“Денисон майнз” лиценз эзэмшихийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

“Денисон майнз” лиценз эзэмшихийг хүсчээ

“Денисон майнз” ураны ашиглалтын лиценз эзэмших сонирхлоо илэрхийлжээ.

Монголд ураны хайгуулын лиценз бүхий гадаадын хөрөнгө оруулалттай
компаниудын нэг болох “Гурван сайхан” хамтарсан компанийн АНУ-ын талын
хувийг эзэмшигч Denison Mines корпорацитай холбоотой нэгэн мэдээлэл
www.benzinga.com сайтад тавигджээ. Уг мэдээлэлд өгүүлснээр Монголын
Дорноговь дахь ураны орд газрынхаа нөөцийг шинэчилж тогтоосноо Denison
Mines корпораци мэдэгдсэн байна. Нөөцийн хэмжээг тодорхой мэдээлээгүй ч
тус корпораци 2007-2008 оны хооронд Хайрхан ордын төвд хайгуул хийж, 118
метрийн гүнээс 151 хувийн ил илэрцтэй 67 хувийн ураны нөөцийг илрүүлсэн
гэжээ. Нөөцийн дээж ордын хоёр метрийн гүнээс 0.02 хувьтай байсан гэнэ.
Мөн Хайрханы ураны ордыг ISR (In Situ Recovery) техникийн тусламжтай
олборлоход тохиромжтой гэж үзэж байгаагаа мэдэгдээд нөөцийг NI 43-101
стандартаар тогтоосон гэжээ.

“Тус корпораци Хайрхан ордыг  “Гурван сайхан” хамтын ажиллагааны хүрээнд
эзэмшдэг бөгөөд Denison Mines 70 хувийг, Монголын талаас төрийн мэдлийн
Mon-Atom LLC компани 15 хувийг, Оросын Geologorazvedka концерн 15
хувийг тус тус эзэмшдэг байна. “Гурван сайхан” Монголын Дорноговь аймагт
нийт 181,574  гектар талбай бүхий зургаан ордын хайгуулын лиценз
эзэмшдэг аж” хэмээн дээрх мэдээлэлд дурдсан байна.

Түүх сөхвөл “Гурвансайхан” компани нь 1994 онд Монгол, Орос, Бермуда
улсуудын хувь нийлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт ураны геологийн
судалгаа гүйцэтгэхээр байгуулагдаж байжээ. Тухайн үед компанийг үүсгэн
байгуулахдаа хувь эзэмшил, гурван талын оролцоог дараах байдлаар
тохирсон байжээ. Монголын талын оролцоо нь геологийн судалгаа гүйцэтгэх
талбайнуудаар хангах ба 15 хувийг нь эзэмших, Оросын талын оролцоо нь
ураны геологийн судалгааг гүйцэтгэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах
ба мөн 15 хувийг эзэмшихээр тохиролцжээ. Харин Бермуда улсын “Энержи
Фьюэлз” компани нь ураны геологийн судалгаа гүйцэтгэхэд шаардагдах
хөрөнгө оруулалтыг гаргах ба 70 хувийг эзэмшихээр тохирсон байна. Дараа
нь “Энержи Фьюэлз” компанийн эзэмшлийн хувь “Интернейшнл Юраниум Лтд”
компанийн эзэмшилд шилжиж очсон байна. Дээрх компани нь АНУ-ын “Денисон
майнс” компанийн мэдэлд байдаг компани юм. АНУ-ын “Денисон майнс”
компани ийнхүү эзэмшлийн хувийг шилжүүлж авснаар “Гурвансайхан” компани
нь Монгол-Орос-АНУ-ын хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөгджээ.
Тухайн үед гэрээнд зааснаар Дорноговь аймгийн Чойр, Өлзийт, Хайрхан,
Өндөр шил, Гурвансайханы хотгор зэрэг газарт хайгуулын ажил хийхээр
болсон байна.

Дээр дурдсан эх сурвалжид өгүүлснээр Denison Mines корпораци дараагийн
алхамд хайгуулын лицензийг олборлолтын лиценз болгохыг зорьж буй гээд
2009 онд Монголын парламентаас баталсан Цөмийн энергийн хуулийн дагуу
талуудын хамтын ажиллагааны бүтэц, эзэмшилтэй холбоотой асуудлууд үүссэн
талаар дурджээ. Тус корпораци Монголын Засгийн газар энэ асуудлаа
шийдэж, хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа аж. Өөрөөр
хэлбэл, Цөмийн энергийн хуулийн дагуу Монголын талын оролцоо 34 хувиас
багагүй, 51 хувиас ихгүй байх шаардлагатайг энд өгүүлж буй бололтой.
“Гурван сайхан” компанийн Монголын талын оролцоог цаашид нэмэх нь
холбогдох хуулийн хүрээнд үүсч буй зайлшгүй асуудал юм. Харин энд
онцлоход одоогоор ураны ордын ашиглалтын лиценз эзэмшиж буй нэг ч
компани байхгүй юм.

З.ОРГИЛ     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж