
УИХ-ын сонгууль хийх өдрийг зарлан товлохтой холбоотойгоор оруулж ирсэн дээрх тогтоолын төслийн хүрээнд санал хураалтыг автомат машинаар уншуулж дүнг гаргана гэсэн нь УИХ-ын гишүүдийн дунд нэлээд хэлэлцүүлэг өрнүүллээ. УИХ-ын гишүүн Д.Энхбатын тайлбарласнаар АНУ-аас оруулж ирсэн саналын хуудсыг тоолох уг автомат машинд 100 хувь итгэхэд бэрх аж. Хэрвээ сонгогч саналын хуудасны тэмдэглэгээ хийх хэсэгт тэмдэглэгээ хийгээгүй, өөр газарт хийсэн тохиолдолд уг машин нь шууд хүчинтэй гэж тоолно. Хуулиараа бол санал тэмдэглэхээс бусад газарт сонгогч тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тэр нь хүчингүй болох ёстой. Хоёрдугаарт, санал хураалтын дүнг унших автомат машины програм хангамжийг шалгах цаг хомс. Уг нь бол мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн хэдэн арван хүн тэрхүү програм хангамжийг судлахад нэлээд хэд хоног шаардах атал цаад газрын тавьж буй шаардлагаар бол нэг өрөөнд хальт нягтлуулаад л болох. Энэ мэтчлэн эргэлзээтэй зүйлүүд байгаа тул УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа нэн яаралтай өөрчлөлт оруулж санал хураалтыг давхар гараар тоолно гэсэн заалт хийх шаардлага бас байна” гэдэг асуудлыг хөндсөн юм. Харин тус байнгын хорооны дарга эл асуудлыг тусад нь авч үзэж ярихгүй бол дуусахгүй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тиймээс зөвхөн УИХ-ын сонгуулийн тов зарлах асуудлаа тойрч ярих нь зүйтэй байна гэж үзсэн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байна.