Ч.Сангарагчааг Ганцхудагт хорилоо

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчааг Ганцхудагт хорилоо

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хоёр өдөр хянан хэлэлцээд, өчигдөр орой Ч.Сангарагчаад 2,4 жил, АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, тус газрын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн ял оноолоо. Харин Тамгын газрын дарга Г.Бадарчийг гэм буруугүй гэж үзжээ. Шүүх хурал шийдвэр гаргасны дараа буюу өчигдөр оройн 22 цагийн үед ял сонссон хүмүүсийг Ганцхудагийн урьдчилан хорих төв рүү аваачсан юм.

Олны анхаарлын төвд байсан Ч.Сангарагчаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн 133.2 буюу Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тагнаж, чагнасан гэх хэргийн гол хохирогч гэх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг шүүх бүрэлдэхүүн хуралд  оролцуулаагүй юм. Үүний шалтгааны талаар өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар өгөх хүн алга. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр Э.Амарбат шүүх хуралд хохирогчоор биш гэрчээр татагдсан  мэдээлэл байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүгчид шүүх хурлын өмнөх өдөр буюу энэ сарын 19-ны өдөр  Э.Амарбатын хохирогчоор тогтоогдсон шийдвэрийг цуцалсан бололтой. Сануулахад, АТГ-ын дарга Ч.Сангарачаад Тагнуулын Ерөнхий газраас тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарын өрөөнд 15 хоног чагнах төхөөрөмж суурилуулсныг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Эл хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой ТЕГ-аас хэргийг шалгах үеэр Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон боловч мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй, дуудсан цагт ирэхгүй байгаа тул бүрэн эрхийг нь түтгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт гаргаж байсан юм. Үүний дараа УИХ-аас АТГ-ын даргын бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд, харин хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн билээ. Тэгэхээр тухайн үед АТГ-ын дарга Ч.Сангарагчаа ажилтнаа тагнаж чагнасан гэдгээр ТЕГ-аас Эрүүгийн хэрэгт татагдан шалгуулж,  хохирогчоор түүний удирдлага дор ажиллаж байсан  Э.Амарбат болон  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарыг тогтоосон байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас ажилтнаа тагнаж, чагнасан гэх хэрэгт шүүгдэгч Ч.Сангарагчаагаас гадна АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг сэжигтнээр татан, баривчилж, Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд хорьсон. Түүнийг баривчилснаас хойш  14 хоногийн дараа сулласан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байжээ. Ийн АТГ-ын дарга  Ч.Сангарагчаагийн гэх тодотголтой хэд хэдэн хүнд холбогдох хэргийг хяналтын шатнаас шүүхийн шат руу шилжүүлсэн юм. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчид уг хэрэгтэй хоёр сар гаруй хугацаанд танилцсаны дараа уржигдраас хэргийг хэлэлцэж эхэлсэн нь энэ юм.

Уг хэрэгт шүүгдэж буй Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд төрийн нууц задруулсан  гэх зүйлчлэлээр яллаж байгаа учраас шүүх хуралдаан анхнаасаа хаалттай хэлэлцэж байгаа тул ямар нэгэн мэдээлэл авахад хүнд байлаа. Өчигдөр тэдэнд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн  хянан хэлэлцэж байгаад  13.10 цагаас түр завсарлан, 13.40 цагт шүүх ажиллагааг үргэлжлүүлсэн билээ. Харин уржигдар  10.00 цагаас   тус дүүргийн шүүхийн танхимд Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн  гэрчүүдийн мэдүүлгийг хэлэлцэж дууссан бол өчигдөр шүүгдэгчдийн өмгөөлөгчид өмгөөллийн ажиллагаа явуулж үндсэндээ хоёр өдөр  хуралдлаа. Чингэлтэй дүүргийн  шүүхэд энэ хэргийн шүүх хурал эхний өдрөө өглөөний 10.00 цагаас эхэлж, оройн 21.40 цагт завсарласан юм. Эхний өдрийн шүүх хурлын дараа Ч.Сангарагчаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн гурван албан хаагч, энгийн хувцастай хоёр эрэгтэй нийт таван хүнээр хүрээлүүлэн их л сүр дуулиантай гарч одсон билээ. Сонин, телевизийн зураглаач, гэрэл зурагчдыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн гурван албан хаагч  Ч.Сангарагчаагаас холдуулан түлхэснээр зураг авах боломжийг хязгаарлаж байлаа.

Ямартай ч олны анхаарлыг татаж байсан энэ хэргийн шүүхийн анхны шийдвэрээр ийн шийдэгдлээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж