар анхаарч байсан даа.
-Бусад орны аврагчдаас манай аврагчид юугаараа ялгарч байв?
-Улс орон болгон аврах ажиллагаа явуулах өөр өөр аргатай байдаг юм билээ. Бид ч мөн адил. Хэдийгээр зарим нэг багаж, хэрэгслийн үзүүлэлт нь өндөр ч манай аврагчид ур чадвар, тэсвэр хатуужлаараа тэднээс ялгарсан гэж бодож байна. Японы Гадаад харилцааны яамныхан ч бидэнд талархаж байна лээ. Бидэнд эрэн хайх, аврах ажиллагааны үед шаардлагатай бүхий багаж хэрэгсэл бий. Гэхдээ зарим нэг нь шинэчлэгдээгүй байх талтай.
-Гамшиг болсон газар нөхцөл байдал хүнд байх нь гарцаагүй. Айдас түгшүүр байв уу?
-Аврагч хүн ямар ч тохиолдолд сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх ёстой. Манай аврагчид гамшгийн бүсэд ажиллах сэтгэл зүйгээ сайтар бэлдсэн учраас айж сандрах зүйл гараагүй. Ар гэрийнхэн маань ч бидний ажлыг ойлгодог болохоор амжилт хүсч, дэмжиж байсан л даа.
Монголын аврагчид энэ сарын 15-19-ний хооронд буюу дөрвөн хоног тусламжийн бараа хүргэх, эрэн хайх аврах ажиллагаа явуулжээ. Токио хотоос 430 км-ийн зайд орших Сендай хотод Франц, Солонгос,Тайвань, ОХУ-ын аврагчид мөн ажилласан байна. Япон улсын Гадаад харилцааны яамны удирдлагууд болон бусад орны аврагчид монголын аврагчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг өндрөөр үнэлсэн аж. Манай улс аврагчдаа татах болсон шалтгаан, багаж хэрэгслийн хангамжийн талаар ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяраас тодрууллаа.
-Аврагчдаа татах шийдвэрийг яагаад гаргах болсон юм бэ?
-Богино хугацаанд манай аврагчид үр дүнтэй ажилласан. Гэхдээ амьд хүн аврах зорилготой явсан ч гамшгийн голомт болсон хотод амьд хүн үлдээгүй нь тодорхой болсон л доо. Нөгөө талаас Сендай хотоос 100 км-ийн зайтай Фукушимагийн атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж, хөргөх төхөөрөмж нь ажиллахгүй байснаас тодорхой хэмжээний хийг агаарт тархаасан юм билээ. Хэдийгээр энэ нь хүчтэй мэдэгдэхгүй ч хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй гэж үздэг. Ийм хоёр шалтгаанаар аврагчдаа татах шийдвэрийг гаргасан. Гэхдээ бид Токиод ирснийхээ дараа Японы Гадаад харилцааны яаманд хандаж, өөр газар ажиллах боломжтой эсэхийг лавлаад дараа нь эх орондоо ирлээ.
-Бусад орны аврагчид хэдэн өдөр ажилласан бол?
-Ер нь 2-5 өдөр л ажилласан. Манай аврагчдыг очдог өдөр Франц, ОХУ аврагчдаа татсан. Харин Тайвань, Солонгос улсууд энэ сарын 17-нд аврагчдаа татах шийдвэр гаргасан юм билээ. Хамгийн сүүлд монголын аврагчид гамшгийн бүсийг орхисон.
-Гамшгийн бүсэд ажиллах шаардлагатай багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж манай аврагчдад хангалттай байсан уу?
-Аливаа гамшиг осол улсад эрэн хайх, аврах ажиллагаа явуулах зардлыг тухайн улс нь бүрэн хариуцдаг. Тиймээс хоол хүнс, техник хэрэгслээ бүгдийг нь эндээс базааж явсан л даа. Бусад орны аврагчдаас илүү ч юм байсан, бас дутуу ч юм байсан нь гарцаагүй. Эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан тухайн бүсэд авч явсан техник хэрэгслээ бүгдийг нь хэрэглэх шаардлага гараагүй.
-Нийт зардлын хэмжээ хэд болсон бэ?
-Одоогоор нийт хэдэн төгрөгийн зардал гарсныг тооцоолж гаргаагүй байна.