МИАТ-ийн нислэг хэвийн үргэлжилнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн нислэг хэвийн үргэлжилнэ гэв

МИАТ компани гадаад руу нислэг үйлдэх эрхгүй боллоо гэсэн мэдээлэл өчигдрийн зарим хэвлэлд гарсан нь үнэн эсэхийг тодрууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон дээрх мэдээллийн мөрөөр тайлбар хийхдээ юуны өмнө МИАТ компанийн олон улсын нислэг хэвийн үргэлжилнэ гэдгийг онцолсон юм.

Европын холбооны иргэний нисэхийн удирдах газар буюу EASA -ын олгодог EASA145 гэрчилгээний хугацаа дууссан тул МИАТ компанийн агаарын хөлгүүдийн бүрэн бүтэн байдалд баталгаа гаргах боломжгүй болж, улмаар хүн тээвэрлэх олон улсын стандартад нийцэхгүй болж байна гэсэн утгатай мэдээлэл хэвлэлээр гарсан юм. Агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг дотооддоо хийх, аюулгүй байдлын баталгаа гаргах эрхийг олгодог дээрх гэрчилгээг EASA тухайн улс оронд хоёр жилийн хугацаагаар олгодог аж. Уг гэрчилгээг МИАТ компани 2009 оны гуравдугаар сарын 09-нд авсан бөгөөд манай тал гэрчилгээг сунгах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард EASA-д тавьсны дагуу ажлын хэсэг Монголд ирж ажиллажээ.  Тэдгээр мэргэжилтнүүд энэ оны нэгдүгээр сарын 24-нөөс 28-ны хооронд ажиллаад буцсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн EASA гэрчилгээг сунгах эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ хариугаа энэ сарын 23-нд буюу өнөөдөр ирүүлэх ёстой аж. Өчигдөр 16.00 цагийн байдлаар хариу ирээгүй байсан ч энэ байдал нь МИАТ компанийн нислэг үйлдэх эрхэд нөлөөлөхгүй гэж удирдлагууд нь мэдэгдлээ.

Монголд ажиллаад буцсан мэргэжлийн багийн зүгээс энэ сарын 18-нд МИАТ компанийн удирдлагад захидал ирүүлж, зарим зүйлийг тодруулахыг хүссэн юм байна. Гэтэл уг захидалд Монгол Улсыг гадаад руу нислэг хийх эрхгүй болж байгааг мэдэгдсэн хэмээн буруу ташаа мэдээллийг цацаж байна гэж МИАТ компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Үнэндээ энэ захидал нь зарим асуудлаар нэмж тодруулга авах зорилготой байжээ. Агаарын хөлгүүдэд техникийн аюулгүй ажиллагааны  талаас хүний хүчин зүйлээс үүдэлтэй зөрчил гарах тохиолдолд тухайн мэргэжилтэнд ял шийтгэл оноохгүй, ажлаас халах хүртэл арга хэмжээ авахгүй байх зарчим үйлчлэх боломжтой эсэхийг ажлын хэсэг тодруулахыг хүссэн байна. Учир нь Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын гэрээ, конвенцэд нэгдэн ажилладаг бөгөөд тэдгээр эрх зүйн актууд нь тухайн ажилтанд алдаагаа ухаарах, мэргэжлийн ур чадвараа ахиулах боломжийг олгох үүднээс хатуу арга хэмжээ авахаас зайлсхийх зарчмыг баримталдаг байна. Өөрөөр хэлбэл, олон улсын иргэний нисэхийн байгууллагуудад мөрддөг нийтлэг жишгийг дагаж мөрдөх боломж бий эсэхийг тодруулсан аж. Өнгөрсөн оны тавдугаар сард МИАТ ХК-ийн онгоцны далавчид үүссэн гэмтлийн улмаас зарим хүмүүс хуулийн хариуцлагад татагдан шалгагдаж байгаа учраас энэ талаар тодруулахыг зорьсон бололтой. EASA-ийн зүгээс тавьсан дээрх асуултад МИАТ-ын удирдлага хариу өгөхдөө тус компани нь 100 хувь төрийн өмчид байдгийг дурдаад Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа аливаа асуудалд компанийн зүгээс нөлөөлөх боломж байхгүй гэжээ.

Юутай ч Европод нислэг үйлдэхэд шаардагддаг EASA 145 гэрчилгээний хугацаа дуусч байгаа ч үүнийг дахин сунгахгүй гэсэн хариуг холбогдох байгууллагууд нэгэнт ирүүлээгүй байгаа учраас МИАТ компанид хүндрэл үүссэн гэж хэлэх нь учир дутагдалтай аж. Мөн удирдлагуудын зүгээс гэрчилгээг сунгана гэдэгт итгэлтэй байгаа юм байна.
 

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж